• Эхлэл
  • Л.Болд: Үнэхээр надад зээл өгсөн юм бол Ерөнхий сайд нь тайлбараа хийг!

Л.Болд: Үнэхээр надад зээл өгсөн юм бол Ерөнхий сайд нь тайлбараа хийг!

2019/01/18

УИХ-ын гишүүн Л.Болд цаг үеийн нөхцөл байдлаар Төрийн ордонд мэдэгдэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын удаа дараа хийсэн гүтгэлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан тайлбар ирүүлэхийг шаардсан байна.

Тэрээр “Улстөржилт, өшөө авалт, гүтгэлэг доромжилж туйлдаа хүрч байна. Бүх хэлбэрээр Ж.Мөнхбат гишүүн намайг байн байн гүтгэж байна. Тиймээс би Ерөнхий сайдад хандаж албан бичиг хүргүүлж байгаа. Засгийн газрыг огцруулахтай холбогдуулан надад Засгийн газраас 30 тэрбум төгрөг, эсхүл 8 сая долларын хөнгөлөлттэй зээл олгосон гэх гүтгэлгийг удаа дараа хийсэн тул үүний тайлбарыг Засгийн газар албан ёсоор өгөх ёстой. Яагаад гэвэл Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяа. Үнэхээр Хөгжлийн банк Богд банкинд хүүгүй зээл өгсөн юм уу, үгүй юу энэ тайлбарыг Ерөнхий сайдыг чуулган дээр танилцуулахыг шаардаж байгаа, үүний зэрэгцээ Ж.Мөнхбат гишүүний хийсэн гүтгэлэгтэй нь холбогдуулан хуулийн байгууллагад хандаж байна” хэмээсэн.

Мөн Л.Болд гишүүнээс Ерөнхий сайд У.Хүрэлсэхд явуулж байгаа албан бичигт “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүн Л.Болд миний ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдах явдал тасралтгүй гарч байна. Үүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас Богд банкинд 30 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн” хэмээх утга бүхий гүтгэлгийг удаа дараа улс төрийн хэрэгсэл болгон ашигласаар байна. Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгснийхөө шагналд УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг авч Богд банкинд шилжүүлсэн” гэсэн утга бүхий гүтгэлгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаан болон хэвлэлийн хуралд олон нийтийн өмнө удаа дараа (тараасаар байна. Энэхүү гүтгэлэгт дурдагдаж байгаа Та болон таны Засгийн газартай холбоотой асуудал үнэн эсэх талаархи албан ёсны тайлбараа яаралтай УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахыг танаас шаардаж байна” хэмээн дурджээ.

Н.Ундар

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин