Иргэд орон гэргүй болох эрсдэлтэй байна 

2016.12.08

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

МОНГОЛ УЛС: ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨХ АЖЛЫГ ХАНГАЛТГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЖ  БАЙГААГААС

Мянга мянган иргэн орон гэргүй болох эрсдэлтэй байна 

Монгол улсын эрх баригчид хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагаагаараа мянга мянган хүнийг нүүлгэн, орон байргүй болох эрсдэлд оруулсан гэж Эмнести Интернэшнл өгүүллээ.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх,  дахин суурьшуулах, нөхөн олговор олгохтой холбоотой мэдээллийг  дутуу дулимаг олгодгоос хот дахин төлөвлөлтийн хөтөлбөр зөв хэрэгжихгүй байгааг Улаанбаатар хот дахь орон байртай байх эрхийн талаарх 55 хуудас бүхий “Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” Эмнести Интернэшнлийн судалгааны тайлан онцоллоо.

“Хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанаас болж иргэд орон гэргүй болох вий гэсэн айдастай амьдарч байна. Эрх баригчид иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж байна. Хот дахин төлөвлөлтийн амбицтай хөтөлбөр нь албадан нүүлгэлтээс сэргийлэх үр дүнтэй хамгаалалтыг бий болгож хэрэгжүүлсэнгүй. Эрх баригчид иргэдийн эрхийг хамгаалах үр дүнтэй бөгөөд тодорхой хамгаалалтыг нэн даруй бий болгох шаардлагатай байна.” гэж Эмнести Интернэшнлийн Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлин  өгүүлэв.

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хөтөлбөр  

Улаанбаатар хотыг дахин төлөвлөх одоогийн төлөвлөгөө нь нийслэлийн 1,3 сая хүн амын ойролцоогоор 9% нь амьдардаг гэр хорооллын 24 байршилд хэрэгжиж байна.  Энэ нь иргэдийг илүү сайн орон сууцаар хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр Улаанбаатар хотын олон иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилготой. Түүнчлэн, уг хөтөлбөр нь газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын айлуудыг ус дулааны нэгдсэн шугаманд холбогдсон орон сууцаар хангах замаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн.  Гэвч хот дахин төлөвлөлтийн шаардлагад бүрэн нийцсэн, тодорхой төрийн зохицуулалт, үр дүнтэй зөвшилцөх явц байхгүй, хэрэгжилтэнд нь  хяналт тавиагүйгээс дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй иргэдийн эрх ялангуяа тэдний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүрсэн гэж Эмнести Интернэшнл үзэж байна.  

Хуулийн хамгаалалтын дутмаг байдал

Гэр хороололд нэг хашаанд хэд хэдэн айл амьдардаг ба нүүлгэн шилжүүлэх болон орон сууцжуулах үйл ажиллагааг зохицуулахдаа газар өмчлөл, эзэмшлийн албан ёсны бичиг баримтгүй эсвэл уг бичиг баримтад нэр нь бичигдээгүй иргэдийг эдлэх эрхгүй үлдээж байгаа нь том  алдаа  гэж Эмнести Интернэшнл дүгнэлээ.  

Иргэдтэй хангалттай зөвлөлдөлгүй, нөхөн олговор олголгүйгээр газар, орон байрнаас нь нүүлгэж байгаа нь тэднийг албадан нүүлгэлт, хүний эрхийн бусад ноцтой зөрчилд өртөх эрсдэл бий болгохын зэрэгцээ "эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин бий болгох" гэсэн дахин төлөвлөлтийн хөтөлбөрийн зорилгын эсрэг зүйл болж байна.

Одоогоор дахин төлөвлөлтөд өртөж буй эмэгтэйчүүд, өндөр настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогт тохируулан хүн бүрийн тэгш оролцоог хангасан зөвлөлдөх тусгай арга барил байхгүй байна.  Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуульд дэд бүтцийг шинээр барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн байгууламжид саадгүй хүрэх нөхцлийг хангах талаар хуульчилсан. Харамсалтай нь газрын хувьд эрх эзэмшигч байх эсэхээс үл хамааран дэд бүтцийг төлөвлөх, загвар боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах, зөвлөлдөх, саналыг нь авах агуулга бүхий зүйл, заалт алга байна.

Орон гэргүй болох өндөр эрсдэл

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хөтөлбөрт хувийн барилгын компаниуд гол тоглогчид нь байдаг. Иргэдийг шаардлагатай мэдээллээр хангадаггүй  нь барилгын компаниудын өмнө иргэдийг сул дорой, хүчгүй болгож байгааг Эмнести Интернэшнлийн судалгаа  харуулж байна.

Сүүлийн жилүүдэд дахин төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн гол хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч бодит байдал дээр эдгээр нэмэлт өөрчлөлтийн талаар иргэд мэдлэг, мэдээлэлгүй байна.  Эмнести Интернэшнлд хандсан нэгэн оршин суугч хоёр талт гэрээнд гарын үсэг зурахаас өөр сонголт түүнд болон түүний гэр бүлд байгаагүй талаар хэлсэн. Учир нь төсөл хэрэгжүүлэгч компани гэрээ байгуулахгүй бол хуульд заасны дагуу түүнийг албадан нүүлгэх болно гэж хэлсэн хэмээн мэдээлсэн нь дахин төлөвлөлттэй холбоотой хууль дүрмүүд хоорондоо зөрчилдөж байгааг харуулж байна.

Дахин төлөвлөлтийн төслийн эхэнд шинэ байр барих хугацааны туршид түр орон байр хөлслөх мөнгө олгохоор иргэдэд санал болгодог ч эдийн засгийн хямралаас болж олон төсөл зогсон барилгын компаниуд түрээсийн мөнгийг урт хугацаагаар олгож чадахгүй болсноор олон өрх түрээсээ төлж дийлэхээ больжээ. Өвөл болж байгаатай зэрэгцэн түрээсээ төлж дийлэхгүйн улмаас орон гэргүй болох нь гэж айж буйгаа хэд хэдэн айл Эмнести Интернэшлд хэлсэн.

“Хот дахин төлөвлөлтөөс болж хэн ч орон гэргүй болох ёсгүй бөгөөд барилгын компаниуд үйл ажиллагаагаа зогсоосноор Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд өртсөн өрхүүд эрх баригчдын зүгээс үзүүлэх хамгаалалтгүй гацаанд ороод байна. Монгол улсын эрх баригчид иргэдийн эрхийг эхэнд тавьж, дахин төлөвлөлтөд хамрагдсан хүн бүрийг зөвлөлдөх үйл явцад оролцуулахыг баталгаажуулах ёстой. Түүнчлэн, Засгийн газар дахин төлөвлөлтөд хамрагдсан хүн бүрт эрхийг нь таниулах  үүрэгтэй”  гэж Николас Бекүйлин хэлэв. 

 

Эх сурвалж: Эмнести интернэшнл 

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН