• Эхлэл
  • Гээгдсэн жилүүдээ нөхөх цаг

Гээгдсэн жилүүдээ нөхөх цаг

2017/10/31
-Тэтгэвэрт гарах нь тэнгэрийн хууль-


Цаг хугацаа бидний хэнийг нь ч хүлээдэггүй. Хүн болгонд ижил тэгш олддог энэ боломжийг хэрхэн ашиглах, яаж өнгөрүүлэх нь угтаа амьдралын чанарыг тодорхойлж байдаг хэмжигдэхүүн мөн. Амжилт хийгээд алдаа, оноог зөвхөн цаг хугацаагаар баримжаалж, өөрсдийн амьдралаа бид эргэн дэнсэлж болох юм. Залуу насны чадал доройтох үед, ажлын ачааллаа дааж үл дийлэх тэр цагт амьжиргаагаа таслахгүй залгуулах хэмжээний орлого хамгаас чухал. Үүнд бид их, бага хэмжээгээр бэлтгэлтэй агаад хариуцлагатай хандах учиртай. Гэнэт л санаж сэрээд тэвдэх бус өвөө, эмээ болох өтөл насныхаа санхүүгийн “эрх чөлөө”-г одооноос тооцоолох шаардлага урган гарч байна. Аливаа юмс үргэлж цаг цагаараа байдаггүй. Хүн ч ялгаагүй тэр билээ.

“Тэтгэвэрт гарах хол байна даа” гэж алгуурлах тусмаа бид цаг их алддаг. Энэ хэнэггүй байдлаасаа болж хэчнээн олон жилийг гээгдүүлснээ яагаад заавал хожим ойлгох ёстой гэж. Ялангуяа нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах иргэд насны өндөрт тэтгэвэр тогтоолгох гэж түмэн бэрхшээлтэй нүүр тулдаг. “Залуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж явсан” үе хүний амьдралд бишгүй. Хэдий ийм боловч өөрийнхөө ирээдүйд хүйтэн хандаж үл болно. Ийм байдлаас үүдэн гарах сөрөг үр дагавар нэгээр зогсохгүй. Тиймээс ирээдүйн тогтвортой орлогынхоо төлөө өнөөдөр нийгмийн даатгалд хамрагдах ёстойг эрт ухамсарлах тусмаа эрсдэлээ хаана гэсэн үг. Өөртөө болон гэр бүлдээ хайртай бол нийгмийн даатгалын шимтгэлээс дөлөх хэрэг юу байна уу.

Чингэлтэй дүүргийн XIII хороонд амьдардаг Д.Түмэндэлгэр хотод суурьшаад арав гаруй жил болж байна. Түүнд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн гэх үнэмлэхээс өөр хүнд үзүүлчих зүйл үнэндээ байсангүй, 2006 онд. Орон хотын амьдралд учраа олох гэж явсаар гурван жил хар бор ажилд нухлагдсан тэрбээр нийгмийн даатгал гэж тухайн үед төлж байсангүй. Улирлын чанартай ажил голдуу хийж байсан болохоор даатгалын талаарх ойлголт ч дутуу дулимаг явж. Ажилд авсан газар ч нийгмийн даатгалын талаар дурдах нь бараг үгүй. Цалингаа л бүтэн авч байвал болох нь тэр гэж Д.Түмэндэлгэр эхэндээ бодож явлаа. Харин хорооны ажилтан түүнд нийгмийн даатгалын ашиг тусыг тайлбарлаж өгснөөр мань хүн ирээдүйд авах тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг долоон жилийн өмнө ийнхүү бүрэн хүлээн авчээ. Үүнээс хойш сар болгон нийгмийн даатгалд сайн дураар банкны зээлээ төлж байгаа мэт хариуцлагатай хандах болсноо өгүүлж байна. Түүнтэй хамт ажиллаж байсан залууст ч дээрх байдал бас л давтагдсан аж. Гэхдээ хорооны ажилтан болгон хэлээд байх нь ховор. Тиймээс цаг хугацаа энэ хооронд багагүй үрэгджээ.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон чөлөөт уран бүтээлч, малчин, лам санваартан нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах боломжтой. Заавал төрийн албан хаагч, аль нэг компани, үйлдвэрт ажиллаж байж нийгмийн даатгал төлөх эрх нээгддэг юм бишээ. Ийм зөрөөтэй ойлголт бас байна. Бид хүсвэл өөрсдөө энэ хаалгыг нээж болно. Гэтэл өөрийнхөө төлөө бид цаг хугацаа зарцуулах бус эсрэгээрээ харамлах нь түгээмэл. Хоршооны гишүүн атлаа даатгалаас өөрийгөө завсардуулах тохиолдол ч гарсан байсан. Энэ байдлаасаа болж өөрсдөө хохирогч болоод үлддэг. Нийгмийн даатгал зөвхөн тэтгэвэрт гарахад хэрэг болдог, үүнд л зориулсан өглөг бас авлага биш юм. Хэлж бус хийсч ирдэг хагацал, зовлонд ч тэтгэмж, тусламж болж, нийгмийн эрсдэлээс хамгаалдаг. Тиймээс хожим үр ашиг нь бодитой гарах хөрөнгө оруулалт гэж нийгмийн даатгалаа харах учиртай. Тэрчлэн ипотекийн зээл хөөцөлдөхөд ч өнөөх шимтгэл төлсөн дэвтэр орлогыг тодорхойлох баримт. Тоймлон хэлэхэд, эрсдэлийг хааж байдаг "бамбай".

Албан татвар гэж нийгмийн даатгалаас төвөгшөөх бус ахуй амьдралаа авч явахад нэмэр болох хуримтлал гэж үүнийг энгийнээр ойлгож болох юм. Өнөөдрийн нөхцөлд суутгуулсан хийгээд төлсөн мөнгөө үр хүүхэддээ өвлүүлж болохгүй ч дунд хугацаанд ийм зохицуулалт бий болно гэж найдна. "Эв санааны зарчим"-д тулгуурласан манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж өнөөдрийн төрхөө олсон. Олны дунд нийгмийн даатгалын хууль эрх зүйн мэдлэг нимгэн байдлаасаа болж ажил олгогчтой тэрсэлдэх маргаанд ялалт бус ялагдал хүлээсэн хүн түгээмэл таардаг.  Үүнийг халах боломж хажууд байна. Тэр нь, бэлээхэн байгаа хуулиа уншиж судлах явдал юм.

Дэлхийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад, нийгмийн даатгалын талаарх бидний ойлголт бас л сайнгүй хэвээр. Гэхдээ Азийн орнуудад нийгмийн даатгал Европтой харьцуулахад хожуу хөгжсөн ч гэлээ шинэ шатанд гарч чадсан билээ. Үүний ололт ч манай улсад хэдийнэ тусгалаа олжээ. Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо Япон, БНСУ болон Индонези, БНХАУ-аас төдийлэн хоцрогдсон нь бага юм билээ. Нийгмийн даатгалын тогтолцоо төлөвшсөн эдгээр орнууд хүн амын бүтэц, эдийн засгийн хөгжлөөрөө биднээс хавьгүй олон, хувь илүү. Тэрчлэн энэ улсуудад нийгмийн даатгалаа сайн дураар төлж байдаг иргэдийн ирц, идэвх өндөр. Үүнийг дотооддоо нутагшуулахад саад болж байгаа нь сэтгэлгээний ялгаа. Энэ хандлагаа өөрчлөх цагт урьдын байдал ч халагдах нь лавтай.

Эдийн засгийн тамир тэнхээ, нөөц боломжоороо манай улсаас илүү гарсан ч ганц төрлийн тэтгэврийн тогтолцоог хэрэглэж байгаа орон цөөнгүй байна, цаана чинь. Харин манайх хоёр төрлийн буюу нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэртэй орны тоонд багтдаг. Нийгмийн даатгал нь дотроо албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Сайн дурын даатгалд хамрагдсан иргэний өмнө тэтгэвэрт гарахын зовлон үгүй. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр цаг хугацаа алдсан, эдийн засгийн нөхцөл бололцоо тааруу байсан он жилүүдээ нөхөх нөхцөл иргэдэд бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын дэвтэр дээр алга болсон жилүүдээ сэргээх боломж гарлаа. Энэхүү боломжийг нийтээрээ ойлгосон цагт “эв санааны зарчим”  одоогийн нөхцөлд илүү хүчирхэг болох нь дамжиггүй.

 
 
Эх сурвалж:"Засгийн газрын мэдээ" сонин 
Б.Баяртогтох

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна