Үндэсний их баяр наадмын өдрүүдийн уур амьсгал холдоогүй байна. Гэхдээ гадаад бодлогын судлаач, Элчин сайд асан хүний нүдээр арай өөр өнцөг олж харснаа буулгая.
Мэдээж ноён У.Хүрэлсүх 2021 онд сонгогдохдоо залгамж чанараа хангачихсан, УИХ-аар үзэл баримтлалаа батлаад хэвшүүлчихсэн, өө сэвгүй гадаад бодлого хүлээн авсан. Хэрэв дотоод руугаа хэт их анхаардаг, гадаад бодлогодоо “хойргодуу” Ерөнхийлөгч байсансан бол хэн ч анзаарахгүйгээр, үгүйлэхгүйгээр Гадаад бодлогоо тэр чигт нь үргэлжлүүлээд өнөө хүргэсэн байх биз ээ. Гэтэл тэгээгүй нь анхаарал татдаг.
“Дэлхийг Монголд”, “Монголыг дэлхийд” гэсэн уриатай гарч ирсэн өнөөгийн Ерөнхийлөгчөө 5 жилийн дараа эргээд харахад “Дэлхийг Монголд” гэсэн уриагаа бүрэн хэрэгжүүлсэн, бүр давуулж хэрэгжүүлсэн нь харагддаг. Зөвхөн саяхны баяр наадмаар түүнд ирүүлсэн гадаадын төр, засгийн тэргүүн нарын баярын мэндчилгээг аваад үзье. Ерөнхийлөгчид өөрт нь, мөн Монгол Улсад, Монголын ард түмэнд, тодорхой хэлбэр Монгол Төрийн Гадаад бодлогод дэлхий дахинаас өгч байгаа эерэг үнэлгээ дүгнэлт гэж үзэж болно. Үүнийг би ялалт хэмээн нэрлэх саналтай байна.
Жил болгон тэмдэглэдэг Үндэсний их баяр наадмыг Гадаад бодлогоо хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг (зэвсэг гэвэл хатуудах уу?) болгож чадсанд ноён У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын нэг онцлог оршино. Ил биш гэхэд далдуур даян дэлхийгээрээ “Монголын тэр Үндэсний баяр наадам!” хэмээн сонирхдог, сортолздог, магадгүй очиж үзэх юмсан гэх шохоорхдог болсныг бид мэдэрч, харж, бахдаж байна.
Олон тулгуурт гадаад бодлого ямар чухал вэ гэдэг нь геополитикийн ноцтой зөрчилдөөн хуваагдал бүхий өнөөгийн дэлхийд Монголын Гадаад бодлогын идэвхи санаачилгаас тод томруун харагдаж байна. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр Гадаад бодлогоо нэгэн жигд хэмнэлээр, бүгдтэй нь найрсаг байх байр сууринаас явуулж болдог юм байна, тэгээд ч чадаж байна гэдгээ бид илтгэн харуулсаар байна. Ноён У.Хүрэлсүхэд баярын цахилгаан ирүүлсэн энэ олон лидерүүдээс өвөр хоорондоо дайсагналтай, зөрчилтэй, маргаантай маш олон лидер байгаа гэж үзвэл Монголтой харилцах дээрээ “тойрч эвлэлдсэн” зураглал энэ зурагнаас буухаар байна.
Нэг л дүгнэлт байна. Дараагийн 7 дахь Ерөнхийлөгч маань Гадаад бодлогоо хэрхэн томъёолох, тодорхойлох, юунаас, хаанаас эхлэх, ямар уриа дэвшүүлэх вэ гэдэг л Монгол Төрийн, Дипломат албаны, магадгүй судлаач бидний нэг том сорилт болж болох юм хэмээн би үздэг дээ.
2026.07.28
Нийтлэлч Д Баярхүү


Сэтгэгдэл байхгүй байна