“Давос 2019” үр дүн: Дэлхийн томчууд юу ярив, юу ярьсангүй вэ?

2019.01.29

Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өндөрлөлөө. Дэлхий дахины эдийн засгийн өнөө ирээдүйн талаар зөвлөлддөг энэ уулзалт оролцогсдоос хоёр өөр үнэлгээ авч үлдлээ. Нэг талаас оролцогсод урьдын адил дэлхийн улс төр, эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг оролдлоо. Нөгөө талаас дэлхий дахины улс төрийн бодлогын чиг хандлагад гол гол улс орнуудын харилцан ойлголцол дутмаг байгааг энэ уулзалт тэмдэглэлээ.

Дэлхийн гол улсуудын тэргүүн ирсэнгүй

Давосын энэ жилийн чуулга уулзалт өмнөх онуудынхаас ялгаатай нь дэлхийн гол гол улс орны тэргүүнүүд янз бүрийн шалтгаанаар энд ирээгүйгээрээ онцлог байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон, БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар энд ирсэнгүй. АНУ-ын тэргүүн төсвөө батлаагүйгээс Засгийн газрынхаа ажиллагааг хэсэгчлэн зогсоосон, Ардчилсан намынхантай хэл үг ололцох гээд ирээгүй бол Францад шар хантаазтан эсэргүүцлийн жагсаал хийгээд, Их Британид Европын холбооноос гарах эсэх асуудал тулгамдаад байна.

Давост юун тухай ярилцав

Давосын уулзалтын ярианы гол сэдэв нь энэ онд дэлхий дахины худалдаа, даяарчлал, брексит, болон цаг уурын өөрчлөлт байсан. Оролцогчид энэ тодорхой асуудлуудад анхаарлаа хандуулж хэрхэн нааштайгаар шийдвэрлэхээ өөрийн улс орны эрх ашигт нийцүүлэн ярьцгаасан.

Германы канцлер Ангела Меркель хэлсэн үгэндээ улс орнууд өөрийн эрх ашгаа хамгаалахаас гадна харилцан буулт хийж хамтран ажиллах, олон улсын хамтын байгууллагуудад шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэсэн. Ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шинэчлэл хийх шаардлагатай гэж ХБНГУ-ын канцлер онцолж байна.

Олон улсын байгууллагуудын үүргийг өсгөх тухай Японы ерөнхий сайд Синзо Абэ бас хэлж байна. Тэрбээр хязгаарлагдмал байдлыг шүүмжлээд энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн байна.

БНХАУ-ын даргын орлогч Ван Цишань мөн яг ийм санаа хэлээд дэлхийн худалдаан дахь саад бэрхшээл ялангуяа зохиомол саадыг шүүмжилсэн байна. Мэдээж энэ бол худалдааны дайны гол буруутан, дэлхийн дэглэмийн “эвдлэгч” хэмээн хятадуудын нэрлээд байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад зориулсан үг гэдэг нь ойлгомжтой.

Вашингтоны байр суурийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дүрс бичлэгээр илгээн илэрхийлсэн. Тэрбээр дэлхийн дахины дэг журамд АНУ-ын өнөөгийн удирдлага буруутай биш, харин Хятадын улс төр, худалдааны гадаад бодлого буруутай гэсэн байна. Үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг засварлах гол арга нь олон улсын эвсэл гэжээ. Гэхдээ энэ нь ямар нэг байгууллага биш гэсэн ч ямар бүтэц байхыг Помпео тухайлан нэрлээгүй байна.

Давост ярьсан өөр нэг чухал сэдэв бол Брексит. Зарим орны тэргүүн, тухайлбал Австрийн канцлер Себастьян Курц хэлсэн үгэндээ Их Британийг Европын холбооноос гарахаа хэдэн сараар хойшлуулахыг хүссэн. Европын бусад орны удирдагчид Британийг Европын холбооноос гарахыг эрс эсэргүүцсэн байна.

Ямар ч байсан Давост гол гол асуудлаар санал солилцож байсан хэдий ч ямар нэг харилцан буулт хийлгүй тарцгаалаа.

Давост юун тухай ярьсангүй вэ

Ажиглагчдын үзэж байгаагаар бол энэ жилийн чуулга уулзалтад нөлөө бүхий хүн тун ховор байлаа. “Украины ирээдүйн хүрээлэн” төвийн Ойрхи дорнод, олон улсын асуудлаарх шинжээч Илья Кусагийн хэлж байгаагаар бол форумын үеэр Дональд Трамп, Си Зиньпин, Тайип Эрдагон нар олон асуудал, асуултад хариу өгөх байжээ.

“Хэрвээ Трамп байсан бол худалдааны талаар юу хийх гэж байгаа талаар олон зүйлийг түүнээс сонсох байлаа. Хятадтай хийж байгаа худалдааны дайнаа зогсоох уу зэрэг олон асуулт хариугүй үлдлээ. Тэр байгаль орчин, цаг уурын талаар ямар байр суурьтай байсан бол. Энэ талаар тэр юу хийх гэж байгааг хэн ч мэдэж чадсангүй” гэж Илья Куса “Сегодня” сайтад бичсэн өгүүлэлдээ дурджээ.

Тэр бас Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны үгийг ч сонсох хэрэгтэй байлаа гэжээ. Ангела Меркелийг Германы эрх баригч намын тэргүүнээс огцорсны дараагаар Макрон өөрийгөө Европын тэргүүн гэж өөрөө сонгосон болохоор тэр гэнэ.

“Европ чухам хаашаа яваад байгаа, Европын холбооны хувь заяаны талаар Макрон юу гэх байсан бол. Ялангуяа энэ жил Европарламентын сонгууль болох гэж байна. Европын холбоонд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаарх төлөвлөгөөний талаар энд гол үүрэг гүйцэтгэж байгаа Францын тэргүүн нэлээд тодорхой зүйл хэлэх байсан байх” гэж Илья Куса хэлж байна.

Тэр эцэст нь “Энэ жил чуулга уулзалтад дэлхийн гол гол улс орны тэргүүн ирээгүй нь сөрөг явдал боллоо. Энэ форум бол зүгээр нэг санал солилцоод тардаг танхим биш, улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудлаар чиг хандлага тогтоодог талбар. Энэ форум нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд улс орнууд ямар төлөвлөгөөтай байгаагаа ярьж, бусад улс оронтой хэрхэн харилцаж, уялдуулахаа ярьдаг уламжлалтай байсан” гэжээ.

Харин эдийн засагч Борис Кушнирук болохоор Давосын чуулга уулзалтын ач холбогдлыг хэт өндрөөр үнэлэх хэрэггүй гэж байна. Тэр “Энэ форумын дэлхий дахины хөгжилд оруулах хувь нэмрийг ямар ч тохиолдолд хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Энэ бол танил хүмүүс цуглаж санал бодлоо солилцдог, яриа өрнүүлдэг талбар. Ийм уулзалт дэлхий дахины хөгжлийг тодорхойлохгүй” гэж “Сегодня” сайтад тайлбар өгсөн байна. “Үнэн хэрэгтээ өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийг тухайн тодорхой улс орон өөрөө ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаараа л тодорхойлж байна шүү дээ” гэсэн байна.

Хариулт байхгүй

Давос чуулга уулзалт чухамдаа дэлхий дахины тулгамдсан асуудлуудад яг тодорхой хариулт өгч чадсангүй. “Энэ чуулга уулзалт тулгамдсан асуудал бүр хариулт, гаргалгаа өгөх боломжгүй. Тулгамдаж байгаа асуудал бол байгаль орчны өөрчлөлтөөс аваад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, усны хомсдлоос аваад хөдөлмөрийн цагаачлал, даяарчлал гээд олон асуудал байна, энэ бүхэнд хариулт алга л байна шүү дээ” гэж эдийн засгийн шинжээч Борис Кушнирук хэлжээ.

Харин Илья Куса болохоор чухам энэ асуудлуудыг ч улам чухал болгож анхаарал хандуулах гэж энэ чуулга уулзалтаар хөндөж байгаа юм гэжээ. “Энэ асуудлуудыг энд тавьж, хэлэлцэж бас шийдэх ёстой. Давос асуудлыг хэлэлцэх загвар санал болгодог. Уур амьсгалын дууларлын тухай хэлэлцэж байгаа бол “Их долоо” юм уу “Их 20”, Давост ч аль алинд нь чухал асуудал. Үүнийг ямар нэг хэмжээгээр шийдвэрлэх тийм шийдэлд хүрнэ гэсэн үг. Энэ нь тухайн аль нэг орон энэ талаар тодорхой үйл ажиллагаа явуулж байгаагаас хамааралгүй хүссэн ч эс хүссэн ч хамтаараа хийх л ёстой гэсэн үг” гэж Илья Куса хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 


ИХ УНШСАН
    Сонин хачин