Цагаан сарын шинийн наймныг “ЦЭЦТЭЙ” өдөр гэж тодотгож болох нь.
УИХ-ын дарга нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гэтэл гишүүдийн тал нь байхгүй, танхимдаа орж ирдэггүй. Төрийн ордонд ажлаа хийж байна гэх мөртлөө яагаад чуулганы хуралдаанд орж ирэхгүй байсны шалтгаан бүлгийн дарга С.Бямбацогтын үгээр ил болов.
Тэд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулахыг эсэргүүцэж байгаа аж. Харин яг энэ цаг мөчид Үндсэн хуулийн Цэцийн байрны өмнө өнөө иргэд жагсаж, Цэцийн дарга, гишүүдийг огцрохыг шаардав. Энэхүү жагсаал нь өмнө болж байсан помидор шидэж, поошиг нүдэж, нум сум харваж, хар хайрцаг шатаадаг болон буйдантай жагсаал зэргээс “Эксель”-тэй гэдгээрээ онцлог. Тэд Үндсэн хуулийн Цэцийг улстөржсөн шийдвэр гаргаж, эрх зүйн чадамжгүй болсон учраас ийнхүү тэмцэж байгаа аж.
Цэцийн дарга Ж.Амарсанаа сар шинийн өмнө мэдээлэл хийхдээ “Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн. Дөрөвдүгээр хүн эксель унах юм уу. Туулах чадвар сайтай машин унах ёстой” гэж мэдэгдсэнийг тэд ийнхүү эсэргүүцэж байгаа аж.
Жагсагчид “Иргэдийг талцуулж, ялгаварлан гадуурхахаа боль”, “Үндсэн хуулийг зарж идэхээ боль”, “Лексус-570” бэлгэнд авч, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаснаа тайлбарла”, “Үндсэн хууль зөрчихөө боль”, “Ипотекийн зээлийг зогсоосон хариуцлагаа хүлээ”, “Албан тушаалаа өг”, “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш ард түмэн байдаг юм” зэрэг бичигтэй лоозон барьсан байжээ. Ийнхүү Монголын жагсаалын “түүхэн”-д бас нэг содон жагсаал нэмэгдэв. Эксель машинтай хүмүүсийг олж цуглуулж жагсана гэдэг бас л овоо л сүйхээтэй хүмүүсийн хийх ажил. Хэний “бензин”-ээр жагсаж байгаа юм бол доо гэсэн асуулт тавихад гэмгүй.
Ж.Амарсанаагийн аманд хүлхэгдэх болсон “Лексус -570” машин ч бас чуулганы танхим, телевизийн дэлгэцнээи хүчтэй сонсогдсон. МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийг “Лексус -570” машин хахуульд авч, намчирхсан шийдвэр гаргалаа гэж байсан бол одоо харин хууль бусаар Цэцийн даргыг огцруулах гэлээ гэсэн онцгой шаардлага тавьж байна.
Уг нь Цэцийн дарга Ж.Амарсанааг Үндсэн хуулийн цэц хуралдаж, шийдвэрээ гаргаагүй байхад ганцаараа том толгойлоод Дээд шүүх, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гуравт “УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчиж байгаа тул хэрэгжүүлж болохгүй” гэсэн утгатай бичиг шидсэнийг нь л албан тушаалаа хэтрүүлэн ашиглалаа хэмээн үзсэн.
Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий гэдэг болохоос дарга буй гэдэггүй. Цэц гурван шатны хуралдаанаараа хэлэлцэж байж Үндсэн хууль зөрчигдөж үү үгүй юу гэдгийг шийддэг. Харин мань дарга хууль батлагдсаны маргааш нь /2016.01.20/ “ганцаар”-аа хуралдаад, гурван даргад, бүр Дээд шүүхэд бичиг илгээцэн.
Ийн яаран бичиг илгээх болсон асуудал нь мэдээж Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан өөрчлөлт. Цэцийн гишүүдэд насны хязгаар тавих, цэцийн аливаа асуудал бичиг сэлт олон нийтэд нээлттэй байх гэх мэтчилэн бас л хэрүүлийн бай болсон асуудал дээр Цэцийн дарга нь толгой мэдэн албан бичиг бичдэг нь ч бас л хүндээ хөнгөнөөс өгөх нь бүү хэл өөрийгөө Цэцийн дээр байдаг хөх тэнгэр болчихсон л гэж ойлгосон хэрэг гэчихэд хэтрүүлэг болохгүй.
Ийм л нэг зунгааралдсан хэрүүл өнөөдөр чуулганыг гацааж байна. УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдааныг хойш татаад буйн учир нь бас энэ сарын 22-нд болох Цэцийн их суудлын хуралдаанын дөхүүлэх гэсэн арга ч байж болох. Их суудлын хуралдаан УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргах юм бол МАН бас ямар хэрүүл сүйхээлэх гэж байгаа юм бол доо гэж.
Одоогоор чуулган гацаатай. МАН Үндсэн хуулийн цэцийн асуудлаар зөвшилцөе гэсэн санал тавьсан сурагтай л байна.
А.ТУЯА
Сэтгэгдэл байхгүй байна