Сэтгүүлч Н.Энхцэцэгийн тэмдэглэлийг хүргэж байна. 3-р хэсэг /Өмнөх тэмдэглэлийг дор дарж уншина уу/
НҮДЭЭ БАЯСГАЖ, ТАРХИА АМРААЖ, УХААНАА ЧИЛЭЭСЭН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
ШАНХАЙН АВТО ЭКСПО
Шанхай бол 25 орчим сая хүн амтай. Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг. 1990 оноос эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь эрс хурдацтай хөгжин 2005 онд дэлхийн хамгийн том боомт болсон. Эл хотыг соёл урлаг, дизайны төв гэдэг. Шанхайд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгүүдийн үеэр мэдээж жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.
Ийвүгээс бид бараг оройн 22.00 цаг орчимд хөдөлсөн. Ийвүг хөндлөн гулд туучсан учраас зарим нь хөл, нуруундаа наалт нааж харагдана. 4 сарын 11-нд Эрээнээс хөдөлсөн бол 4 сарын 24-нд Шанхайг зүглэлээ. Ихэнх нь нам унтав. Унтлагын автобусны цонхоор гэрлэн солир буух мэт өнгө өнгөөр алаглах нь Шанхай хот руу ороод ирснийг илтгэнэ. Их хотын шөнийн дүр төрх мишээж, өндөр сүрлэг гүүрэн замуудаар бид давхиж явна. Өргөн уудам зогсоолд ирсэн нь Шанхайн авто экспо болж буй танхимынх аж. Энэхүү зогсоолын зүүн талд метроны буудал харагдана. Шөнийн гурван цагийн орчимд ирсэн ч гаднаа цэлийсэн гэрэлтэй. Зарим хүмүүсийн нойр хулжсан бололтой, тэрхүү зогсоолын бие засах газар руу зүглэцгээв. Аяллын турш хамт явсан ээж, охин хоёр, Халиун бид хэд түрүүлж бие засах газар орчихоод соёлын шоконд орлоо. Зогсоолын баруун эгнээнд байрлах эл бие засах газрууд гаднаас нь харахад том оврын, гэр бүлийн аяллын автобусны бүхээг шиг хэлбэртэй, дотор нь ороход угаалтуур, бие засах 00-тойгоос гадна сонгодог ая эгшиглэж байна. Электрон жорлон юм уу даа. Хөөрхий дөө, хүн чинь дутагдаж, гачигддаг зүйлсээ л илүү анзаарч явдаг амьтан бололтой. Ихэнх нь сэрж, биеэ засчихаад эргээд унтаж харагдана.
Зүсэр бороотой Шанхайн тэнгэр дор өнөөх хэдэн “шар шувуу” дуусдаггүй яриагаа өрнүүлээд гадаа суучихав. Гол зорилго Шанхайн автоэкспог үзэх байтал үүр цайнгуут автобусны урд эгнээний, хаана ч мөнхийн гоёороо явдаг хэдэн бүсгүй нүүрээ гоодож эхлэв. Хамтдаа л явж харагддаг тэдгээр бүсгүйчүүд санаанаас гарахгүй юм. Ганган дэгжин, тэрүүхэндээ ялдам ааштай эмэгтэйчүүд хаана ч эв нэгдлийн гагнаас болох юм даа. Тэд Шанхай тауэр, зарим нь Диснейлэнд орно гэв. Хоёрдугаар автобусныхан нөгөө талын зогсоолд саатсан бололтой. Бид хүүхэдтэй яваа тул Диснейлэнд орох хүмүүстэй нэгдлээ. Зогсоол дахь метроны буудлаас хоёр дамжаад Диснейлэндэд хүрлээ.
Диснейлэндэд ирэнгүүтээ дугаарлаж, тасалбар авав. Тэнгэр бүрхэг учир тасалбар хямдралтай байна. Өглөө эрт гэхэд хүн пиг. Хүүхэд 300 юань, том хүн 400 юань. Ингээд орчихсон байхад цаг л хүрэлцвэл хүссэн бүх тоглоомоо тоглоно. 14 цагт автоэкспоны талбайдаа уулзах ёстой учир шалавлахгүй бол горьгүй. Бид уулзах цагаа товлоод тарцгаав. Тоглоомуудад дугаарласан хүмүүсийг харахад халшрам. Гэхдээ оочер хурдан явж байна аа. Бид гурав алсыг харагч, галзуу хулгана, автомат тоглоомоор тоглоод цагаа хартал нэлээд дөхчихөж. Өлсөж байна. Хоол, ундаа, бургер бүгд нэлээд үнэтэй юм. Хооллоцгоогоод гудам руу хартал хүмүүс гудмын хоёр талаар ирийгээд зогсчихож. Үлгэрийн баатрууд ирэх цаг айсуй.
Шанхайн Диснейлэнд парк шинээр өргөтгөл хийж, Уолт Дисней компанийн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох “Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноны тусгай бүс байгуулсан байна. “Зэрлэг амьтдын хот” төсөл нь паркийн хоёр дахь том хэмжээний өргөтгөл бөгөөд найм дахь сэдэвчилсэн тусгай бүс болжээ. Дэлхийд тус хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн тоглоомын тусгай бүс байдаггүй. Энэхүү бүтээн байгуулалт нь анхных гэдгээрээ онцлогтой. Паркийг 2016 оны зургадугаар сард нээсэн бөгөөд энэ цагаас хойш хэдэн арван сая үйлчлүүлэгчийг хүлээн авчээ. Уртаас урт гудманд үлгэрийн баатрууд амьдаар гарч ирэхийг харахул хүүхэд байтугай хөгшчүүдийн сэтгэл хөдлөм. Урт нарийн гудам руу хүүхэд, томчууд утсаараа бичлэг хийнгээ гүйлдэж харагдана. Ёстой л үлгэрийн ертөнцөд ирсэн мэт. Үлгэрийн баатрууд амилсан мэт санагдаж, хүүхэд багачууд хөхин баясна. Хайртай үлгэрийн баатруудаа хараад орилолдоод байх нь тэр. Нэг үлгэрийн баатрууд гарч ирэхэд брэнд дуу нь эгшиглэнэ. Нөгөөх явахад аанай л адилхан. Гэхдээ яаж ингэж ая эгшгийн давхцал үүсч, замбараагүйтэхгүй үргэлжлээд байгаа ухааныг нь олсонгүй. Ээж нь автомашин сонирхохгүй тул миний хүү ийнхүү хамт явсан хүүхдүүдийг бодвол Диснейлэнд үзэж амжлаа. Аялагчид Диснейлэнд хүүхдүүддээ үзүүлнэ гэвэл бүтэн хоёроос гурван өдрийг төлөвлөвөл зохистой юм билээ. Гэхдээ бидэнд тийм ч дутуу дулимаг санагдсангүй, бүгд баяртай буцацгаав. Дараа тухтайхан ирнэ гэдэг бодол тээлээ.
Эргээд багийнхан дээрээ ирэхэд эрчүүд бүр нэг шавай нь ханасан байдалтай. Элдэв машинуудын дэргэд авахуулсан зургаа харж, утсаа байн байн маажна. Зарим эмэгтэй ч “Аа, яа яа. Ёстой автын экспо үзсэн нь боллоо. Авах машинаа нүдэлчихлээ” хэмээхдээ нүд нь очтон гялалзана.
1985 оноос БНХАУ-д энэхүү автошоу зохион байгуулагджээ. Хоёр жилдээ нэг удаа зохион байгуулагддаг тус экспоны 360 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд 2017 оны байдлаар 18 улс оролцжээ. Хятад болон дэлхийн бусад автомашины цоо шинэ шийдэл, загвар, техник технологийн дэвшлийн тухай нэгдсэн мэдээллийг эндээс авна. Энэ жилийн хувьд байгаль дэлхийд хор нөлөөгүй, эко системтэй цахилгаан автомашинуудыг онцолж, тэдгээрт зохион байгуулагчид шагнал гардуулсан гэнэ. Тус байгууламж нь үзэсгэлэнгийн танхим, худалдааны төв, оффис гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд метроны шугам нь нисэх онгоцны буудал, төмөр замын буудал зэрэг автозамын сүлжээнүүдтэй холбосон учир жуулчид аль ч зүгээс маш түргэн ирэх боломжийг бий болгосон байна. Монголчууд шиг шууд автобустайгаа ирээд зогсчихсон хүмүүс байсан эсэхийг мэдсэнгүй. Орон нутгийн жуулчид бол магадлалтай л юм билээ. 2017 онд Хятад дотооддоо 24.2 сая автомашин борлуулсан бол энэ тоо 4%-иар өсжээ. Шанхайгаас дөрвөн цагийн үест Бээжин рүү хөдөллөө. Замдаа нэг хоноод Бээжинд 18 цагийн үед ирж анх Эрээнээсээ суусан “VIP” автобусандаа сэлгэгдэв. Ийвүгээс ачаа бараа илт нэмэгдсэн учраас тэдгээрийг зөөх ажлыг олон эр хүн төвөггүй гүйцэтгэв. Бид 8000 км замыг аль хэдийнэ туулчихсан байх юм, гайхалтай.
ХҮҮХДҮҮД
Энэ аялалд Ангарагийн хүү Бат-Ирмүүн, миний хүү Ихэрбилэг, Төв аймгаас зугаалж яваа бүсгүй гурван хүүхэдтэйгээ явсан. Залуухан хос хамгийн бага аялагч болох гурван настай охиноо бас дагуулжээ. Жаахан охины тэсвэр тэвчээр гайхмаар. Тэр олон мянган бээр газар ээж, ааваа дагаад ганц удаа ёо гэхгүй алхаад байв. Хүүхдийг яаж ийм тэсвэр хатуужилтай болгож хүмүүжүүлдэг юм бэ хэмээн бодогдоно. Гурван хүүхэдтэй ээжийн хүүхдүүд бас их хэрсүү. Ээж нь элдэв амттан авч өгөх гэхээр “Хэрэггүй шүү, ээж ээ. Мөнгөө гамна” гэж гурван зэрэг дуу алдах нь хайр хүрэм. Бат-Ирмүүн томчууд шиг хэвлүүхэн. Бодлогын чанартай юм ярьж явах. Ихэрбилэг эмээгээ байнга дурсана. Хүмүүс өхөөрдөөд өгсөн мөнгөнөөс 100 юаныг нь гялгар уутанд Ийвүд очсон оройноо авсан зүүлттэйгээ нямбайлаад хийчихсэн, өнөөхөө байн байн хараад л, эмээдээ нэмж цүнх, зүүлт, дүүгийн охинд бамбарууш авах зэргээр гэр амьтайгаа баталж явав. Түүнийг нь харсан Ирмүүн бас эмээ, ээж хоёртоо зүүлт авч харагдав. Ийвүгийн зүүлт чимэг ч хүний хорхой хүргэм л дээ. Ямартаа ч хүүхдүүд аян замд онц байлаа. Ихэрээ элдэв амттан сонирхож авахуулчихаад таалагдахгүй болохоор хаяад байсныг эс тооцвол наймаа арилжаанд нүдтэйгээ баталсан нэг үйл явдал болов. Ийвүгийн хуучин захаар явж байхад хүүхдүүд ийм зүйл сонирхдог гээд л сонин сонин бараа таваар санал болгоно. 1 юань 6 мо гээд нэг авсаархан утас тогтоогч байв. Албан ажлын ширээн дээр бол нэн тохиромжтой. Түүнээс Ихэрээгийн санаачлагаар 250 ширхэгийг худалдаж авлаа. Гэтэл өнөөхөө зарах гээд ёстой хавчиганадаг юм даа. Буудлын гадаа томчууд автобусаа хүлээх завсарт хоёрыг зарчихсан сууж байв. Замын-Үүдэд бид галт тэргээ хүлээн суухад хайрцагнаас нэгийг шүүрч аваад арын эгнээнд суугаа хүүхэн залуу хоёрт зарчихав. Гэртээ ирэнгүүтээ усанд орчихоод Баянзүрх зах руу гурвыг аваад жирийлээ. Нэгийг нь ногооны үр зардаг хижээл насны “найз эмэгтэй”-тэйгээ цэцгийн ваараар бартердаад, өнөө хоёрыг нь зарах гэнэ. Нэг бүрийг нь таван мянгаар зарсан гээд ороод ирэв. Бартер нь бүтээгүй тул цэцгийн ваараа мөнгөөр аваад, үлдсэн мөнгийг ээждээ өгөв. Ийвүг зорьсон хүмүүсээс хамгийн бяцхан наймаачин гэвэл Ихэрээг хэлэх биз. Монгол мөнгөөр 700 орчим төгрөгөөр авсан эдийг 5000-аар зараад байхаар урам оролгүй яах вэ. Энэ аяллаар Ихэрээгийн нүд нээгдсээн. Томчууд Бээжингээс унаагаа сэлгэхдээ “Энэ автобус хамаагүй тохилог шүү” гэхийг сонссон Ихэрээ “Манайхаан, өчнөөн хоног амьдарсан автобусаа муулахгүй шүү” гэсэн юм.
ТАЛАРХАЛ
Дүү, Ихэрээ бид гурав аялалд гарахаас нэг хоногийн өмнө Эрээнд очиж, ШанКэЮу зочид буудалд буусан. Энэ зочид буудал их цэвэрхэн. Гэтэл ирсэн өдрөө хүү өндөр халуураад балардаг юм. Ерөөсөө буцъя болоод явчихлаа. Улаанбаатарт байхдаа ингэж өндөр халуурсан тохиолдолд ёс юм шиг эм тариа болдог хоёр л доо. Гэтэл “Хишиг”-ийн Батчулуун гурван аяга хоол барьчихсан чавхдаж орж ирээд “Юун буцах вэ. Эмчид аваачаад үзүүлье” гэлээ. Байрны нэг давхарт байрлах дэргэдээ эмийн сантай жижигхээн зайд байрлах эмнэлэгт хүүг үзүүллээ. Батчулуун тэр хүнтэй хятадаар өлхөөн ойлголцож байна. Хүүгийн хоолой өвджээ. Хүйс орчимд нь нэг наалт наав. Хоногийн дараа ахиад наагаарай гээд нэгийг нэмж өгөв. Хоёр төрлийн эм өглөө. Эмнэлгээс гараад буудал руу явах замд хүүгийн халуун нам буух нь тэр. Эндхийн эмнэлэгт хүүхдийг тарина гэсэн ойлголт байдаггүй гэнэ. Бараг гэмт хэрэг юм биш үү. Хүүхдүүд хатгаа туссан ч иймэрхүү маягаар эдгээдэг аж. Эм нь ургамлын гаралтай маш сайн эм юм байна. Манайхан ч одоо дайн байлдаанд явж байгаа аятай фронт маягийн эмчилгээтэй улс юм биш үү. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн томоохон эмнэлгийн эмч нар эндээс ирж өнөөх сайн эмнүүдээс сэмхээн аваад явдаг тухай Батчулуун өгүүлж байна. Замын турш хятад эмчийн өгсөн эмийг ууснаар Ихэрээгийн өвөлжин цор цор гэж үргэлжилсэн ханиад нам дарагдсан юм даа. Анд найз Батчулуундаа баярлалаа.
Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн тэргүүн Б.Ангараг дүүдээ баярлаж талархснаа эцэст нь илэрхийлье. Бидний аяллын үнэ хүний 1.800.000 төгрөг. Өчнөөн хоног үзэж харсантай минь яавч дүйцэх үнэ биш. “Ашигтай, ашиггүй явж л байдаг юм, эгч минь” гэхийг бодоход энэ ажилдаа тун дуртайн шинж. Олон хүний нүдийг нээж, амьдралыг өөрчилж, наймаа гээч арга ухаанд хөтөлсөн учир хэд хэдэн удаа хамт явах хүмүүс байж л байдаг биз ээ. Үүгээр 76 “Юм үзээгүй хүн”-ий олон олон сайхан зүйл үзэж, харж нүд нээн аялж ирсэн тухай тэмдэглэлээ өндөрлөе.
Н.Энхцэцэг
Улаанбаатар-Эрээн-Бээжин-Занжажиэ–Ийвү-Шанхай-Бээжин-Эрээн-Улаанбаатар
2019 оны 5 дугаар сар
Сэтгэгдэл байхгүй байна