“Монголоо олоод ирлээ шүү дээ” хэмээн сааралтаж, зангирсан хоолойгоор дуугарч, хэн нэгэн элгэндээ наах аваас хүүхэд шиг асгартал уйлж мэдэх өвгөн лам төрийн ордны босгоор алхаж, есөн хөлт цагаан тугандаа мөргөн хүндэтгэл үзүүлээд мордлоо. Тэрбээр Дилав хутагтыг даган нутаг усаа орхиж гарсан олон арван шавийнх нь нэг. Тодруулбал, 1964 онд Монголоос АНУ-д очсон анхны монгол хүмүүсийн нэг.
Эдүгээ 85 насны сүүдэр зооглож яваа өвгөн лам Лувсанхайдав гуайг эх орондоо анх удаагаа ирэхэд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц. Хулан хүлээж авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх маань хэдхэн жилийн өмнө хашиж явсан сэтгүүлчийнхээ ажлыг хийж, өвгөн ламтай ярилцсаныг нь тэмдэглэж авснаа уншигч танд сонирхуулъя.
–Та амгалан морилж явна уу. Бие лагшин тунгалаг уу. Намаржаа тавлаг уу?
-Би 1964 онд Монголоосоо гарч, 53 жилийн дараа эх нутагтаа анх удаа ирлээ. Монголоо олоод ирлээ дээ. Их сайхан байна. Миний хүүхэд байсан үеийнхээс их зүйл өөрчлөгджээ. Монгол минь үнэхээр сайхан болжээ. Агаар салхи нь ямар ч сайхан юм. Бас ямар үед бие биеэ гэдэг монгол хүний сайхан сэтгэл хэвээрээ байна. Үр хүүхэд минь сайн яваг гэж цай сүүгээ өргөхөөс эхлээд эх дэлхий, хамаг амьтны сайн сайхны төлөө залбирч байдаг монгол ёс заншил минь хэвээрээ байгаа нь хамгийн агуу зүйл. Би зүтгэсээр ирлээ. Эх орондоо ирэх шийдвэрийг гаргахдаа энэ боломжийг алдах л юм бол дахиж хэзээ ч очиж чадахгүй гэж бодож байлаа. Харин одоо чадал л байвал ирнэ гэж бодогдож байна. Монголын төр надад ийм сэтгэгдлийг төрүүллээ. Их сайхан хүлээж авлаа. Дахиад ирнэ ээ. Монголдоо ирээд нэлээд хэд хоночихлоо. Буцах дөхөж байна.
–Та хууль ёсыг чанд сахидаг АНУ-аас иргэншил авч, тэнд амьдарч байгаа монгол хүн. Монголдоо ирээд Төрийн ордон руу нэвтрэхэд ямар санагдав. Төрийн ордон руу жинсэн өмд, пүүзтэй хүнийг нэвтрүүлдэггүй учраас хүү чинь гадаа үлдчихлээ?
-Монголчууд төрөө өнө эртнээс дээдэлсээр ирсэн. Төрийн минь сүлд өршөө хэмээн залбирч суудаг ард түмэн. Төрийн ордны дэг ёс чанга байгаа нь маш зөв. Хууль чанга байх тусмаа Монголд минь л сайн шүү дээ.
–Та өөрийн түүх намтар болон АНУ руу хэрхэн цагаачилсан талаараа хуучилна уу?
-Миний төрсөн нутаг, хошуу бол Зүүн Сөнөд. Тэнд төрсөн ч Баруун Сөнөдөд өссөн хүн. Одоогийнхоор Сүхбаатар аймгийн Дарьганга сумын урд хэсэг юм байна. Яагаад Баруун Сөнөдөд өссөн бэ гэвэл, тэр үед номтой сайн лам нар тэнд ирж, хийд байгуулан гарын шавь нартай болж байж л дээ. Манай сүм 300-гаад шавьтай байсан юм. Би хоёр настайдаа их хүнд өвдөж, аав, ээж минь тэр хийдэд бараалхан лам багшаар ном уншуулж тогтоолгосон гэдэг. Тэгээд зургаан настайдаа дахиад хүнд өвдөхөд нь багш ламдаа “Та энэ хүүхдийг ав“ гээд өгчихсөн юм билээ. Багаасаа бурхны ном үзэж, сүм хийдэд шавилсан. Миний багш Да лам Намжилдорж Дилав хутагтын шавь байсан. Гүмбэн, Лхас руу явахдаа намайг дагуулна. Би тэр үед долоон настай байсан. Цаг эвгүйтэхэд Дилав хутагт шавь нартаа “Та хэд түрүүлээд Лхас руу явж бай, би араас чинь очно” гэсэн юм билээ. Дилав хутагтын өөрийн шавь Жамбалдорж, манай багш Да лам Намжилдорж, миний бие болон Очир дарь хувилгаан Лхаст дараа нь очсон. Тэнд хэсэг байж байгаад Дилав хутагттай уулзсан. Тэндээс Дилав хутагт АНУ руу явахад би Энэтхэг рүү явсан. Энэтхэгт амьдарч байтал 1964 онд Дилав хутагт бие нь чилээрхэж өөрийн ойр дотны хэдэн хүнээ татаж авъя гэж АНУ-ын Засгийн газарт хандсан. Ингээд Дилав хутагтын өөрийнх нь шавь Жамбалдорж, манай багш Да лам Намжилдорж, миний бие болон Очир дарь хувилгаанд урилга ирүүлснээр бид тэнд очсон. Бас хутагтын дагуул, бараа бологч гээд нэлээд хэдэн хүн байсан. Түүнээс хойш Америкт амьдарч байна. Монголдоо нэг ч ирээгүй. Нас дээр гарч, эх нутагтаа очъё гэж зориод ирлээ. Хүсэл мөрөөдөл минь биелсэнд баяртай байна.
–Тэгэхээр та чинь Дилав хутагтын дэргэд байсан, түүнийг сайн мэдэх сүүлчийн амьд гэрч байна шүү дээ?
– Тийм ээ, 1940 оноос 1965 оныг хүртэл шавилж байлаа. Тэгэхээр мэднэ.
–Америкт анх очсон, тэнд суурьшсан анхны монголчуудын нэг нь та. Та бүхэн анхны Монгол судлалыг бий болгосон гавъяатай улс шүү дээ.
– Монгол судлалыг дэлгэрүүлэхэд Дилав хутагтын оруулсан хувь нэмэр, үзүүлсэн нөлөө асар их. Да лам Намжилдорж багш маань Америкийн Берклийн их сургуульд багшилж байсан, хүндэт профессор. Тэнд монгол, түвд, уйгаржин монгол бичгийн номуудыг орчуулан гаргаж байсан. Хэвлэлийн жижиг үйлдвэртэй байв. Мөн Индианагийн их сургуулийн монгол судлалыг Хангины Гомбожавтай хамтран эхлүүлсэн. Бас Гомбожав гуайг анхны Англи-Монгол хэлний толь бичгийг гаргахад оролцож байсан. Багшийн маань гараар бичиж гаргаж байсан судрууд одоо Берклийн их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа.
–Багшаас танд сургасан, захисан ямар зүйлүүд байна?
-Ирээдүйд бурханы шашин дэлгэрэх сайн цаг ирнэ. Номоо үзэж байгаарай гэдэг байсан. Гомбожав хамбаас өөрт нь барьсан соёмбо үсэгтэй хадгийг аваад “Монгол хүн хэдий харь газарт яваа ч Өндөр гэгээн Занбазарынхаа зохиосон соёмбо үсэгтэй хадгийг өвөртөлж явахад толгой өөдөө, сэтгэл тэнүүн алхах ёстой. Сайхан цаг ирнэ” гэж байсан даа. Тэр хадаг надад бий. Өнөөдөр Монголдоо ирж, Төрийн ордондоо орж, есөн хөлт цагаан тугандаа мөргөж залбирах хувь тохиол надад байсан байна шүү дээ.
– Монголын сүүчлийн хутагт хэмээгддэг Дилав хутагт маань ямар шидтэй хүн байв?
-Хэн нэгэн өөрийн ажил, амьдралын зам мөрийг асуухад шууд хэлдэг, ирээдүйд болох зүйлийг ч урьдчилаад хэлчихдэг хүн байсан. Эрт цагт шид үзүүлсэн, эрдэм чадалтай хүмүүст хутагт цол олгож байсан түүхтэй.
–Та Америкт монгол дээлээ байнга өмсдөг үү?
-Хааяа өмсдөг. Наашаа ирэхдээ шинэ дээл хийлгэж өмсөөд гарсан.
–Таныг АНУ-ын Калифорнид Монголынхоо гар урлал, модон эдлэлийг хийж, ёс заншлаа сурталчилж байсан гэж дуулсан?
-Бурхан, шашны жижиг юм хийж байсан. Монголоос очсон хүмүүст гар урлал хийх талаар жаал жуул юм зааж өгч, ажил олтол нь дэргэдээ байлгадаг байлаа. Сүүлд монгол ёс заншлын төв ажиллуулдаг болсон, одоо ч байгаа.
–Танд их баярлалаа. Дахин уулзахын ерөөл тавъя.
-Баярлалаа. Монголчуудын минь заяа өөдөө байг.
Сэтгэгдэл байхгүй байна