• Эхлэл
  • ”Хүлэг” брэнд Н.Энхбатад зориулан футболк гаргалаа

”Хүлэг” брэнд Н.Энхбатад зориулан футболк гаргалаа

2018/10/02

Яг 30 жилийн өмнө энэ өдөр буюу 1988 оны аравдугаар сарын 2-нд Монголын тамирчин Нэргүйн ЭНХБАТ Сөүлийн олимпийн боксын 60 кг-д олимпийн хүрэл медаль хүртэн, Монголын спорт, боксын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Энэ медаль Монголын боксчдын олимпийн анхны, Сөүлийн олимпоос манай баг тамирчдын авсан цорын ганц медаль байснаараа үнэ цэнтэй шагнал юм.
Чухам энэ түүхэн үйл явдалд зориулан МУГЖ Д.Жаргалсайхан  “Тамирчны алдар” дуугаа зохиосон нь эдүгээ Монголын спортын сүлд дуу болоод буй. Кубын Орта, Эррера зэрэг  аваргууд, дэлхийн хамгийн шилдэг боксчдыг олон удаа, илт давуу буулган авч, ур чадвараараа шагшигдаж явсан Н.Энхбат үүнээс ч илүү амжилт гаргаж, олимп, дэлхийд түрүүлэх боломжтой байсан юм.

Харамсалтай нь ид торгон иртэй 23 настайдаа 1985 оны дэлхийн аваргад визний асуудлын улмаас өрсөлдөж чадаагүй бол 1984 оны олимпод социалист улсууд оролцохоос татгалзсанаар онцгой чухал мөчлөгөө алдав. Гэвч олимпийг орлуулж соц орнуудын дунд зохион явуулсан “Найрамдал-84” тоглолтын аваргын төлөө олимпийн хошой аварга Анхель Эррератай энэ тэнцүү тоглосон ч шүүгчдийн 2:3 саналаар мөнгөн медаль авч байлаа.
Н.Энхбат Сөүлийн олимпийн мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Шведийн Крамарыг хурд, техникээр илүүрхсэн боловч Германы боксчинд түрүүлэх замыг нь засч, өрсөлдөгчийнх нь гарыг өргүүлж, олимпийн аварга болсон Германы боксчныг нутагт нь биедээ нэг ч хүргэлгүй шахам 5:0-оор илт давуу ялж байсан түүхтэй. БНМАУ-ын Спортын гавъяат мастер хэмээх цол, тэмдгийн хамгийн сүүлчийнх нь эзэн Н.Энхбат хоёр нийгэм шилжих хүнд хэцүү үед ёстой л борцтой шөлөө буцалгасаар бор зүрхээрээ ийм амжилтанд хүрсэн. Азийн аварга, А зэрэглэлийн “Химийн цом”, “Алтан бүс” хошой аварга, улсын 6 удаагийн аварга, дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 7 удаа бичигдсэн Н.Энхбат булган сүүл дагуулан, Монголын боксчид олимпоос 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Тиймээс Монголын боксчид олимпоос медаль хүртсэн түүхэн энэ өдөр “Хүлэг” брэнд Сөүлийн олимпийн бэлгэдэл, Нэргүйн Энхбатын ид үеийн зураг, хүрэл медаль, онцлох тоглолтын агшнуудаар чимэглэсэн дурсгалын футболк гаргажээ.

Домогт боксчин Америкт олон жил аж төрж байгаад эх орондоо буцаж ирээд байгаа юм. Ийн Монголын боксчдын нэрийг олимпийн дэвжээнд дархалсан  Гавьяат тамирчин Н.Энхбатад “Хүлэг” брэндийн онцгой энэ бүтээлийг өнөөдөр өөрт нь дурсгал болгон гардуулах юм байна.
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй ээ...


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин