• Эхлэл
  • Эзэнгүй “Бойтог”-нууд жагсана  

Эзэнгүй “Бойтог”-нууд жагсана  

2016/04/16

Улаанбурхан өвчний улмаас нялх үрсээ алдсан эхчүүд өнөөдөр Чингисийн талбайд 21:00 цагаас “Бойтогтой жагсаал” хийнэ.

Аюулт өвчний улмаас хорвоог орхисон бяцхан үрсийнхээ дурсгалд зориулж, эрх баригчдыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хатуу шаардсан уг жагсаалд нулимстай суугаа олон ээжүүд нэгдэх аж.

Ийнхүү бурханы оронд одсон нялх үрсийн эзэнгүй бойтогнууд жагсах гэж байна. 2016 он гарсаар улаанбурхан  өвчнөөр 59 хүүхэд энджээ.

Нас барсан хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд  байсан бөгөөд улаанбурхны халдвараа даалгүй эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй байсан гэж ХӨСҮТ-өөс тайлбарлаж байна.

Одоогоор тус төвд улаанбурхны оноштойгоор хэвтэн эмчилгээ хийлгэж буй  700 гаруй хүн байгаа ба өвчний халдвар нь хүндэрсэн 22 хүүхэд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, үүнээс хоёр нь зохиомол амьсгалын аппарт зүүсэн байдалтай байна. Хамгийн сүүлд энэ сарын 13-ний орой 22.00 цагийн үед нэг хүүхэд улаанбурхны халдварыг даалгүй нас барсан байна.

Хүүхэд нь улаанбурхнаар өвдөж эмчлүүлж буй ээж, аав нар ХӨСҮТ-ийн гадна машиндаа хоол хийж идэн, хүүхдээ сахиж хэд хонож байна. Сахиурын өрөөнд багтсан зарим нь нь шалан дээр кротон цаас дэлгэж суун, өрөөний дөрвөн буланд хуваагдан хоол цайгаа хийх нь хийж, зөөх нь зөөж амьдарч буй юм.

Асуудал ийм дээрээ тулаад байхад эрх баригчид өөрсдийн нэр төр болоод эрх мэдэлд санаа тавьж дээрх асуудлыг умартаж байгаа нь харамсалтай. Тиймээс энэ байдлыг умартаж болохгүй гэдгийг сануулахаар тэд өнөөдөр жагсах гэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна