• Эхлэл
  • ОУВС-ийн хөтөлбөрийн 38,6 сая ам.доллар Монголбанкны дансанд орлоо

ОУВС-ийн хөтөлбөрийн 38,6 сая ам.доллар Монголбанкны дансанд орлоо

2017/05/31

Манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан өдөр эхний ээлжийн санхүүжилт болох 38,6 сая ам.доллар Монголбанкны дансанд оржээ. Засгийн газар, ОУВС-гийнхантай харилцан тохиролцож, тэдний тавьсан шаардлагыг биелүүлсэний үндсэн дээр уг хөтөлбөрт хамрагдсан билээ.

Эрх баригчид уг хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгаа сэргээх, тогтворжуулах, валютын нөөц нэмэгдүүлэх, эдийн засгийн сахилга батаа дээшлүүлэх, төсвийн алдагдлыг бууруулж, хямралаас гарна гэж үзэж буй. Тиймээс Валютын сангийн тавьсан шаардлагыг биелүүлж, эхний ээлжийн мөнгөө зөв зохистой зарцуулж чадвал дараагийн ээлжийн мөнгө орж ирэх юм. 

Тодруулбал, 2019 он хүртэл үе шаттайгаар ОУВС-гаас 434 сая ам.доллар орж ирэх юм.Валютын сангийнхны шаардлага гэж нэрлээд байгаа долоон төрлийн татвараа нэмсэний үр дүнд орж ирсэн 38,6 сая ам.долларыг одоо юунд зарцуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байна.Албаныхны тайлбарлаж буйгаар, эхний ээлжийн санхүүжилтийг Монголбанкинд нөөц нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэснээр валютын ханш тогтворжиж, эдийн засагт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн талаар албаныхан тайлбарлаж буй.

Үүний үр дүнд зах зээл дээрх итгэлцэл сэргэнэ гэсэн тооцоолол хийжээ.Цаашид хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэн дөрвөн тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байгааг албаныхан онцолж байна.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна. Тогтвортой эдийн засгийн бааз суурь бүрдэнэ. Төсвийн алдагдлыг аажимдаа бууруулах зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшинд байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Тэгэхээр Засгийн газар шат шатандаа хэмнэлтийн тогтолцоог бүрдүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

ОУВС манай улсад өгсөн эхний ээлжийн санхүүжилт юунд зарцуулагдаж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа эсэхийг гурван сар тутамд шалгах бөгөөд хөтөлбөрийг хангалтгүй гэж үзвэл цуцлах хүртэл арга хэмжээ авах ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна