Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.
-Авлигатай тэмцэх газар Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалж МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
-Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа.
Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн.
-Албан бичиг нь ямар агуулгатай вэ? Яагаад мөрдөн байцаагч нар албан бичиг аваачиж өгөх болов? Албан бичгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө авсан уу?
-Албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн.
Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна гэлээ.
Сануулахад: Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тархсан. Тэрээр Төрийн ордонд Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд өмгөөлөгчийн хамт байсан бөгөөд Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа талаар шуугиан дэгдсэний дараа Төрийн ордоны гадаа гишүүд дэмжигчдэд нь цугласан байлаа. Ийн өдөржингөө Н.Энхбаярыг дахин баривчлах гэж байна гэсэн шуугиан дэгдсэний эцэст АТГ-аас мөрдөн байцаах ажиллагаанд оролцож, мэдүүлгээ өгөхийг сануулсан албан бичиг хүргүүлсэн байна. Иргэн Н.Энхбаярт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч ирж мэдүүлгээ өгөөгүй байгаа юм байна.
Өнөөдөр 13.00 цагийн орчимд МАХН-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар "Миний өрөөнд үл мэдэгдэх хүмүүс дайрж орох гэлээ" гэж мэдэгдсэн.
Түүний өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан учраас түүнийг баривчлах гэж байна гэсэн шуугиан ийн дэгджээ. Харин АТГ-аас бичиг өгөх гэсэн гэж тайлбарласан Авлигатай тэмцэх газар Төрийн ордон дотор хуулийн ажиллагаа явуулсанд харамсч байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдсэн. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Энэ бол балмад үйлдэл. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө танилцуулаагүй тул хэн гэдгийг нь бид мэдэхгүй байна. МАХН-ын даргыг уламжлалт аргаар баривчлахын тулд түрэмгий байдлаар хандлаа” гэв.
Мөн тус намын санхүүгийн өрөөг битүүмжилсэн тул хуульд заасан албан байгууллагын үүргээ гүйцэтгэж чадахгүй, аудитын шалгалт оруулах боломжгүй байгаа. Энэ асуудлаар АТГ-д хандсан ч одоог хүртэл хариу өгөөгүй гэв.
МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга "Би Н.Энхбаяр даргатай байнга хамт байгаа. Тэгэхэд АТГ-ынхан түүнтэй нэг удаа л уулзсан. Өчигдөр З.Баянсэлэнгэ сайд руу утсаар ярьсан юм билээ. Түүнээс АТГ-ынхны ярьж байгаа шиг таван удаа бичиг илгээгээгүй" гэв.
МАХН АТГ-ыг Байцаан шийтгэх хуулийг мөрдөх сонирхолгүй, Н.Энхбаяр даргыг ямар нэг байдлаар хорихоор завдаж, олон нийтэд өгөх тайлбараа эртнээс бэлтэж байна гэж буруутгав. Мөн тэдгээр хүмүүс "Та нар АТГ-ыг төлөөлж байна уу" гэж асуухад "Үгүй" гэж хэлээд ум хумгүй зугтсан гэж мэдээлсэн юм.
Ийн Н.Энхбаярыг баривчлах гэж байна гэсэн шуугиан дэгдэхэд түүний хүү Э.Батшугар, бусад намынх нь нөхөд Төрийн ордонд ирсэн байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна