• Эхлэл
  • Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

2017/02/23

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ирэх сараас үргэлжлүүлэхээр болсон талаар Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-аас мэдээллээ. “Буянт-Ухаа 2” хорооллын 214 (68.59 ам метр талбайтай, гурван өрөө байр), орон нутагт байрлах 146, нийт 360 айлын орон сууцыг энэ удаа түрээслэх юм байна. 2016 оны гуравдугаар сард уг хөтөлбөрийг эхлүүлсэн. Тухайн үед 2500 орчим иргэн ТОСК-д хандан орон сууц түрээслэх хүсэлт гаргасан ч 600 орчим нь л хөтөлбөрт хамрагдаж чадсан юм.

Бүртгүүлсэн хүний тоо олон, байр цөөн байсан шалтгааны улмаас 1900 иргэний материал өдий хүртэл хүлээгдэж байгаа гэнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг ирэх сараас авах бөгөөд өмнө нь материал өгсөн хүмүүсийг түрүүлж бүртгэх аж. Материалаа бүрдүүлж өгсөн ч түрээсийн орон сууцанд орж чадаагүй хүмүүс ирэх сард багтаан, материалаа шинэчилж өгөхийг ТОСК мэдэгдэв.

Харин ирэх дөрөвдүгээр сараас уг хөтөлбөрт шинээр хамрагдах хүмүүсийг бүртгэх болжээ. Дашрамд дурдахад, түрээсийн орон сууц хөтөлбөрт залуу гэр бүл, хувийн байгууллагад ажилладаг эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, 18 хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх хамрагдах журамтай.

Иргэд тухайн байрыг тав хүртэлх жилээр нь түрээслэх боломжтой. Холбогдох дүрэм, журмын дагуу нэг ам метр талбайн түрээсийн төлбөр нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байх юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна