• Эхлэл
  • С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хараахан эхлээгүй байна

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хараахан эхлээгүй байна

2016/12/14

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт хорих 461-р ангид эхлэх байсан ч хурал хараахан эхлээгүй байна. 

18 жилийн турш алуурчныг илрүүлэхийг шаардаж буй энэ  хэрэг ийн анх удаа шүүхийн шатанд ирээд байгаа гэсэн үг.

Хэрэгт хүний амь нас хөнөөсөн хэрэгт цаазын ял сонсон 25 жил хоригдох болсон Ц.Амгаланбаатар, түүний гэрчлэн мэдүүлснээр  Булган аймгийн харьяат Б.Содномдаржаа, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ нарыг холбогдуулан жил гаруй цагдан хорьсон.

Тэдний ар гэрийнхэн гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэн гүтгэж байна гэж удаа дараа мэдэгдэж байсан. Мөн гэрчлэгч этгээд хэрэг гарах үед 71 настай байсан, хам хэрэгт татаад байгаа Б.Содномдаржааг шоронд суулгана гэж байнга дарамталдаг байсан гэх мэт эргэлзээтэй асуудлууд олон бий.

Мөн С.Зориг агсны гэргий Б.Булган болон Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл ч байсан. Албан мэдээнд дурдсанаар бол хэргийн яллагдагчаар дээрх гурван хүн байгаа. Мөн хэргийг улстөрийн захиалгат бус ахуйн сэдэлтэй байсан гэж тодорхойлоод байгаа юм.

Шүүх хурлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалан явуулна. Хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч, гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно.

Шүүх хурлыг хорих 461 дүгээр ангид хийх болсон шалтгааныг олон хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжлах хүсэлтээ ирүүлээд байгаа учир зай багтаамж том газрыг сонгосон гэж байгаа ч шүүх хурал нээлттэй болох эсэх нь мөн тодорхойгүй байгаа.

Хэргийн материал улсын нууцын зэрэглэлд авагдсан байгаа учир хаалттай хийнэ гэсэн мэдээлэл байгаа ч хэрэгт холбогдогсод болон С.Зориг агсны ар гэрийнхэн хэвлэл мэдээллийнхэн нээлттэй явуулах хүсэлт гаргаад байгаа.

Одоогийн байдлаар дээрх хэрэгтэй холбоотой шүүх хурал хараахан эхлээгүй байна.

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин