
IJF буюу Олон улсын жүдогийн холбооны цуврал тэмцээн болох Улаанбаатарын Их дуулга өнөөдөр/2026.06.19/ эхэлж байна. Энэ жил таван тивийн 58 орны 454 тамирчин өрсөлдөнө. Ирэх 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн төлөөх чансааны оноо олгож буй гэдэг утгаараа дэлхийн шилдэг тамирчид иржээ.
Шилдгүүдийг дурдвал дэлхий, Европын аварга Оросын Тимур Арбузов, дэлхийн аварга асан Бельгийн Маттиас Кассе, олимпын аваргууд болох Хидаят Гейдаров, Зелим Коцоев, олимп, дэлхийн аварга Абэ Үта гээд л том нэрсийг дурдаад дуусахгүй.
Харин Монгол Улсаас нийт 14 жинд 56 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч орон гэдэг утгаараа нэг жинд дөрөв хүртэлх тамирчин илгээж байна. Энэ дунд дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Э.Ариунболд, Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ, Б.Сүхбат тэргүүтэй өнөө цагийн шилдгүүд бий.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66 кг болон эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг-ын барилдаанууд болно.


Сэтгэгдэл байхгүй байна