Франц дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг Орос зохион байгуулсан уу

2018.12.11

Украины Аюулгүй байдлын алба Оросын тусгай албыг Францад эмх замбараагүй байдал үүсгэхэд оролцсон гэж буруутгажээ. Аюулгүйн алба үүнийгээ Парисаас ирсэн гэрэл зураг дээр шар хантаазтай хоёр хүн өөрсдийгөө тусгаар тогтносон гэж зарлаад байгаа Донецкийн бүгд найрамдах улсын далбаа барьсан байгаа нь баталгаа гэсэн байна. Украины тусгай алба үүнийг Донбасс улстай холбоотой гэж баталж байгаа юм байна.

Тэр хоёрын нэг нь шинжилгээний “Катехон” төвийн гишүүн Сорлин Фабрис, нөгөө нь “Европын старатегийн шинжилгээний Stratpol төвийг үндэслэгч Ксавье Моро гэж Украины тусгай алба баталж байна. Моро нь 2013 оноос Оросын иргэн байгаа, “Дорнод Франц-Доабассын эв нэгдэл” байгууллагын зохицуулагч юм байна.

Нөгөө талаар Оросын тусгай алба европын хэт даврагч хэдэн зуун хүнийг Крым, Донбасст болсон сонгуулийг будлиантуулахаар элсүүлсэн, энэ нь тэдэнд “хувьсгалын туршлага” болсон гэжээ. Одоо энэ хэт даврагчид Европт үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа нь энэ гэж Украины Аюулгүйн алба мэдэгдсэн байна.

“Тэд Францад энгийн жагсагчдын араас гүйлдэн эмх замбараагүй байдалд уриалан, хүчирхийлэл рүү түлхэж байна. Украины Аюулгүйн албаны мэдээллээр бол оросын тусгай алба ийм өдөн хатгалга үймээнийг Белги, Испани, Болгар, европын бусад орнуудад зохион байгуулж мэднэ” гэж Украины Аюулгүйн албаны Facebook дэх мэдэгдэлд дурджээ. 

 

ФРАНЦЧУУДЫН БАЙР СУУРЬ

Үүнтэй холбоотойгоор Францын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдлыг зохион байгуулахад Орос оролцсон эсэхийг шалгаж эхэлсэн гэж Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгдлээ гэж ria.ru мэдээлсэн байна.

“Би энэ яриаг сонссон” гэж сайд хэлээд, үүний дараа л би энэ хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй гэж уриалсан.”Өнөөдөртөө энэ мэдээлэл баримттай юу үгүй юу гэдгийг би шүүхгүй” гэсэн байна. Өнөөдөр Парис, Москва хоёр зарим асуудлаар өөр өөр байр суурьтай байгаа ч хамтран ажиллаж байгаа ажил асуудлаар ижил байр суурьтай байдаг гэдгээ бас тэмдэглэжээ.

 

ОРОСЫН ХАНДЛАГА

Ингэж буруутгасны хариуд Оросын Холбооны хурлын хоёр танхим тайлбар хийсэн байна. ОХУ-ын Төрийн Думын Олон улсын асуудлаарх хорооны орлогч дарга Алексей Чепа Францад энэ асуудлаар мөрдөн шалгаж эхэлсэн нь бүхий л зүйлд Москваг буруутгах гэсэн хэрэг гэжээ.

Холбооны зөвлөлийн Олон улсын хорооны тэргүүн Константин Косачев “Парис яг л Лондон, Киевийн өдөөн хатгагчдын мөрөөр явж байна” гэсэн байна. Тэр бас энэ бүхэн өөрийнхөө ард түмнийг хүндэтгээгүй, францын нийгэм  яагаад ийм эсэргүүцэл үзүүлэх болсныг ойлгоогүйн жишээ гэжээ. Сенатч “дэлхий дахины бүтэлгүйчүүдийн жагсаалтад өөрийнхөө алдаа дутагдлыг Орост наах гэсэн энэ оролдлого гарцаагүй орно” гэсэн байна.

 

БРИТАНИЙН ХЭВЛЭЛҮҮДИЙН БУРУУТГАЛ

Францад болж байгаа гудамжны эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжиж байгаа нь Москватай холбоотой гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ, Twitter-т өдөр бүр 1500 гаруй нийтлэгдэж байна гэж Британийн Times сонин мэдээлж байна.

Үүнээс гадна эдгээр бичлэгүүдэд шархдаж гэмтсэн хүмүүсийн зургуудыг тавьж, францын цагдаа нарын  харгис хэрцгий байгааг харуулахыг эрмэлзэж байгаа гэнэ.

Францад бензин шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэж бухимдсан иргэд арваннэгдүгээр сарын 17-ноос шар хантааз өмсөн гудамжинд гарч жагсан эсэргүүүцлээ илэрхийлж байснаа сүүлдээ энэ нь улс орныхоо нийгэм эдийн засгийн байдалд таагүй байгаа илэрхийлэн эмх замбараагүй байдал болж хувирсан юм.

Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, автомашин, дэлгүүр мухлаг, банкуудыг шатааж эхэлжээ. Энэ бүхний явцад 400 гаруй хүн бэртэж гэмтсэн бол хууль сахиулагчид 1700 гаруй хүнийг баривчлан саатуулаад байгаа юм.

Бусад орны дотоод хэрэгт оролцсон нь дотоодын нь улс төрийн нөхцөл байдалд нөлөөлж байна гэсэн энэ буруутгалыг Москва нэг бус удаа няцаасан юм.


ИХ УНШСАН
    Сонин хачин