• Эхлэл
  • Б.Жаргалсайхан:Хятадууд дэлхийг эзэлчихсэн шүү дээ

Б.Жаргалсайхан:Хятадууд дэлхийг эзэлчихсэн шүү дээ

2018/03/27

 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “Буян”-гийн хэмээн нэршсэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд асан Б.Жаргалсайханы уригдан оролцсон ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.

 

 

-Сүүлийн үед нийгэм, улс төрийн амьдралд өрнөөд байгаа үйл явдлуудын талаар таньтай ярилцах гэж урьсан юм. Таны яриа хэзээд сонирхолтой байдаг. Сая хоёрдугаар сард Засгийн газраас  дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих “Ноолуур” хөтөлбөр гаргалаа. Энэ ажлыг та юу гэж бодож байна?

-Ер нь бол бид сүүлийн 25 жил ноолуураа 99,9 хувь хятадуудад өглөө. За ноолуурын үнийг яаж тогтоодог вэ? Монголд тоотой 5, 10 үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрүүд мөнгөгүй ноолуур авахаа больчихжээ. Тэгвэл хятадууд ноолуурыг үнэтэй авах уу? Хэнтэй өрсөлдөж өндөр үнээр авах уу?

-Нэг мөсөн үйлдвэргүй болгочихвол гэж үү?

-Тийм. Асуудал үүнд байгаа байхгүй юу. Бид арьс ширний үйлдвэрүүдээ унагасан байхгүй болгосон. Одоо үнэ нь уначихсан. Одоо Монголд хэдхээн ноолуурын үйлдвэр байгаа. Энэ хэдийгээ ад үзээд байгаа биш бүгдийг нь зүгээр хаачихье. Тэгээд яахав тэр ченж гээд Хятадын гар хөл бологсод урагшаа Эрээн, Замын-Үүд, Гашуунсухайт руугаа гаргана биз. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг ченжүүд гэдэг сайхан гарууд тодорхойлдог болчихсон. Ямар ч татвар түрээс төлдөггүй, бүртгэл байхгүй.

Өнөөдөр бензиний үнэ нэмэгдэхэд маргааш махныхаа үнийг нэмчихдэг. Яасан гэсэн чинь бензин нэмэгдсэн юм чинь махны үнэ нэмэгдэхгүй яадаг юм бэ гэдэг. Тэгэхээр нь би асууж байгаа юм. Танай үхэр, адуу, хонь, ямаа бензин уудаг болчихсон уу? Яагаад бензиний үнэ нэмэгдэхээр махны чинь үнэ хоёр дахин нэмэгдчихвээ гэж асуудаг байхгүй юу.

-Махны үнэ ч гайгүй. Бензиний үнэ өсөхөөр биеэ үнэлэгчид хүртэл үнээ нэмдэг. Та тэрийг мэдэх үү?

-Тэрийг би мэдэхгүй юм. Та л мэддэг юм байгаа биз. Би бол махны үнийг л харсан. Цагаан сар болно. Нөгөө ченжүүд чинь ууцны үнийг шууд 5 дахин нэмдэг. За одоо манайд муухай юм их болж байна. Жоохон аарц гурилтай нухаж хатаагаад хэдэн ааруул хийчихнэ. Атгын чинээ ааруулаа 10 мянган төгрөг гээд зогсож байна. 10 мянган төгрөг гэдэг чинь хэдэн доллар вэ? Бараг 4 доллар. 4 доллараар бид Америкт юм уу Европт хичнээн кг чихэр авах уу? Энэ чинь одоо дэндүү утгаггүй байна шүү дээ.

Дэлхийг хэн эзэлж байна-Хятадууд 

-Түрүүний асуулт руугаа эргээд оръё. Ноолуур хөтөлбөр 4 жилийн хугацаатай гаргана гэсэн. Энэ нь одоо төр засгаас ноолуурын салбараа дэмжиж байгаа бодитой алхам биш үү?

-Би зүгээр тэгж бодож байна л даа. Сая өнгөрсөн жилүүдэд бид зөвхөн Ардчилсан нам төр барьж байхад... Та чинь жоохон Ардчилсан намыг өмгөөлөөд байдаг билүү?

-Үгүй

-Үгүй юу, тэгвэл яг зөв. Тэгвэл та төвийг барьж байгаа жинхэнэ сэтгүүлч. 3 дахь засаглал мөн. Тэгэхээр доллар 1300 байхад Ардчилсан нам Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын даргыг авсан. Ардчилсан нам байхад бараг 6 миллиард доллар гаднаас авсан. Чингис бонд, самурай бонд, свопын зээл гээд бараг 3 миллиард доллартай тэнцэх шахуу зүйл. Тэр мөнгөнөөс хэдэн төгрөгийг энэ ноолуурын үйлдвэрт оруулж чадав аа. Миний ойлгож байгаагаар яг 2 хувийг л оруулсан. Тэгвэл бусад мөнгө хаачсан бэ гэдэг асуудал. Бусад мөнгө барилга, зам болоод явсан. Хагас нь тэр оффшор луу чинь орсон. Тэр мөнгийг хайж олъё гэвэл амархан. Монгол банкны клеренгийн төв гээд байгаа. Бүх арилжааны банкуудаас гарсан мөнгө тэр төвөөр орж байж Америкийн банкаар дамжиж дэлхий даяар цацаж байгаа. Тэндээс асуу л даа. Би Ардын намыг өмөөрөхгүй ээ. Ардын нам бол зөндөө авсаан. Тэр нөхдүүдийн мөнгийг бас гаргаа л гэж хэлж байна. Харин ноолуурын салбарт 2-хон хувийг л дусаасан. Тэрийг бол би сайн мэдэж байгаа.

-Одоо дахиад Хөгжлийн банктай нийлээд ноолуурын салбарыг зээл болгох юм байна л даа?

-Та буруу мэдээлэлтэй байна л даа. Энэ хөтөлбөрийг дэмжиж ноолуур бэлтгэхэд тэр мөнгийг гаргая гэж ярьж байгаа. Түүхий эд бэлтгэхэд. Өөрөөр хэлбэл тэр мөнгө малчдын гарт очих нь байна шүү дээ.

-Ноолуур самнах үйлдвэр үйлдвэрлэгдвэл 6 хувь хүртэлх хугацаатай зээл, ноолуурын эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрт тоног төхөөрөмжөө сайжруулвал 12 хувь хүртэлх хүүтэй зээл олгоно. Тоног төхөөрөмж сайжруулахад дахиад өөр зээл олгоно гэж бичсэн байсан?

-Тэгэхээр нэг ийм юм байна л даа. Говь компанийг социализмийн үед барьсан үйлдвэр. 150 сая шахуу доллараар барьсан. Манай ихэнхи үйлдвэр 60,70 жилийн өмнө ажиллаж байсан хуучин тоног төхөөрөмжтэй. Ихэнх үйлдвэр хөрөнгийн чадвар, баталгаа гаргаж чаддаггүй учраас яаж ч хөтөлбөр хэрэгжүүлээд мөнгө батласан байсан ч нөгөө банкан дээр очоод мөнгөө авч чаддаггүй. Гэтэл Хятад яаж үйлдвэрээ дэмжиж байна? Улс мөнгө гаргаад үйлдвэрүүдээ барьчихаж байна. Түүхий эд эргэлтдээ хүүгүй зээл гаргаж байна. Үүнтэй яаж хөөрхий манай энэ үйлдвэрлэгч нар өрсөлдөж чадах юм бэ. Тийм боломжгүй байхгүй юу.  Ер нь санаагаар болдог бол цаашдаа ойрын 2 жилийн дотор Монгол Улс тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ноолуураараа 100 хувь эцсийн бүтээгдэхүүн хийгээд гадагшаа гаргавал зөвхөн энэ салбараараа 2 миллиард доллар олох боломжтой. Гэхдээ манай хүмүүс их тэнэг. Юмыг аягүй хялбарчилж боддог. Хөөх ийм ашиг олох юмуу за тэгвэл ноолуураар ёстой юм хийгээд байж дээ гээд л бүгд дайрна. Гэвч үгүй шүү дээ. Уйгагүй цуцашгүй бараг 24 цаг хөдөлмөрлөж байж гуравдагч орны зах зээлийг эзэмдэнэ. Тэгж байж ашиг олно шүү дээ. Хялбархан юм хийнэ гэж дэлхий дээр байхгүй шүү дээ.  

-Сая Ерөнхийлөгчийн Тамгын хэлтсийн дарга З.Энхболд АНУ-д очиж, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Америкт татваргүй гаргах хүсэлт тавьж, манай Улсад зориулсан хууль батлаж өгөөчээ гэсэн байсан. Энэ хэрвээ батлагдвал ноолуурын салбар жоохон ч гэсэн өндийх үү?

-Чи чинь бас сэтгүүлч дундаа том нь шүү дээ. Нэр хүнд рейтинг чинь бас өсчихсөн. Хоёулаа ийм жижигхэн зүйл ярихаа больё. Том юмыг л харж ярья. Өнөөдөр энэ дэлхийн зах зээл дээр ноолуур өргөн хэрэглээний бараагаар хэн эзлэж байна вэ, Хятадууд. Ерөөсөө бүх газрыг Хятадын бараа эзэлчихсэн. Хэдэн зуун миллиард долларын бүтээгдэхүүн гаргаж байна. Тэр завсар бид орно гэвэл маш хэцүү. Татварыг нь авсан байсан ч тийм амархан биш. Яагаад гэхээр хятадууд чинь цөм, цөм хийгээд байгаа байхгүй юу. Хэдэн зуун саяар хямдруулаад хаядаг байхгүй юу.  Америк Хятадын худалдааны алдагдал 300 миллиан доллар.

-Сая энэ хоёр чинь хоорондоо татвар тавьчихлаа?

-Америк ч Европ ч одоо дэлхийн худалдааны дүрэм журмаас татгалзах хандлагатай болж байна. Өнөөдөр энэ хэт либералчлах үзэл даяаршлагдсан нийгэмд хэн ноёрхож байна. Хятадууд л ноёрхож байна. Америк бол өөрийнхөө бараа таваарыг жижиг орнууд руу шахах бодлоготой. Тэмээний ноос, ноолуур сарлагийн хөөврийг бол Монголд өгчихье. Монголчууд юм хийг. За хөвөн даавууг Туркминстан, Узбекстан, жийнс, футболкоо Африкт нь өгчихье. Одоо Хятадад өгөхөө болье. Ингээд Трампын хэлснээр Хятадыг хууран мэхлэх бодлогыг зогсооно. Хиймлээр эдийн засгийн бодлого зохиож байна.  Америк бол манайхаас татвар төлөөс авахгүй байх магадлалтай. З.Энхболд дарга АНУ-д очсон гэж байна. Би бас өмнө нь очиж байсаан. Яаж, юу хийх вэ гэдгээ бүгдийг нь ярьчихаад ирсэн. Бид одоо түүхий эд барьж гүйдэг эрин цаг өнгөрсөн шүү дээ. Нүүрс өчнөөн жил зөөлөө, хаана хэн баяжсан юм бэ? Ноолуураа бас зөөлөө хэн ч баяжаагүй. Өрнөөс л гарахгүй байгаа биздээ. Нэмүү өртөг шингээсэн бараа таваар үйлдвэрлэж байж улс орон хөгждөг гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тэр нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг явуулахын тулд ажил, амьдрал, боловсрол, мэдлэг, хариуцлага, сахилга бат гэх мэт олон юм байж байж хөгжинө.

Хариуцлага гэж юм байх хэрэгтэй

-Монгол хүнд бараг байхгүй юм шиг харагддаг сахилга бат хариуцлагыг яаж бий болгох вэ?

-Тэр бол өнөөдрийн та бид хоёрын ярилцлагын хамгийн гол сэдэв байхгүй юу. Өнөөдөрхүмүүс аймаар шүүмжлээд л байдаг. Яг яс юман дээр өөрсдөө тийм байж чадаж байна уу үгүй юу. Фэйсбүүк, твиттэр дээр хашгираад байгаа иргэд өөрсдөө хариуцлагатай байж чадсан уу. Энэ 25 жил улс орныхоо төлөө юуг хийж бүтээв. Хүн болгон өөрсөддөө дүгнэлт хийгээд үзэх хэрэгтэй. Бусдыг шүүмжлэх бол амархан л даа. Иргэн болгон өөрсөддөө шүүмжлэлтэй хандаж чадвал энэ улс төрдөө шүүмжлэлтэй хандаж эхэлнэ. Тэгэхгүй бол улстөрчид нь бүр гаараад галзуураад толгой дээр гараад суучихсан. Тэгээд л хоёр нарны хооронд явлаа гэдэг шиг Ардын нам, Ардчилсан нам хоёрын хооронд яваад байдаг. Манай Ардын нам бол Ардчилсан намын спутник шүү дээ. Дэлхий чинь өөрөө нэг спутниктэй шүү дээ. Тэрийг сар гэж нэрлэдэг.  Тэгвэл Ардчилсан нам бол яг тэр. Ах нарыхаа намын бүтэц, намын гишүүнчлэл, намын хулгай тэр бүх юмыг дуурайгаад явж байна.  Гэхдээ бид одоо л энэ бүгдийг шүүмжилж засах ёстой.

Ардын нам, Ардчилсан нам 25 жил төр барьж байх хоорондоо иргэддээ улс төр, нийгэм, эдийн засгийн боловсрол олгоогүй. Одоо сонгуулийг 14 хоногт хийнэ гэж байгаа юм. 14-хөн хоногийн дотор хүн энэ бүгдийг ойлгож чадах уу? Хэзээ ч амжихгүй, барахгүй. Тэгэхээр 14 хоногийн дотор юу хийх вэ гэхээр 5,5 гэлтгүй 10,10 гэлтгүй мөнгө тараах л ёстой. Тэгээд л сонгуульд гарна. Сая өнгөрсөн их хурлын сонгууль яг л ийм болсон шүү дээ. Хэдэн миллиардаар нь хорооны дарга, хэсгийн дарга нараар дамжуулж хавтгай мөнгө тараасан. За дээр нь иргэний бүртгэл гэж нэг сайхан юм бий. Үхсэн, үрэгдсэн, ийш тийш гадаад явчихсан, хөдөлгөөнд орчихсон иргэдийн нэрээр сонгууль өгдөг. Ийм л луйвар, булхайг энэ хоёр нам ээлжилж хийсээр ирлээ. Үүнээс л салахгүй бол бид хэзээ ч хөгжихгүй. Одоогийн улс төрд байгаа улсууд нилээн томроод, оворжоод ирж байна. Үр хүүхэд, ач, гуч нар нь яаж амьдрах юм бол? Энэ улс орныг сэнсэрч тавиад байхгүй болгочихвол. Бид ядаж энэ зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Хариуцлага гэж юм байх хэрэгтэй.

-Сая хамгийн сүүлд С.Баярцогтын Швейцарын дансан дахь оффшорын мөнгийг прокурор илрүүлсэн хэрэг дуулиан тарьж байна. Швейцарын шүүхийн шийдвэр гарчээ. Монголд өнөөдөр өөрөө хэлсэн С.Баярцогт шиг ухаантай хүн байхгүй. С.Баярцогт шиг боловсролтой хүн байхгүй. Оюутолгойн гэрээг С.Баярцогт хийхгүй байсан юм бол Ж.Батзандан хийх байсан юм уу гэх иймэрхүү юм яваад эхэллээ л дээ.?

-Үгүй дээ. Тийм тэнэг юм ярьж болохгүй шүү дээ. Ер нь бол үндсэндээ Оюутолгойн гэрээг хийх үндсийн үндэс хууль зүйн орчинг Жаргалсайхан гэдэг хүн Үйлдвэр худалдааны яаманд нүдний өргөс мэт жил гаруй хийж байж тэр хуулийг батлаж гаргасан. Монголын өөрийн хөрөнгөөр хайсан тэр том стратегийг 34-өөс доошгүй хувийг Монголын төр эзэмшинэ, нийт ажилчдийн 70-80 хувь монгол ажилчин байх ёстой. Ингэж хуульчилж хуулийг нь гаргаж өгсөн байхгүй юу. Тэр гэрээ тэр хуулин дээр түшиглэж хийгдэх ёстой. “Рио Тинто” эд нар дэлхийн том акулууд байхгүй юу. Дэлхийн хөгжлийг бариад явж байгаа хөгжилийг тодорхойлж байгаа . Бид хажууд нь бол бараг нүдэнд нь өртөхгүй хүмүүс байхгүй юу. Тэгээд тэд шилж шилж байгаад хамгийн өлөн нүдтэй хамгийн унхайгүй, эх оронч биш, хариуцлагагүй, хамгийн шуналтай тийм хүмүүсийг улс төрөөс шүүрдэж авч сонгож, санхүүжүүлээд энэ гэрээг зөвхөн өөрсдөндөө ашигтай байлгах үүднээс хийлгээд байгаа байхгүй юу.

Би санамсаргүй нэг хүнээс хальт юм сонссон. Оюутолгой гэрээг хийж байх явцад Хонгконгод 45 их хурлын гишүүнд данс нээгээд мөнгө өгсөн гэж. Баримтгүй, гэхдээ би тэгж сонссон. Гэхдээ би үнэн байх гэж боддог. Яагаад их хурлын 76 гишүүн юу ч мэдээгүй, юу ч болоогүй юм шиг гараа өргөөл Ч.Сайханбилэг ганцаараа Дубайд очоод гарын үсэг зураад явж байдаг юм вэ.

Тэд яагаад чимээгүй байсан юм бэ? Авлига л авсан байхгүй юу

 –Засгийн газар, Их хурал мэдээгүй байсан тийм ээ?

-Тэд яагаад нүд нь юм харахаа больчихсон, чих нь дүлий юм шиг ингэж балайртаж байгаа вэ. Тэр хүмүүст авлигын хэлтэрхий оччихсон юм шиг байгаа юм. Тэгээд л чив чимээгүй байгаа байхгүй юу. Нэг хэсэг лобби хийдэг нөхдүүд байдаг шүү дээ. С.Оюун Канадын Элчин сайдын яам баахан майл задалсан юм илрээгүй юу. Санжаасүрэнгийн Оюун гэдэг хүн “Манайх канадуудад элэгтэй. Харин энэ Жаргалсайхан гэдэг хүн их дургүй, манайд бол их хүйтэн цэвдэг ханддаг” гээд тийм юм бичээд ил гаргачихсан байсан. Энэ нэг тод жишээ. Гадаадад хэдэн бүлэг нөхдүүд байнаа. Энэ хэдэн нөхдүүд Монголын улс төрийг ийм балиар болгож байгаа юм. Гадаад харилцаа, хэлэлцээртээ анхаарахгүй бол бид яг Африк болно. Зүгээр л Азийн Африк.

-Болно гэж бараг болчихоод байгаа юм бишүү?

-Ирмэг дээр нь байна гэх юм уу даа. Над мэтийн үеийхэн чинь бас үхэж өгөхгүй байна шүү дээ. Мань мэт чинь одоо олон юм хуцаад л амьтны дургүйг хүргээд л явж л байна.

-Таныг Үйлдвэр худалдааны сайд байх үе чинь хэдэн он билээ.

-2004 он.

-Тухайн үед Сүхбаатарын Батболд юу хийж байсан бэ?

-Мэдэхгүй ээ. Авгайгаа дагуулаад л дэмий тэнээд явж байсан байлгүй дээ.

Үргэлжлэл бий. 

Видеог ЭНД дарж үзнэ үү. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • te
    tete
    2018 оны 03 сарын 28
  • aan
    aan
    2018 оны 03 сарын 28
  • kkkkkk
    kkkk
    2018 оны 03 сарын 28