С.Зоригийн үхлийн хэмээн нэрлэгдэн 18 жил үргэлжилсэн хэргийн шүүх хурал өнөөдөр болсноор олон нийтийн дунд эргэлзээтэй таамаг дэгдсэн хэвээр байна. Энэ хэрэгт тухайн үедээ 16 настай байсан Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр тухайн үед 21-22 настай байсан малчин, тогооч хоёр хүнийг хэлмэгдүүлэн яллалаа гэсээр байгаа юм. Ял оноосон байдлыг шүүхийн тогтоолд дурдсанаар бол Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргасан гэж буй. Эндээс
-захиалгаар хүний амь нас хөнөөсөн гэж байгаа бол захиалагч нь хэн бэ? Гэсэн асуулт гарч ирж байгаа. Магадгүй захиалагчийн талаар шүүх хурлын үеэр яригдсан, цагдаагийнхан тогтоосон /эсвэл тогтоосон гэж үзсэн/ байх магадлалтай.
-Насанд хүрээгүй хүүхэд уруу татсан гэдэг нь Ц.Амгаланбаатарыг хэлж байгаа бололтой. Харин дараагийн өгүүлбэрт өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг хөнөөсөн болон амь насаа хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж 2 ба түүнээс дээш хүний амь нас хөнөөсөн гэсэн зүйл сонсогдож байна. Өөрөөр хэлбэл Б.Содномдаржаа нарыг 2-3 /магадгүй, гурав, дөрвөн/ хүний амь насыг хөнөөсөн хэргээр ялласан бололтой. Тэр тусмаа өмнөх хэргээ нуун дарагдуулах зорилгоор амь насаа хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж гэсэн өгүүлбэр анхаарал татаж байна? Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийг мөчлөн алсан хэргээр 20 жилийн ял сонсон 2008 оноос хойш хоригдож байгаа. Гэтэл үүнээс гадна Ц.Содномдаржаа нарыг мөн өөр хүмүүсийн үхэлд буруутай гэж үзсэн бололтой.
Шүүх хурал хаалттай болсон учраас одоогоор сэжиг таамаг л яригдаж байна. Шүүхийн шийдвэр албан байдлаар баталгаажин талуудад хүргэгдсэнээс /10-14хоног/ хойш хууль зүйн тайлбарууд гарах болов уу. Бас нэг асуулт байгаа нь хэргийн цорын ганц гэрч Б.Булган хуралд оролцсон эсэх. Өмнө өгүүлснээр шүүх хурлын явцад 10 гаруй гэрч оролцсон гэх нэрсийн жагсаалтад Б.Булган байгаа аж. Гэрчүүдийг нууцлах,аюулгүй байдлыг хангах үүднээс хэвлэлийнхэн болоод шүүгдэгчдээс тусад нь өрөөнд байлгаж, зөвхөн мэдүүлэг авахад л танхимд оруулдаг. Мөн онлайнаар болон царайг нууцалсан байдлаар гэрчүүдээс мэдүүлэг авах боломж журманд тусгагдсан байдаг. Энэ дагуу Б.Булган шүүх хурлын таван өдрийн хуралдааны аль нэгэнд нь нууцаар оролцсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.
А.Ану
Холбоотой мэдээлийг дор дарж уншина уу
Шүүх хурлын тогтоолыг энд дарж уншина уу
Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов
Сэтгэгдэл байхгүй байна