
"Apple" компани мэдрэгчтэй дэлгэц бүхий зөөврийн компьютерыг ойшоодоггүй байсан нь саяхан. Гэвч тус компани аравдугаар сарын 28-нд мэдрэгчтэй дэлгэц бүхий анхны "MacBook Pro"-оо танилцуулснаар бүхнийг өөрчиллөө.
Үйлдвэрлэгчид зөөврийн компьютерыг хөдөлгөөнт төхөөрөмжийн эрин үед нийцүүлэн шинэчлэх оролдлогын хүрээнд мэдрэгчтэй дэлгэцтэй болгож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. "Apple" энэ зах зээлд хожуу орж ирсэн ч гэлээ шинэ бүтээгдэхүүн нь хөгжүүлэгчдийн анхаарлыг татна гэж найдаж байна.
Жон Тернус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээсээ хойш цөөнгүй шинэ бүтээгдэхүүн гаргасан. Үүний нэг нь мэдрэгчтэй дэлгэцтэй "MacBook" болж байна. "MacBook", "iPhone Duo" болон "HomeView" зэрэг нь "Apple"-ийн хувьд анхдагч бүтээгдэхүүнүүд юм. Мэдээж эдгээр бүтээгдэхүүн нь "Apple" компани хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэрч чадаж байгаа эсэх, зах зээлд амжилт олох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай хэвээр эсэхийг сорих болно.
Мэдрэгчтэй дэлгэцтэй "MacBook Pro" ирэх сарын 6-наас албан ёсоор худалдаанд гарна. Энэ нь 14 болон 16 инч гэсэн хоёр төрлийн хэмжээтэй байх ба "Apple"-ийн "M5 Pro", "M5 Max" чипүүдээр ажиллах юм. Харин үнийн хувьд жижиг загвар нь 2899, том нь 3399 ам.доллар.
"Microsoft" компани 2012 онд "Windows 8" үйлдлийн системээ гаргахдаа мэдрэгчтэй дэлгэцтэй "Surface" таблет төхөөрөмжөө зах зээлд гаргасан. Тус төхөөрөмж нь энэ зах зээлд анхдагч болж байв. Гэсэн ч үйлдлийн систем нь ойлгомжгүй, төвөгтэй байснаас болж олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээжээ.
Үүний дараа жил "Apple"-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Тим Кук "Манай өрсөлдөгчид төөрөлдчихсөн байна. Тэд компьютерыг таблет болгож, таблетыг компьютер болгож байна. Дараа нь юу хийхийг нь хэн мэдлээ?" гэж шүүмжилж байв. Гэсэн ч энэ шүүмжлэлээс хойш мэдрэгчтэй дэлгэцтэй бүтээгдэхүүнүүд улам сайжирсаар байгаа юм. Одоо ийм төхөөрөмжүүдийг "Dell", "Lenovo" зэрэг томоохон үйлдвэрлэгчдээс өргөнөөр худалдан авах боломжтой болжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN


Сэтгэгдэл байхгүй байна