• Эхлэл
  • Гурван мянган морин хуурчийн удирдагч багш

Гурван мянган морин хуурчийн удирдагч багш

2018/11/27

-Ю.ДЭЛГЭРНАСАН: АНХ Я.САНЖМЯТАВ ДАРГА МЯНГАН МОРИН ХУУРЧ ТОГЛУУЛАХ ТУХАЙ ЯРИХАД СЭТГЭЛД БУУГААГҮЙ-

 

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул,  морин хуурын багш Ю.Дэлгэрнасан 999, 2222, 3000 морин хуурчийг удирдан тоглуулсан онцгой түүхтэй.  Өдгөө тэрбээр нийслэлд “Этүгэний аялгуу”,  Завханд “Очирвааний эгшиглэн” морин хуурын сургалтын төв ажиллуулдаг.  Улаанбаатарт дөрвөн сургуульд  сургалт хийдэг ажээ.  Нийслэлд 120 гаруй хүүхэд түүний  морин хуурын сургалтанд тогтмол хамрагддаг байна.  “Эрдмийн өргөө”, “Ирээдүй”, 93 дугаар сургууль,  14 дүгээр сургууль, “Этүгэн” сургуулиудад хичээл заадаг гэнэ шүү.

 

 

 

-Таны тухай ярихад  олон тоо дурдах шаардлагатай болдог. Олон хүүхдийг яаж зэрэг сургадаг нь сонин байна?

-Анх 2011 онд Отгон тэнгэр хайрхны тахилгын үеэр анхны тоглолтонд 999 хүүхэд оролцсон.  Дараа нь аймгийн баярт, долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбай дээр тоглосон шүү дээ. Анхны мянган морин хуурчийн тоглолт юм. Гэхдээ нэг аймгийнх гэдгээрээ онцлог. Дараа нь 2013 онд Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой  тохиосон юм. Энэ тоогоор билгэдэж 2222  морин хуурч тоглуулсан.  Мөн л Завханыхан. Энэ жил Завхан аймгийн Улиастай хотод “Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” арга хэмжээний хүрээнд 3000 морин хуурч оролцсон тоглолт  есдүгээр сарын 20-нд болсон юм. Урьд нь Завхан аймгийн 24 сумаас ирж байсан бол  энэ удаагийнх есөн аймаг, найман дүүрэг, Завхан оролцоод эх орны өнцөг булан бүрээс ирсэн 3000 морин хуурч нэг дор чуулж тоглосноороо онцлог. 

-Завханыхан бүгд морин хуур тоглодог уу?

-Манайх арван мянга гаруй хүүхэдтэй. Түүний цөөхөн хувь нь морин хуур тоглодог гэсэн үг. Гэхдээ олон айл морин хууртай, түүнийгээ амилуулдаг хүнтэй болсон.  Өмнө нь бол өлгөдөг тахьдаг билгэдлийн чанартай байсан. Ерөнхийдөө Улаанбаатарт арван оюутан ирж сурлаа гэхэд гурав нь морин хуур тоглодог байх жишээтэй.

-Олноор нь сургахад юу нөлөөлөв. Гэнэт яагаад энэ олон хүүхэд морин хуур сонирхдог болчихов?

-2002 онд морин хуур сурч, түгээн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  П.Очирбат Ерөнхийлөгчийн үед Төрийн Хан хуур залж, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах зарлиг гараад энэ хүрээнд улсаас маш олон арга хэмжээ авч байлаа.  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 800 морин хуурч тоглуулж байсан.  Алдархаан сумандаа 2004 онд  анх морин хуурын хамтлаг  байгуулсан.  Ийм хэмжээнд хүрнэ гэж  бодоогүй л дээ.  Багш болох гэж ядаж байсан үе.  Хүүхдэд морин хуур заая л гэсэн юм. Анхны есөн хүүхдийн сургалт амжилттай болж,  аймгийн элдэв арга хэмжээнд  манай хүүхдүүд уригддаг байлаа. Аяндаа морин хуур тоглох сонирхолтой хүүхдүүд олширсон. 2007 онд ЮНЕСКО-гоос Морин хуурын наадам зохион байгуулав.  Тэгэхэд Завханыг төлөөлж, Алдархаан сумаас 21 хүүхэд оролцсон юм.  Тэр үед Я.Санжмятав дарга УИХын гишүүн байсан.  Хаалтын үеэр талбайд аймгуудын төлөөлөл гурав, дөрвөн номер үзүүлсэн юм. Тухайн үед бид Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан багшийн “Дуут нуур”-ын  аялгууг морин хуураар тоглож үзүүлсэн юм.  Я.Санжмятав дарга хүүхдүүдэд бэлэг өгч, анх уулзахдаа 1000 морин хуурч тоглуулах тухай ярьсан юм. Тэгэхэд миний сэтгэлд буугаагүй, сонсоод л өнгөрсөн.  2008 оны сонгуулиар мань хүн аймгийн Засаг дарга болсон.  Би суманд байлаа. Намайг дуудаж уулзаад,  мянган морин хуурч тоглуулмаар байна гээд ярьсан. Арав, хорин хүүхдээ яая гэдэг байхад мянгыг цуглуулж сургана гэдэг тухайн үед хол сонсогдож байв. Надад итгэл өгч,  ажиллая гэдэг итгэл үнэмшил төрсөн.  2009 оноос сургалтаа эхэлсэн дээ.  Яаж олноор нь сургасан  гэж та асуусан шүү дээ. Анх есөн хүүхэд сургасан. Хүүхдүүд нэгнийгээ харж дуурайгаад арав, хорь, гуч, дөч болсон. Түрүүчийн сурсан нь дараагийн хүүхэддээ заах маягаар явсан юм.  Ерөнхийд нь би чиглүүлсэн. Анх 2009 онд 24 сумаар тойрч,  29 сургуулиас хоёр хоёр хүүхэд аваад,   юу ч мэдэхгүй 86  хүүхэд цугласан.  Нөгөө хүүхдүүдээ овоо сургаад, тэд маань сум сумандаа  бусад хүүхдэдээ заагаад хоёр хүүхэд хорин хүүхэд болоод явсан. Хөгжмийн багш нарыг нь сургалтанд суулгасан.   Хавар, намар, өвөл шат дараатай сургалт хийсэн юм. Зуны амралын үеэр ч сургалт хийсэн.   Үндсэндээ мянган морин хуурч ингэж бүрдсэн юм.

-Та олон хүүхэд морин хуур сургах ноу хаутай юм байна?

 -Би сумынхаа Соёлын төвд хөгжмийн багшаар  долоон жил ажиллаад, үлдсэн хугацаанд нь Соёлын төвийн эрхлэгч хийсэн.  Завханы Боловсролын газарт  мэргэжилтнээр таван жил ажилласан.  Дараа нь Боловсролын яамны хэрэгжилтийн баг гэж  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг багт ажилласан. Тэр үед шилдэг арга туршлагатай  багш  гэж  улсын хэмжээнд шалгаруулсан юм.    Технологийн үндэсний сан гэж Л.Гантөмөр сайдын үед бий болгосон. Намайг хүүхдийг хүүхдээр нь сургах арга нэвтрүүлсэн гэж тэд тодорхойлсон юм.

 -Тэр олон морин хуурч тоглохоор ямархуу энерги мэдрэгддэг вэ?

 -Мянган морин хуурч тоглоод эхлэхээр зарим хүн уйлж байсан.  Олон морин хуур хүнгэнэхэд  амьсгаа давхцаж, дотроос нэг юм түлхэх шиг болдог. Сая 3000 морин хуурч цуглахад олон газраас ирсэн хүн нийлэх үү гээд асуудал байсан. Өмнөх хоёр дээр нь бүгдтэй нь ажилласан болохоор итгэлтэй байсан л даа.  3000 морин хуурч тоглоход сайн, муугаар нэлээд шуугилаа. Хэзээ ч мартаж болохгүй үндэсний өв соёл,  монгол гэдгийг маань илэрхийлдэг зүйл морин хуур маань шүү дээ.  ЮНЕСКО  морин хуурыг соёлын өвөөр бүртгэсэн.  Энэ бол монгол дархлаа. Бид өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллах үе байсан. Энэ бяцхан хүүхдүүд морин хуур тоглож сурах гэж гар хуруунаасаа цус шүүрэх шахтал суух үе байсан.  Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүд сурч эхэлж байна. 

-Тэр олон  хүүхэд  сайн муу тоглож болно. Гэхдээ урлагийн мэдрэмжтэй, монгол  хүн гэдгээ илүүтэй мэдэрсэн иргэд төлөвших байх л даа?

-Морин  хуур сурах явцдаа хүүхэд нүдэнд харагдаж, гарт баригдахгүй олон зүйлийг олж авна.  Бэлтгэл хийгээд суухад хүйтэн ч бай халуун ч бай, бороо цас орж байсан ч гурав, дөрвөн цаг сууж байгаа.  Ингэж тэсвэр суудаг. Тангадын Галсан гуай хэлж байсан. “Морин хуур, уртын дуу сонсч өссөн хүүхэд хүн рүү хутга барьж дайрахгүй  болно” гэж.   Одооны хүүхдүүд техниктэй,  сошиал орчинд бодит бус харьцаанд  их ордог.

 -Монгол хүн гэдгээ мэдрэх боломжийг нь олгоогүй байж, Монголоо алдлаа гэж зэмлэх бас учир дутагдалтай л юм байна?

 -Өнгөрсөн дөрвөн жил “Авьяас” хөтөлбөр зарлахад хүүхдийн авьяасыг хөгжүүлэх гэж улс орон даяар буцаллаа шүү дээ. Жишээ нь намайг наймдугаар анги төгстөл “Тодорсон авьяасгүй” гээд хувийн хэрэгт маань бичсэн байлаа.  Би сумын төвийн хүүхэд байсан болохоор малаа л боддог.

 Гэтэл одоо би урлагаар яваад байгаа шүү дээ. Ингээд бодохоор хүний  амьдрал таашгүй.

 -Тэгээд таны авьяас яаж тодорчихов?

 -Тэр Үлгэрийн далай шиг л юм болно. 1992 онд наймдугаар анги төгсөөд,  мал дээр гарсан. Долоон жил мал маллаад, 1999 онд  сумын Соёлын төвд хөгжмийн багш байсан.  Манайхан уг нь авьяастай. Ээж, аав маань хулсан хуураар тоглодог байлаа.  Аав маань социализмын үед баянхуур тоглодог. Эгч сумын Соёлын төвд хөгжимчин байгаад аймаг руу шилжсэн. Би касио хөгжмөөр ганц нэг бүжгийн ая тоглодог.  Энэ бүхнийг бодсон юм уу намайг Соёлын  төвд хөгжимчнөөр ор гэсэн юм. Ажилд орж, цалин авч байвал хамаагүй гээд орчихсон.   Тун удалгүй шинэ жил болж дүнгээ тавиулсан даа. 2002 оноос Завханы хөгжим бүжгийн коллежид эчнээгээр сурч төгссөн. Оройгоор аравдугаар анги төгссөн.  Хөгжим бүжигт орохдоо морин хуурын ангид  сурч төгссөн. Хүн сурч дуусдаггүй юм байна. Одоо ч сурах үйл явц маань үргэлжилж байгаа.

 -Шавь нар тань ямар амжилт үзүүлэв?

 -Морин хуураар шавь нар маань надаас илүү амжилт үзүүлсэн. Улсын уралдаанд нэг хүүхэд түрүүлсэн. Олон уралдаан тэмцээнд хүүхдүүд маань амжилт гаргасан.  Надад бол уралдаан тэмцээн гэхээсээ нэг ч гэсэн монгол хүүхэд морин хуур сурах нь чухал.  Нэг хүн хэлсэн юм. “Өөр шиг чинь азтай багш байхгүй” гэж. Яагаад гэвэл бага ангийн  багш  30 жил ажиллахдаа 300 шавьтай болдог юм байна л даа.  Би  5000-6000 хүүхдэд хичээл заасан.  Сая 3000 морин хуур тоглуулахад хамгийн гоё нь эхний  999 хүүхэд маань долоон жилийн дараа эргэж цугласан.

 -Я.Санжмятав гуай 1000 морин хуурч тоглоход яаж хүлээж авсан бэ, мөрөөдөл нь биелэсэн юм биш үү?

 -Тийм. Талбай дээр тоглочихоод  Спорт цогцолборт Завханыханд тоглосон юм. Тэр орой  мань хүн хүлээн авалт хийгээд, түүнийгээ их гоё нэрлэсэн. “Нэгэн их хүсэл биелэсний баяр” гэж. Бүх тусалсан хүмүүсээ цуглуулсан.  Я.Санжмятав гэж хүн санаачилж, Ю.Дэлгэрнасан гэж хүн гүйцэтгэсэн харагдаад байгаа юм.  Энэ ажилд сургуулийн үйлчлэгч хүртэл холбоотой. Би бол тэр ч хамаатай, энэ ч хамаатай гэж ярих дуртай. Эцэг эхчүүд, сумын малчин ч оролцсон.

 -Сумын малчин яаж оролцсон юм бэ?

 -Ганц хонь өгөхөд оролцсон л гэнэ биз дээ.  Морин хуурыг ойлгодог дэмждэг хүмүүс маш их болсон. Үндэсний өв соёлоо хөгжүүлэхэд гар сунгаж, сэтгэл оюунаа  чилээсэн хүмүүс олон.  Сая 3000 морин хуурч тоглоход аймгууд,  яам, Нийслэлийн боловсролын газар, хотын захиргааныхан  ч сайхан хамтарсан. Тэрний хүчинд олон хүн цуглаж, монголчууд маш богино хугацаанд морин хууран дээр нэгдэж чадлаа. Эх орны  өнцөг булан бүрээс мундаг багш нар очсон. Тэр багш нар ч намайг бос гэхээр босоод, суу гэхээр сууж байгаа нь гоё. Том зорилгод хүмүүс нэгдэж чаддаг юм байна.  Завханд 3000 хүүхэд орж гарна, босно сууна, тоглоно гэдэг амаргүй.  Сум сумаар нь хуваахад 999 хүүхэд маань 11 баг болсон.  Нэг нь 20 гаруй хүүхэдтэй.  Хамгийн хурднаар суух ёстой, гурван минутанд хуураа хөглөнө гэхэд  20 секунтэд багтаад сууцгааж байгаа юм.  Эхний 999 хүүхэд маань цагийн өмнө цуглаж, цагийн хойно тарж маргааш юу хийхээ төлөвлөөд тарна. Асуудал гарвал сургуулиудад очиж ажиллана.  Тэр нь үнэхээр гоё байсан.  Дэмий ч ажиллаагүй юм байна гэж бодогдсон.  3000 хүүхэд цуглаж тоглоод,  нутагтаа буцаж, хамгийн сүүлд Хөвсгөлийнхөн  сайн харилаа гэсэн мэдээг сонсоод сонин мэдрэмж төрдөг юм билээ.  Таны асуусан тоглож байх үеийн мэдрэмжээс илүү сайхан санагдсан. Бүх юм асуудалгүй, нэг ч хүүхдийн хамраас цус гараагүй гэж бодогдоход  хоолой зангирч байсан. 

-Танд өөрийнхөө тоглолтыг хийх бодол байдаг уу?

-Багш, тоглооч хоёр өөр. Уран бүтээлч хүн түүндээ л бүх цаг хугацаагаа зарцуулна.  Багш бол хүүхдээ л бодно. Бид ноднин “UB palacе”-т 300  морин хуурчийн тоглолт хийсэн.  Тайзны бүтээл, массыг хамарсан тоглолтоос өөр л дөө. Болмоор л юм билээ.  Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуай  “Хүү минь чамд баярлалаа.  Ийм олон морин хуурчтай тайзан дээр гарч тоглож үзээгүй юм байна” гэсэн. Өөрийн тоглолтоо хийнэ гэж боддоггүй.

-Таны зааж байсан хүүхдүүдээс мэргэжлийн морин хуурчид гарсан уу?

 -СУИС-д хоёр хүүхэд сурч байна.  Хөгжмийн багшийн ангид бол маш олон хүүхэд явж байгаа.

 

ЭХ СУРВАЛЖ:Б.ЯНЖМАА

“АРДЧИЛАЛ ТАЙМС”

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин