• Эхлэл
  • Ажил мэргэжлийн онцлогийг харуулсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн

Ажил мэргэжлийн онцлогийг харуулсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн

2018/12/21

ФОТО СУРВАЛЖЛАГА:

Жамаараа яваа бүхэн чимээгүй гэдэг. Яг түүн шиг бидэнд амгалан тайван амьдрах бололцоог олгодог цагдаагийн алба хаагчид өөрт ногдсон үүргээ чимээгүйхэн гүйцэтгэсээр. Тэдний ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Миний ажил-Миний бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн “Блю Мон” төвийн “Norphei Art gallery”-д нээлтээ хийлээ. Цагдаа гэхээр л торгодог, ­­шийтгэдэг, ууртай хүн гэсэн үг биш. Хүсч, мөрөөдөж цагдаагийн дэд ахлагч цолоо авчихаад, анхны хүүгээ тэврээд инээмсэглэж зогсох залуугийн зураг хүн бүрийн анхаарлыг татна. Тэд ч гэсэн хэн нэгний аав, ах, хүү, дүү болохоор тэр юм болов уу. Цагдаагийн алба хаагчийн дахин давтагдашгүй, жаргалтай агшныг гэрэл зургийн хальсанд мөнхөлсөн хүн бол цагдаагийн дэслэгч С.Нанжид. Тэрбээр, “Цагдаагийн байгууллагад би дөрөв дэх жилдээ зурагчнаар ажиллаж байна. Алба хаагчдынхаа шинэ цол, шагнал аваад баярлаж байгаа агшин бүрийг гэрэл зургийн хальсанд буулгахыг хичээдэг. Хэдэн жилийн дараа тэр хүмүүст зургийг нь гаргаж өгөхөд маш их баярладаг. Ажлаасаа авдаг олон кайфын нэг бол энэ” гэж ярьсан юм. Мөн тэрбээр “Цагдаагийн алба хаагчдын хувьд нохой маань үнэнч хамтрагч, шилдэг алба хаагч байдаг. Энд харагдаж байгаа Уран нэртэй нохой маань хүн амины илрэхгүй байсан хэргийг илрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байсан манай шилдэг алба хаагч” гэв.

“Цагдаагийн алба хаагчдын хувьд нохой маань үнэнч хамтрагч, шилдэг алба хаагч байдаг”

Энэхүү үзэсгэлэнгийн талаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нарийн бичиг Ц.Батбаатар “Цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Өнөөдөр гэрэл зураг салбар салбартаа хөгжиж, төрөлжиж байна. Гэрэл зургийг дагнасан чиглэлээр хөгжүүлвэл амжилтад хүрнэ гэдгийг хүмүүс ойлгодог болжээ. Цагдаагийн байгууллагын ажилтнууд өөрсдөө дотор нь ажиллаж, өөрсдийнхөө ажил мэргэжлийн онцлогийг гаргасан болохоор мэргэжлийн гэрэл зурагчдаас дутахааргүй авсан нь харагдаж байна” гэлээ.

Гэрэл зургийн уралдаанд цагдаагийн болон дотоодын цэргийн 38 анги байгууллагаас 210 зураг ирсэн бөгөөд үзэсгэлэнд 80 зургийг дэлгэжээ. Энэ үеэр үзэсгэлэн сонирхож явсан тээврийн цагдаагийн албаны сэтгэлзүйч Э.Бямбажаргал ингэж ярьлаа. “Цагдаагийн байгууллагад ажиллана гэдэг бол миний бахархал. Бахархал болсон ажил мэргэжлийн минь онцлогийг харуулсан ийм үзэсгэлэн нээгдсэнд тун баяртай байна. Ялангуяа эмэгтэй цагдаа нарын үүрэг гүйцэтгэж буй зурагнууд сайхан санагдлаа” гэсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин