Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх тухай саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргасан талаарх мэдээлэл хурц маргаан дэгдээгээд байгаа. Энэ талаарх нийтлэлч Сэмүүний нийтлэлийн хэсгээс хүргэж байна.
Өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэгт цаазын ялыг оноодог байсан боловч 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзэж, 2015 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар цаазаар авах ялыг албан ёсоор халсан билээ. Гэвч ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр хийсэн мэдээллээс болж цаазын ялыг сэргээх тухай яриа тавин жилийн дараа дахин босч ирэв. ХЭҮК-ийн мэдээллээр сүүлийн нэг жилд 2-17 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Чухам энэ мэдэгдлээс болж цаазын ялыг сэргээх асуудал сөхөгдсөн үү, эсвэл цаазын ялыг сэргээхийн тулд уг мэдээллийг хийсэн уу гэдэг чухал биш. Баримт гэвэл насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдсэн байна (Гэхдээ гэмт хэргийн гаралт нэмэгдсэн үү, эсвэл илрүүлэлт, бүртгэл нэмэгдсэн үү? гэдэг дахиад өөр асуудал). Харин цаазын ялыг халах нь Ерөнхийлөгчийн хүсэл. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд хуульчдийн баг хөлсөлнө үү, ХҮЭК-ийг хөдөлгөнө үү, тэр хүний эрх. Харин хууль тогтоогчдын зүгээс олон нийтэд “Цаазын ял халсныг улмаас хүчингийн гэмт хэрэг нэмэгдлээ”, эсвэл “Цаазын ялыг сэргээх нь гэмт хэрэгтэй тэмцэх арга” мэтээр ухуулах, ийм сэтгэлзүйг бий болгох нь эмзэглүүштэй зүйл мөн. Монгол Улс цаазын ялыг халах, хуулийн бодлогоо энэ түвшинд аваачихын тулд хичнээн урт замыг тууллаа даа. Сайн, муу хэлэгддэг ч Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Монгол Улсын олсон ололт энэ.
Цаазын ялыг шүүмжилдэг хүмүүс хоёр зүйлийг иш үндэс болгодог. Эхнийх нь шүүхийн практик. Хуульч, судлаач О.Мөнхсайхан докторын хэлснээр шүүхээс 2000 онд нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар гурвынх нь ялыг өөрчилж, хоёрыг нь хүчингүй болгосон байна. Практикаас үзэхэд цаазын ял оногдуулсан тогтоолын 30 орчим хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаруй хувь нь хүчингүй болдог. Энэ бол шүүхийн шийдвэр цаг ямагт үнэн зөв байдаггүй, гэм буруугүй хүний амь хилсээр хохирох магадлалтай гэсэн үг. Олон нийтэд ил болсон жишээг сануулахад Завханы н.Эрдэнэ-Очирын хэрэг гэж бий. Түүнийг зургаан жил найман сар хорьж, гурван удаа цаазын ял сонссгосны эцэст нь гэм буруугүй болохыг нь тогтоожээ. Мөн ах нь төрсөн дүүгээ хүчиндсэн хэргээр цаазын ял оноож, ялыг гүйцэтгэснээс хойш таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэнг илрүүлсэн түүх ч байна. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаазын ялд моратори зарласан нь огт үндэслэлгүй зүйл биш юм.
Хоёр дахь нь, цаазын ял бол хүний амьд явах эрхийг төр өөрөө зөрчиж буй хэрэг, хүн хүнээ алахыг эсэргүүцдэг атлаа хүний амь хөнөөх эрхийг төр өөртөө авах нь шударга бус гэх үзэл. Ийм шалтгаанаар олонхи улс орнууд цаазын ялаас татгалзаад байгаа. Гэхдээ тэдгээр улс орнуудад хүнд гэмт хэргүүд огт гардаггүй, хүчин үйлдэгддэггүй гэсэн үг биш. Зүгээр л цаазын ял гэмт хэргийг бууруулдаггүй гэдэг нь амьдрал, практикаар нотлогдсон учраас тэр. Тиймээс тэрбум илүү хүн амтай, ялын бодлогоор хамгийн хатууд ордог Хятад улс хүртэл цаазын ялаас татгалзах тухай ярьж эхлээд байгаа. Харин гуравхан сая хүнтэй Монгол Улс цаазын ялаас татгалзлаа гэх мэдээлэл олон улсын хүний эрхийн байгууллагуудын Монгол руу харах харцыг өөрчилсөн. Ял гэдэг хариуцлага болохоос өс хонзон биш. Тиймээс Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай” хуулийг 2012 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа соёрхон баталж, цаазын ялыг албан ёсоор халах үүрэг хүлээсэн. Дээр нэр гарсан манай ХЭҮК-ийн нөхөд ч бас энэ асуудлыг ахин дахин судалж үзээд “цаазаар авах ялыг халах нь зүйтэй” гэдэг санал, зөвлөмжийг нэг бус удаа гаргасан байдаг.
Хуульчид, хууль тогтоогчдын ил гаргаж ярьдаггүй бас нэг зүйл бол “цаазын ялыг хэн гүйцэтгэх вэ?” гэдэг асуудал. Манайд цаазын ял гүйцэтгэдэг тусдаа мэргэжилтэн, орон тооны “зандалчин” гэж байдаггүй. Ял гүйцэтгүүлэхийн тулд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт аль нэг байгууллагаас бараг хүчээр хүн томилдог. Тиймээс ял гүйцэтгэх явцад ямар нэг эндэгдэл гарах нь бараг л зүй тогтол. Нүдээр харах байтугай чихээр сонсомгүй хирдхийм үзэгдэл болж өнгөрдөг тул ял гүйцэтгэх хүн олддоггүй тухай сонсч л байсан. Албан хүчээр дуудагдаад ял гүйцэтгэсэн хүн ч гэсэн сэтгэлзүйн хувьд ямар байдалд орох вэ? Цаазын ялаас татгалзах болсон эцсийн гол шалтгаан энэ. Хэдийгээр төр ял оноож байгаа боловч түүнийг хүн л гүйцэтгэнэ шүү дээ. Тиймээс л ганц манайх биш, дэлхий нийтээрээ энэ ялыг харгис бурангуй, халъя солъё гээд байгаа юм. Эрүүгийн хуульд цаазын ял байх үед ч Монгол Улс цаазын ялыг тэр болгон гүйцэтгээд байгаагүй, 2010 оноос хойш цаазын ялыг огт гүйцэтгээгүй. Цаазын ял сонссон бүх ялтан, 2006 онд СЗХ-ны дарга Ч.Бадраагийн амийг хөнөөсөн “Гэр хорооллын барилгажилт”-ын Ц.Түмэнгэрэлээс бусад нь бүгд Ерөнхийлөгчөөсөө “амь хэлтрүүлж өгөөч ээ” гэж өршөөл хүссэн байдаг. Ерөнхийлөгч цаазын тогтоол гарын үсэг зурсны дараа сая ялыг гүйцэтгэдэг. Хэрэв Ерөнхийлөгч гарын үсэг зурахгүй бол ялыг гүйцэтгэдэггүй. Үүнийг моратори гэж нэрлээд байгаа. Эсвэл Ерөнхийлөгч ялтны хүсэлтийг хүлээж аван өршөөл үзүүлбэл цаазын ялыг хорих ялаар сольдог. Ийм эрх мэдлийг өөр дээрээ авах гэж зүтгэх нь хэвийн сэтгэл зүйтэй хүний барагтай хүсээд байх зүйл биш.
Дээр нь ял гүйцэтгэх ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Ял гүйцэтгэсний дараа цогцос нь ч олдох боломжгүй. Тиймээс гүйцэтгэчихсэн байлаа гэхэд ар гэр нь мэдэхгүй, гүйцэтгээгүй байлаа гээд мэдэх боломжгүй. Тиймээс цаазар авсан ялтан нь тэнд энд явж байна, бохир ажилдаа ашигладаг гэнэ, гадаадад гарсан гэнэ гэх яриа, хар сэр ч хаа нэгтээ явж л байдаг. Яагаад гэвэл цаазаар авах ял оноосноор хүний тооноос хасагддаг, цаазын ялыг нууцаар гүйцэтгэдэг учраас хэн ч үүнд хяналт тавих боломжгүй. Харин бүх насаар нь хорих ял бол өөр хэрэг. Ядахдаа л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэлтэй учраас мэдээлэл нээлттэй.
Нэртэй улстөрч, хуульч хүн хуулийн сургуулийн оюутнуудтай уулзаад ярьж байна. “Одоогоос 3000 шахам жилийн өмнө (МЭӨ VIII-МЭ VI зуун) тогтож байсан Ромын эзэнт гүрний үед хүний жам ёсны эрх буюу “jus naturale”-ийн тухай ярьдаг байжээ. Гэтэл өнөөдөр 3000 жилийн дараа ч дэлхий дээр эхнэр нь нөхрөө хуурвал чулуугаар цохиж алдаг ялтай улс орон байсаар байна. Хуулийн бодлого үндэстнийхээ онцлог, хөгжлийн түвшинд тохирсон байх ёстой” гэв. Харин миний бодоход хуулийн бодлого ч тэр, хувь хүний хөгжил ч гэсэн хүн төрөлхтний хүрсэн ололт амжилтаас зүүгдэж урагшлах ёстой. Тэгж бие биенээсээ суралцаж байж дэлхийн улс гүрнүүд өнөөдрийнхөө хөгжлийн өндөрлөгт хүрсэн байх. “Нүүдэлч Монголын удам билээ” гээд хотын гудамжинд хормой сөхөөд, өмдөө тайлаад суудаггүйтэй адил (ийм соёлд хүрэхийн тулд монголчууд бас ч гэж хэдэн арван жилийг туулсан юм шүү) эрүүгийн нөхцөл байдал хүнд учраас гээд “буудвал хариу буудаад, хутгалбал хариу хутгалаад бай” гэдэг хууль гаргаж болохгүй биз дээ.
Тиймээс л “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг дундад зууны үеийн шүүлтээс шат ахиж, гэмт хэрэгтэнтэйгээ тэмцэх биш, гэмт хэрэг гарч байгаа шалтаг, шалтгаантай нь тэмцэх ёстой гэсэн үзэл номлол өнөө цагт бий болоод байна. “Хүчингийн хэрэг гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна, хүчингийн хэргийн тал хувь нь хохирогч тал “гомдолгүй” гэснээр хэрэгсэхгүй болж байна” гэх атал хүүхдийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч нуун дарагдуулаад байгаа эцэг эх, хамаатан садангуудтай хариуцлага ярих, хандлага, сэтгэлзүйг нь өөрчлөхийн оронд гэрч хохирогчдыг хамгаалдаг тогтолцоо, Тахарын албаа татан буулгасан нь бас л төрийн хариуцлага. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гараад байгаа нөхцөл шалтгааныг арилгах, гэмт хэрэг үйлдэгдсэн бол илрүүлдэг байх нь төрийн хариуцлага. Үүнийхээ оронд гэмт хэрэг үйлдсэн бол “алаад бай” гэх нь төр өөрийнхөө хүлээх үүрэг, хариуцлагаас зугтаж буй хэрэг. Наанадаж 10-20 жилийн ялаас зугтаж гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа хүмүүс алах ялтай хэрэг дээр мэдүүлэг өгч гэрчлэх үү? гэдэг бас л асуулт. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч ч гэсэн “цаазын ялыг сэргээнэ” гэх чулуу хөөхийнхөө оронд гэрч, хохирогчдыг хамгаалдаг тогтолцоогоо эргэж харах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрэг биш болгож байгаа хүмүүсийнхээ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ тэр нь цаазын ялаар хэмжигдэх ёсгүй. Цаазын ял бол хамгийн хялбар мөртлөө үр дүнгүй арга гэдгийг л ахин дахин нуршаад байна л даа.
Нийтлэлч Сэмүүн
Нийтлэлийг бүрэн эхээр нь дор дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна