Г.Сурахбаяр: Олон улсын түвшинд хүрэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтээ хангах гэж байгаа нь сайшаалтай
Энэ арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдсан билээ. УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнөөр уул уурхайн хөгжлийн өнөөгийн байдалд үнэлт, дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх арга замаа бодлогын хэмжээнд тодорхойлсон өндөр ач холбогдолтой хурал боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ талаар уул уурхайн салбарт сүүлийн 10 гаран жил, судлаач, зөвлөх бизнесийн чиглэлээр ажиллаж буй, салбарын тогоонд багагүй хутгалдсан “Ашигт малтмалын эрх зүй судлалын сан” ТББ-ын гишүүн Г.Сурахбаярыг үгийг дуулахыг зорьсон юм.
-Юуны өмнө “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт зөвлөгөөнөөр ямар асуудлыг хэлэлцэв гэдгээс яриагаа эхлэе?
-Уул уурхайн салбарын 95 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Уул уурхайн яамнаас дөрвөн бүсийн чуулга уулзалтыг энэ жил зохион байгуулсан. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Ховд аймагт бүсийн чуулга уулзалт боллоо. Бүсийн чуулга уулзалтаар төр захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагаа, иргэд аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг сонсон уул уурхайн салбарын бодлогыг боловсруулахад анхаарах зүйл юу байна гэдгийг мэдэх бололцоо бүрдсэн. Уул уурхайн салбарын нэгдсэн бодлогыг гаргадаг, ярилцдаг нэгдсэн уулзалт байхгүй явж ирсэн зэрэг учир шалтгаан дээрээс үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт хурлыг зохион байгуулсан юм. Энэ хурлыг зохион байгуулагчид асуудлыг гурван бүлэг хэсгээр харсан юм билээ. Нэгдүгээрт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2030 он хүртлэх үзэл баримтлалаа баталчихсан. Тэр бодлогын бичиг баримтаар бол нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийнхоос даруй 3-4 дахин нэмэгдүүлнэ гэсэн байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг ханган биелүүлэхэд уул уурхайн салбар ямар ач холбогдолтой юм бэ? Өнөөдөр уул уурхайн салбар ДНБ-ийн жин дарах салбар гэж бид ярьж байгаа боловч улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг биелүүлэхэд уул уурхайн салбар ямар ач холбогдолтой байх вэ гэдгийг томьёолсон. Уул уурхайн тогтвортой хөгжил гэж юу вэ, уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад бид нар уул уурхайн салбараа ямар түвшинд авч явах ёстой юм бэ гэдгийг Уул уурхайн сайд бодлогын түвшинд оролцогч талуудтай харилцан ярилцаж санал солилцсон. Хоёрдугаарт, энэ салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ гэдгийг үндсэндээ томьёолж гаргаж ирсэн. Тухайлбал, бүсийн чуулга уулзалтаас гарсан санал хүсэлт, гомдол, зөвлөмж дээр үндэслэн багцалж эрэмблэн асуудлыг гаргаж байна. Мөн Уул уурхайн яамнаас олон улсын тайлан судалгааг авч үзсэн юм билээ. Олон улсын сэтгүүлд гаргасан тайлангаас үзэхэд дэлхийн орнуудын хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлгээний судалгааг гаргахдаа таван ангиллаар авч үзсэн байна. Манай улс гурван ССС ангилал буюу дундаас доош үнэлгээтэй гарчээ. Уул уурхайн салбарын бодлогыг зайлшгүй авч үзэн, хөгжлийг хойш чангааж буй алдаа оноогоо олж харахгүй бол болохгүй гэсэн дохио энэ бас мөн юм. Засаглал, хууль эрх зүйн орчин, нийгэм байгаль орчин, дэд бүтэц, санхүү төсөв мөнгө гэсэн таван шалгуур үзүүлэлтээр гарсан энэ судалгааны тайлан бол хамгийн сүүлийн баримт, үнэлгээ юм. Үүнээс онцгойлоод үзэхэд Монгол Улсыг дунджаас доогуур үнэлгээ рүү оруулахад нөлөөлсөн гол хоёр хүчин зүйл байгаа нь харагдана. Энэ нь хууль эрх зүйн орчин, дэд бүтэц юм. Түүнчлэн уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг хөгжүүлэх ямар боломж байна вэ зэрэг зургаан асуудлыг хурлаас гарган ирж томьёолсон. Энэ зургаан асуудлын хүрээнд илтгэлүүд тавигдаж, үүний дараа хэлэлцүүлэг өрнөсөн.
-Та хурлын гол илтгэгчдийн нэг байсан. Та илтгэлээрээ ямар асуудлыг хөндөж тавив?
-“Уул уурхай ба байгаль орчин” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Миний хөндсөн гол санаа бол уул уурхайн салбар байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм гэсэн иргэдийн дундах нийтлэг ойлголтын цаана чухам юу байна вэ гэдгийг гаргаж тавихыг зорьсон. Ер нь уул уурхайд тогтвортой хөгжил гэдэг нь яг юу гэсэн ойлголт юм бэ гэдгийг хөндсөн. Дэлхийн улс орнууд уул уурхайн асуудлыг байгаль орчинтой яаж өөр хооронд нь холбож байна вэ гэдгийг бас харуулсан. Уул уурхайн салбараас гардаг ТЭЗҮ, Байгаль орчны салбараас гардаг Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ гэсэн хоёр бичиг баримтын өөр хооронд нь уулзуулах бодлогын бичиг баримт бол олон улсад уурхайн хаалтын төлөвлөгөө гэдэг бичиг баримт буюу эрх зүйн зохицуулалт юм. Манай улсад уул уурхайн хаалт бараг хэрэгждэггүй шахам, эрх зүйн зохицуулалтсул байна гэж хэлж, болно. Монгол Улсад уурхайн хаалт яагаад сул байна вэ гэдгийг АПЕК буюу Ази, Номхон далайн орнуудаас гаргасан судалгаагаар харж болно. Тэрхүү судалгаагаар уурхайн хаалттай холбоотойгоор 75 шалгуур үзүүлэлт байдаг гэдгийг тогтоосон. Тэрхүү бичиг баримтыг манай улсын уурхайн эрх зүйн зохицуулалтаар жишихэд 75 үзүүлэлтийн дөнгөж 10 хувийг нь мөргөж байна. Энэ нь өнөөдрийн манай байгаа хууль тогтоомж бусад 50, 60 үзүүлэлтийг хангаж чадахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар, байгаль орчны асуудалд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтын асуудалд үнэхээр хийдэл байна гэдгийг харуулж байна. Би илтгэлээрээ энэ хоёр чухал салбарыг уулзуулдаг бодлогын зохицуулалт дутуу байна гэдгийг харуулсан. Цаашид энэхүү зохицуулалтыг бодлогоор хийж байж бодлогын түвшинд зүгширнэ. Улмаар байгаль орчныг зөв зохистой хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж чадна. Миний тавьсан илтгэлээс гадна бусад таван илтгэл маш сонирхолтой, тулгамдсан асуудлыг хөндсөн байсан.
-Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрхэн томьёолж байна вэ. Алдаа, оноондоо дүгнэлт өгч байгаа бол цаашид ямар ажлууд хийгдэхээр болж байна вэ?
-Уул уурхайн салбарын хөгжлийг хойш чангааж буй асуудлын нэг нь хууль эрх зүйн орчин. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа 10-аад хууль тогтоомжид дүн шинжилгээ, судалгаа хийж тайлангаа хоёр долоо хоногийн өмнө хүлээлгэж өгөөд байгаа юм билээ. Түүнээс үзэхэд 150 гаруй зөрчил, 270 орчим давхардал, 150 гаруй хийдэл байна гэсэн тоо гарсан байна лээ. Хийдэл байна гэдэг нь огт зохицуулаагүй харилцааг харуулна. Давхардал байна гэдэг нь нэг юмыг давхардуулж зохицуулжээ. Зөрчил байна гэдэг нь өөр хоорондоо нийцэхгүй, нэг зүг рүү хараагүй гэсэн үг. Үүнээс дүгнэлт хийхэд уул уурхайн салбарын эрх зүйн орчинд дан ганц Ашигт малтмалын тухай хууль орохгүй юм байна гэдэг дүгнэлтийг уг зөвлөгөөнөөр баталгаажсан. Тиймээс бусад салбарын хүрээнд цогцоор нь авч үзэх ёстой юм байна гэдэг дүгнэлт гарч буй хэрэг. Үүний нэг нотолгоо нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиас хойш арваад жилийн хугацаанд 254 өөрчлөлт хийгдсэн. 1994 оноос 2017 оны хугацаанд Ашигт малтмалын тухай гурван ч хууль батлан гаргажээ. Бид нар уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулиа засаад байхад болно гэж ойлгож ирсэн талтай. Ганцхан хуультайгаа ноцолдоод сайжруулаад яваад байгаа хэрнээ өнөөдөр эрх зүйн орчин сайжраагүй, олон улсын үнэлэмж муу хэвээрээ л явж ирлээ. Дотооддоо ч иргэдийн итгэлийг сулруулсан эрх зүйн хөгжлийг бий болгожээ. Уг зөвлөгөөнөөр оролцогч талууд санал нэгдэж, цогцоор нь шийдэж авч үзэхгүй бол ганц нэг хуультайгаа ноцолдоод үр дүнд хүрэхгүй гэдгээ тодорхойлчихлоо. Хоёрт, манай улс 2014 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлан гаргаж 2025 он хүртэлх хөгжлийг тодорхойлсон. УИХ-аас баталсан энэ бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй байна вэ гэдгийг яамныхан судлаж үзээд саяын зөвлөгөөний үеэр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд Үндэсний хөтөлбөр боловсруулж, засгийн газраар батлуулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрвээ гаргачихвал салбарын дээрх бодлогыг хэрэгжүүлэх гол тулгуур, өдөр тутам хэрэгжих боломж бүхий ажлын бичиг баримт болох юм билээ. Үүнтэй би санал нэгтэй байна. Энэ бичиг баримтыг ирэх 2018 оны эхний улиралдаа багтаан батлуулахаар зорьж байна гэсэн мэдээллийг яамныхнаас авч байна. Нөгөө талаар Уул уурхайн яамны энэхүү төлөвлөж, хэрэгжүүлж буй арга хэмжээ бол гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал татсан, хөрөнгө оруулагчдад ээлтэй мэдээ, үйл явц болж чадна. Яагаад вэ гэвэл бид өнгөрсөн хугацаанд алдсан алдаа оноогоо олж харж, засч залруулж, олон улсын түвшинд хүрэх зорилттой бодлогын бичиг баримтаа хэрэгжүүлж, эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай юм.
Эцэст нь энэ бүх ажлыг яриад орхидог биш, хэрэгжүүлдэг Засаг, яам байгаасай гэсэн иргэний хүслээ үүгээр дамжуулж тэдэнд дайя даа.
Б.НЭРГҮЙ
Сэтгэгдэл байхгүй байна