Монголдоо хамгийн том, дэлхийн жишигт хүрсэн тавилгын үйлдвэр ашиглалтанд орлоо. KitchenAll брэндээрээ дотоодын зах зээлд хэдийнэ танигдсан “Долоон Болдог” ХХК-ийн шинэ бүтээн байгуулалт болох 10,000м2 талбай бүхий бүрэн автомат үйлдвэр, Италийн алдарт дизайнерын гаргасан загвар бүхий KitchenAll Design бүтээгдэхүүний нээлтээ өнөөдөр хийлээ.
2004 онд үүсгэн байгуулагдсан тус компани 2009 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Бизнесийн зөвлөх үйлчилгээ (BAS)-г авч, “Черчилльс” компанийн захирал Барри Эванстай хамтран Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоо (TQM) –г нэвтрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
2010 оноос Бизнесийн зөвлөх үйлчилгээний дараагийн шатны хөтөлбөр болох Европын сэргээн босголт хөгжлийн банкны Байгууллагын өсөлтийн удирдлагын хөтөлбөр (EGP)-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Европ стандартын үйлдвэрийг амжилттай байгуулсан байна.
Уг үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч Герман, Итали улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоногдлогдсон ба нэг ээлжиндээ иж бүрэн 30 тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай. Тавилгын гол түүхий эд болох хавтан нь олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан Е1 зэрэглэлийн, эрүүл мэндэд хор хөнөөлгүй бөгөөд эдгээрийг Австри, ОХУ-аас татан нийлүүлж байгаа юм.
Тус хамт олон нь гадаад болон дотоодын чадварлаг инженер, техникийн ажилтнуудынхаа тусламжтай бүтээгдэхүүний чанар, хийцлэл, технологийг сайжруулсаар, дэлхийн түвшинд хүргэж чадсан. Түүнчлэн зөвхөн Монголчуудад зориулан гаргасан Италийн алдарт дизайнер Николас Хахамисын орчин үеийн гоёмсог тавилгуудыг өнөөдөр нээлтээ хийж буй KitchenAll Design салбар дэлгүүрт танилцуулж байгаа аж. Тавилгын дизайнер Николас Хахамисын шинэ загварын тавилгыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хавтан, мод модон хуулга, будаг, шил зэрэг материалаар чанарын өндөр түвшинд, өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэж байгаа учраас Монголын хэрэглэгчид хүссэн өнгө, загвараар дотооддоо үйлдвэрлэсэн “Европ” тавилгыг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна