• Эхлэл
  • Д.Загджав: Монголын өр, РИО ТИНТО-гийн ашиг нэмэгддэг тогтолцоо туйлын шударга бус байна

Д.Загджав: Монголын өр, РИО ТИНТО-гийн ашиг нэмэгддэг тогтолцоо туйлын шударга бус байна

2019/07/01

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавын ярилцлагыг хүргэж байна.

-Оюу толгойн гэрээн дээр Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс ажиллах ёстой гэсэн байр суурийг  та өмнө нь илэрхийлж байсан. Сүүлийн үед энэ тухай та байр сууриа илэрхийлэлгүй таг дуугүй байх боллоо?

-Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том энэ төслийн талаар миний байр суурь,  хэвээр л байгаа. Тэгэхдээ УИХ-ын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн Ажлын хэсэг, Төрийн Аудит нэлээд урт хугацаагаар ажиллаж дүгнэлтээ танилцуулах ажил явагдаж байгаатай зэрэгцэж байр сууриа илэрхийлэх нь төрийн алба хашиж буй хүний хувьд зүйд нийцэхгүй юм.

-Саяхан Оюу толгой ХХК-ийн захирал компанийнхаа 2018 үйл ажиллагааны тайланг нийтэд танилцуулахдаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын Гэрээг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдлээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийд томоохонд орох томоохон ашигт малтмалын төслийг хэрэгжүүлж буй, олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлж буй Оюу толгой ХХК-ийн засаглалын холбоотой асуудал энд гарч ирж байгаа юм. Оюу толгой ХХК-ий хувьд 66 хувийг “Тюркойз Хилл” ХК, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Өөрөөр хэлвэл, төрийн өмчийн оролцоотой Үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал оршин суугаа орныхоо Төр засгийг илтээр үл тоомсорлож яриа хэлэлцээ хийхгүй гэсэн мэдэгдэл хийгээд сууж байгаа нь танай төр засаг надад хамаагүй, танай хууль тогтоомж Оюу толгойд үйлчлэхгүй, бид түүнээс дээгүүр гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Хэрвээ Рио Тинто буюу гадаад оронд бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч компанийн төлөөлөгч тэгж хэлвэл бас ойлгоно. Гэтэл Монголд бүртгэлтэй ХХК-ийн захирал хэдэн годгор охид,  тойруулж суулгачихаад тэгж мэдэгдэл хийх нь зохимжгүй. Энэ том компани засаглалын томоохон асуудалтай гэдгийг зөвхөн би ч хэлээд байгаа юм биш. Оюу толгой ХХК-ийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Тюркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид ч өнгөрсөн дөрөвдүгээр сард асуудлыг ил гаргаж тавьж шүүмжилж байсан удаатай.

-Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн талаар та ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Оюу толгой ХХК маш их амжилттай ажиллалаа, монголчуудыг бүгдийг тэжээж байна гээд л сурталчилгаа хийж байна лээ. Гэтэл 1 тэрбум 200 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт хийчихээд 34 хувийг эзэмшдэг, бас баялгийн эзэн улсынхаа төсөвт 200-хан сая ам.долларын татвар төлснийгээ дөвийлгөж онгироод байх шиг байна лээ. Эсвэл бага төлснөөрөө бахархаад байгаа юм уу, би сайн ойлгоогүй.

Хамгийн амжилттай хийсэн зүйл нь зардал их гаргаснаа л яриад байна гэж би ойлгосон, гэтэл тэр чинь монголчуудын хүртэх ёстой ногдол ашгийн хугацааг л хойшлуулж байгаа гэсэн үг.

-Оюу толгойн гэрээний талаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Би өмнө нь дөрвөн шаардлага тавьж байсныг манайхан мэдэж байгаа. Эхнээсээ зарим үр дүн гарч байгаа. Цахилгаан станцын асуудал, замын асуудал бас урагшилж байна. Гэхдээ их удаан байна. Оюу толгой төслийн ажил эхлээд 19 жилийн дараа, Хөрөнгө оруулалтын газар байгуулаад 10 жилийн дараа, Ашиглалт эхлээд 7 жилийн дараа Оюу толгойгоос Ханбогд хүртэл автозам барьсан гэхээр ичмээр, чамламаар байна. Хот байгуулах талаар ямар ч ахиц гарсангүй. Гэтэл зардал нэмэгдээд л байдаг. Үүнтэй холбогдуулаад хоёр зүйлийг шаардмаар байна. Энэ нь УИХ-д яригдаж байгаа ажлын хэсгийн шалгалт, дүгнэлттэй ямар ч холбоогүй гэдгийг тодотгоё. Нэгдүгээрт, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасан төслийн зардал нэмэгдэх тутам Рио Тинтогийн авдаг менежментийн зардлын 6 хувийг цуцалмаар байна. Тэгэхгүй бол үр ашиггүй зардлаа нэмэх тутам Монголын талын өр нэмэгдэж Рио Тинтогийн ашиг орлого нэмэгддэг тогтолцоо бол туйлын шударга бус байна.

Хоёрдугаарт, Оюу толгой төслийг бүхэлд нь түүний дотор Засгийн газрын 34 хувийг барьцаалаад олон улсын банкуудаас 4-5 тэрбум ам.долларын зээл аваад түүнийг Рио Тинто дангаар авч үзэмжээрээ, бас өөр төсөл, уурхайнууддаа зориулан захиран зарцуулдаг нь шударга бус байна. 4-5 ам.тэрбумын 34 хувийг Монголын Засгийн газар аваад Оюу толгойн Гүний уурхайн санхүүжилтийг тухай бүрт нь гаргаж өгөөд явбал шударга болно. Энэ үүднээсээ Дубайн гэрээг цуцлах, Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын Ажлын хэсгийн зөвлөмжийг ҮАБЗ-өөс хэлэлцэж УИХ-ын тогтоол гаргаж Засгийн газарт яриа хэлэлцээг эхлэх талаар үүрэг өгөх нь зүйтэй гэж хувьдаа бодож байна.

Оюу толгойн гэрээний нэг цэг, таслалыг ч өөрчлөхгүй хэмээн Рио Тинтогийн захирлууд үл тоомсорлосон, илэрхий дээрэлхсэн хандлага, байр суурь илэрхийлж Монголын төрийг басамжилж байгаа санагдсан. Тэгэхэд бид дуугүй суугаад байгаа нь харамсалтай байна.

Онцлон хэлэхэд ийм байдалд хэрхэн хандах талаар өнгөрсөн жил Грасбергийн уурхайн талаар тохиролцоонд хүрч чадсан Индонезийн Засгийн газрын туршлагыг  сайн судалж хэрэгжүүлж чадвал улс орны ирээдүйн эрх ашиг Монголын ард түмэн үр хойчид маань хэрэгтэй түүхэн үйл хэрэг болох юм. Эх орны эрх ашгийн үүднээс ард түмэнд өгөөжтэй улс оронд хэрэгтэй байдалд хүргэхийн төлөө Монголын талаас бид өөрсдөө санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Миний бодоход үүнээс өөр гарц харагдахгүй байна. Нэг зүйл нэмж хэлэхэд олон түмний хүлээлт тэвчээрт хязгаар бий гэдгийг хаа хаанаа анхаарч хариуцлагатай хандах шаардлагатай байна.

 

Б.БАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин