• Эхлэл
  • Г.Шийлэгдамбын захиа-нягтлангийн баривчилгаа???

Г.Шийлэгдамбын захиа-нягтлангийн баривчилгаа???

2016/01/31

Авлигын хэргээр саатуулагдаад байгаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын бичсэн гэх захидал олны анхаарлыг татаж буй. Түүнийг баривчлагдсаны дараахан намынх нь дарга Н.Энхбаяр “Г.Шийлэгдамба авлига авахаар ёс суртахуун муутай хүн биш” гэж өмөөрч байсан. Анхандаа Г.Шийлэгдамбыг эрүүл мэндийн салбарын төсөв, хөтөлбөрийн мөнгийг зувчуулсан байж магадгүй гэж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганчимэгийг саатуулан шалгаж байсан.   

Харин үүний дараа авлигын гэх энэ мөнгө МАХН-д өргөсөн хандив байсан гэж Г.Шийлэгдамба мэдүүлсэн гэсэн мэдээлэл тархсан юм. Харин Г.Шийлэгдамбын 2016.01.28-наар огноолсон энэхүү захидалд авлигад авсан гэх мөнгийг намын дарга Н.Энхбаяртаа өгөх гэж байсан. Мөн өмнө нь 50 мянган ам.доллар хүлээлгэн өгсөн гэж бичсэн нь намын даргаа хэрэгтээ “чирэх” гэж байна уу гэх хардлага төрүүлж болохоор.

Үүнээс үүдсэн үү захидал олон нийтэд тархсаны маргааш өдөр буюу өнгөрөгч баасан гаригт МАХН-ын ерөнхий нягтлан Цэцэгээ гэх эмэгтэйг баривчлан хорьсон гэсэн мэдээлэл тархаад байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр  Баасан гарагт телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ энэ мэдээллийг үгүйсгэж, "Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтанд орсон байж болзошгүй. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” гэсэн тодруулга өгчээ. 

Авлигын мөнгө авч байгаад өрөөндөө гардуулсан гэх түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний өдөр баривчилсан. Ердөө л баривчлагдсаныхаа маргаан нь Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь бас л гайхашрам алхам гэгдэж байсан. Тэгвэл одоо олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа захидлаас харвал энэхүү захидлыг Шадар сайд Ц.Оюунбаатар “санаачлан” гарын үсэг зуруулсан болж таарч байна. Учир нь захидалд

“...өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм” гэжээ.

Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Үүнд:

Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна.  Үүнд:

Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад  хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.

Чухам бодит байдал дээр юу болсон тухай  дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж   өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм.  Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.

Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.                                                            

                                             МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн

                                           Дарга Г.Шийлэгдамба /Гарын үсэг нь/

                                                                2016-01-28

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)