• Эхлэл
  • Хаана байна, тэр диваажин?

Хаана байна, тэр диваажин?

2017/01/06

Хотын түгжрэл арай л бага болчихсон байгааг анзаарч байна уу. Ялангуяа өглөө эрт, орой ажил сургууль тарах үеэр. Мөнхийн түгжрэлтэй байдаг хотын замууд ялимгүй сийрсэн ч юм шиг. Яагаад гэсэн асуултын хариулт тун энгийн? Учир нь сургуулийн амралт эхэлсэн. Үнэндээ хэн бүхний үглэдэг түгжрэл багассаны учир нь ийм л энгийн байж. Зүгээр л энгийнээр бодоход айл бүр хүүхдээ өглөө, оройд машинаар хүргэж өгнө, бас авна.

“Өглөө хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа хоцролгүй ирнэ гэдэг чинь алаан байхгүй юу” гэж хэлэх эцэг эхчүүд олон. Шогчлон хэлэхэд хотын зүүн баруун аль нэг захаас хотын төвийн сургуульд хүүхдээ хүргэж өгч, авахад амьдралынхаа нэлээд хэсгийг зарцуулж байгаа хүмүүс ч олон гэх.

Дээр өгүүлсэнчлэн хотын бодлого, төлөвлөлт алдагдсанаас орон сууцны хорооллуудын хувьд хүүхдийн сургууль цэцэрлэг ачааллаа даахаа байсан. Гэрийн ойр сургууль байлаа ч өнөө шиг, зам талбай, хальтиргаа түгжээ, хөдөлгөөний наад захын соёл муутай “аймшигтай” гэмээр нөхцөлд эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх том даваатай тулгардаг. Дээрээс нь хүүхдээ тусгай сургалттай, эсвэл нэр хүнд сайтай сургуульд сургая гэвэл гэрээс хол гэх хэцүү давааг хайхралгүйгээр сургуулийг нь сонгохоос  өөр аргагүй.

Магад та мэдэж байгаа байх, төвийн 1, 23, орос гэхдэх 3-р сургуулийн гадаа машин зогсох зайгүй багширч байдгийг, хичээл, сургууль цуглах, тарах үеэр сургуулийн орчмын замд жинхэнэ түгжрэл үүсдэгийг. Үе, үеийн хотын дарга нарын шийдэж чадаагүй түгжрэл гэдэг том “проблем” сургууль цэцэрлэгийн “хүргэлт” гэх жижигхэн юм шиг мөртлөө том асуудал том хүчин зүйлс нөлөөлсөөр дарга нар ойлгодог эсэхийг мэдэхгүй. Ойлгоод ч өнөөдөр магадгүй, нэмж сургууль, цэцэрлэг байгуулах боломж байхгүй болсон учраас бидний хийж чадах сонголт бол аль болох хүүхдийн цэцэрлэг сургуульд ойр, нэмээд ажилтай чинь ойр орон сууцтай болох. Хотын төвийн гэгддэг дээр өгүүлсэн Улаанбаатартаа урдаа барьдаг сургуулиудын орчимд орон сууц хамгийн үнэтэй байдгын учир шалтгаан нь ч мөн энэ. Уг нь хотоос зайдуу, манайхны шоглож ярьдгаар “хоёр гүүрний” цаадхи байр сонголоо ч ажлын оффисоос хол бол хоёр цаг түгжирч хоёр гүүр давж, гэр бүлдээ зарцуулах ёстой үнэт цагаа машин дотроо бухимдаж өнгөрөөх үү гэдэг бас нэг асуудал.  Тиймээс хэдхэн жилийн өмнө хэлц үг болох шахаад байсан “Нэг гүүр давбал нэлээн баян, хоёр гүүр давбал хосгүй баян” гэсэн ёж гэмээр хошин үгийг өнөөдөр манай шоочууд “Нэг гүүр давахад нэлээн бэрхшээл, хоёр гүүр давахад хосгүй бэрхшээл” гэж хувиргачихсан байна лээ.

Цэвэр агаартай, тайван намуухан, гаднаа нарлах талбайтай, хүүхдийн тохилог сургууль, цэцэрлэгтэй орон сууцны хороолол мэдээж хүн бүхний мөрөөдөл.

Харамсалтай нь энэ бол Улаанбаатарчуудын хувьд мөрөөдөж болох ховор боломж болоод байна.

Та өнөөдрөөс замын түгжрэл ялимгүй багасч уу үгүй юу гэдгийг анзаараад хараарай. Хүүхдийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн байгаа шүү дээ???    Гэхдээ дахиад л хичээл эхэлнэ. Уг нь анхнаасаа хот төлөвлөлтөө зөв хийгээд орон сууцны ойр цэцэрлэг сургууль, дэд бүтэц, үйлчилгээ, харуул, хамгаалалт, салхилах орчныг нь бодолцсон байрууд байсан сан бол гэж олон эцэг, эхчүүд бодож байгаа байх.

Хүүхдээ айдасгүй сургууль руу нь “дэгдүүлчихдэг”, өөрөө ажилдаа алхаад ч оччихмоор диваажингийн байр хаана байна вэ????

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Irregular Bahrain tsagaan war buys holdoh shar zurhaid
    2017 оны 01 сарын 09
  • зочин
    Диваажин зөвхөн монголын их амар амгалан болох хөдөө л байна.
    2017 оны 01 сарын 07
Сонин хачин