
Улаанбаатар хотын бас нэгэн маргаант сэдэв бол мопед, скүүтер. Түгжрэл нь түг болсон хотынхны хувьд цаг, нараа хэмнэж газар дөхөхийн тулд мопед, скүүтер бол хамгийн таатай хэрэглээ, ялангуяа богинохон зуны улиралд.
Нөгөө талаасаа угаасаа л мопед, скүүтер битгий хэл явган хүн явахад ч хэцүү замын нөхцөлтэй нь бас үнэн. Дээр нь залуучууд хүүхдүүд голдуу мопед, скүүтерийн хэрэглэгчид байдаг болохоор гэнэт энд тэндээс сүрхийтэл гарч ирж цочоож сандраахаас эхлээд үй түмэн осол гарч, хүний амь ч хохирч байна. Тийм болохоор яалт ч үгүй зохицуулалт хийх шаардлага тулгарсан энэхүү асуудлаар хуульд өөрчлөлт оруулан шийдвэр гараад байгааг та бүхэндээ сануулья.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өөрчлөгдсөнөөраа таны зүгээс хэрхэн ёстой вэ гэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Хуулийн энэ өөрчлөлт долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ шүү.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ямар асуудлыг шийдэв?
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
- Тээврийн хэрэгслээ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлнэ.
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
- Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдээ мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
- Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлагын даатгалд хамрагдана.
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг зохицуулалтыг тусгасан.
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг боловсруулж, тогтоолоор хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмыг шинэчлэн батлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгаад байна.


Сэтгэгдэл байхгүй байна