• Эхлэл
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг шалгуулахаар АТГ-т хандав

ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг шалгуулахаар АТГ-т хандав

2026/03/18

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нар өнөөдөр /2026.03.18/ Хот байгуулалт, барилга орон сууцжуулалт/ХББОС/-ын сайд Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгийг төрийн албан хаагч нарт орон сууцны урьдчилгаа хэмээн олгож, өөрийн хамаарал бүхий “Опту” компани руу шилжүүлсэн гэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-т гомдол гаргаад байна.

Энэ талаар тэд

“Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 13-нд Live хийхдээ Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад дүүргийн төсвөөс 20-30 сая төгрөгийг орон сууцны дэмжлэг нэрээр олгосон. Уг мөнгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн хамаарал бүхий “Опту” компани руу байрны урьдчтлгаа болгон шилжүүлж, орон сууцаа зарж байна гэдэг асуудлыг ярьсан.

Шилэн Цогоо /Б.Цогтгэрэл/мөн Live  хийж, “Баянзүрх дүүргийн ахлах наягтлан нь хоёр байртай байж 30 сая төгрөгийн урдчилгаа авсан. Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга байхдаа Баянзүрх дүүрэгт  аудит хийдэг байсан хүн Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн дарга болонгуутаа/ 1995 онд төрсөн хүн байж/ байрны урьдчилгаа авсан гээд мэдээлсэн.

Албан тушаалтнууд нь хуульд заасны дагуу шийдвэр гаргаад төрийн албан хаагч нарт орон сууцны дэмжлэг олгож болно. Гол нь энэ шийдвэр нь ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой.

Төсвийн хөрөнгө гэдэг татвар төлөгчдийн мөнгө. Төсвийн 90 хувь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Төлбөр хураамж, торгуулиас бүрддэг.  Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа хэлбэрээр 20-30 сая төгрөг өгөхөөр тэрбум төгрөгийн асуудал болж байна.

Шилэн Цогоогийн мэдээлснээр хоёр орон сууцтай ахлах нягтлан орон сууцны дэмжлэг авсан бол шударга бус. Орон сууцны дэмжлэгийг байргүй хүнд олгох ёстой.  Дээр нь тэрхүү дүүргийн төсвөөс гаргасан хөрөнгө үнэхээр сайд Э.Бат-Амгалангийн хамаарал бүхий “Опту” компани руу шилжиж орсон бол бас ноцтой асуудал, тийм учраас АТГ шалгаж, үнэн мөнийг нь олж, олон нийтэд мэдээлэх ёстой.

Иргэдийн төлөөлөл болж ажилладагийн хувьд бид энэ асуудлыг шалгуулахаар хандаж байна. Дүүргийнх нь төсөв үр дүнгүй зарцуулагдсан байхад сөрөг хүчний төлөөлөгч нар нүдэн балай чихэн дүлий байж таарахгүй. Тийм учраас бид ажлаа хийж байна” гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна