• Эхлэл
  • Б.Цацралт-Од: Тэмбүү өвчний тархалтыг бууруулна

Б.Цацралт-Од: Тэмбүү өвчний тархалтыг бууруулна

2019/12/05

“Тэмбүүг устгая” орон даяар өрнүүлж буй аяны хүрээнд гадаад, дотоод хамтын ажиллагаагаа сайжруулж, энэхүү өвчний бууруулахаар идэвхтэй ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Цацралт-Од ярихдаа : -БНХАУ-ын Наньжин хотын БЗДХ-ын Үндэсний төв, ХӨСҮТ хамтран БЗДХ-ын тархалтыг бууруулах чиглэлээр  хамтран ажиллахаар санал солилцлоо. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлснээр тэмбүү өвчний тархалтыг бууруулах, халдвар илрүүлэх оношлуурыг шинэ шатанд гаргах, хүний нөөцийг улам бүр чадавхижуулах, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхээр болж байна. “Тэмбүүг устгая” аян улс орон даяар хэрэгжиж байгаа. БНХАУ-тай хамтран БЗДХ буюу тэмбүү өвчнийг утсгах, тархалтыг бууруулах оношлуурыг шинэ шатанд гаргах, хоёр улсын хоорондын өвчний сэргийлэлтийн төвтэй хамтран судалгаа шинжилгээний ажил хийгдэх, багаж төхөөрөмж  нийлүүлэх зэргээр хамтын төслийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Биднээс Монгол Улсын аймаг сумдад ямар оношлуур хэрэглэж байгааг асууж байна. Бэлгийн замаар дамжин халдах өвчнийг бууруулахад нэн түрүүн оношлуурыг шинэ шатанд гаргах, судалгаа шинжилгээний ажлыг хийлгэснээр эмчилгээний үр дүнг сайжруулах юм гэж ярив.

   Тэмбүү өвчинтэй дэлхий нийт тэмцэж байгаа тоон статистик мэдээллийг хүргэе. Дэлхий дахинд жил бүр БЗДХ-ын 340 сая орчим тохиолдол бүртгэгддэгийн 12 сая орчим нь тэмбүү өвчин байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/ тооцоолсноор жил бүр 2 сая жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчинтэй оношлогдон ойролцоогоор 12 сая ураг зулбах, амьгүй төрөх, нярай бага жинтэй төрөх зэрэг хүндрэл гардаг. Эмчлэгдээгүй буюу дутуу эмчлэгдсэн тэмбүүтэй эхээс төрсөн хүүхдийн 25 орчим хувь нь амьгүй буюу жин багатай төрөх, 25-30% нь нярай үедээ нас барах, 5 орчим хувь нь эмгэг гаж хөгжил, 40 хүртлэх хувьд нь төрөлхийн тэмбүү өвчин тохиолддог. Дэлхий дахинаа баримталж буй БЗДХ-аас сэргийлэх хянах 2006-2015 оны стратегид төрөлхийн тэмбүү өвчнийг устгах зорилт орсон байдаг.

Манай улсын хувьд ч Мянганы хөгжлийн зорилтод хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах, БЗДХ/ДОХ сүрьеэтэй тэмцэх тодорхой зорилтууд тусгагдсаны дотор эхээс урагт тэмбүү өвчин халдварлах эрсдэлээс сэргийлэх жирэмсэн эмэгтэйчүүд болон бэлгийн хавьтагчдад чиглэсэн“Нэг цэгийн үйлчилгээ” төсөл ДЭМБ, Глобаль сангийн дэмжлэгтэй 6 дүүрэгт хэрэгждэгийн 1 нь Баянгол дүүрэг юм. Уг төслийн хүрээнд төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд хурдавчилсан сорилын аргыг өргөнөөр нэвтрүүлж тэмбүү өвчнийг эрт илрүүлэх,эмчлэх үр дүнтэй үйлчилгээг үзүүлж тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд бэлгийн хавьтагчийн хамт эрүүлжүүлдэг эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж байна.Төрөлхийн тэмбүү өвчин нь урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд та бүхэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бидэнтэй хамтран тэмбүү өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд нэгдэж чадвал тэмбүү өвчнөөр өвдөхгүй, түүний шалтгаант ураг нярайн өвчлөл эндэгдлээс урьдчилан сэргийлж чадна. Тэмбүү өвчнийг илрүүлэх үзлэг, шинжилгээг  21 аймаг, 9 дүүргийн БЗДХ-ын кабинет, өрх, Эрүүл мэндийн төв, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв, Нэгдсэн төв эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төвүүдэд хийж байна. Үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдахаас гадна тухайн хүний мэдээллийг чандлан нууцалж байгаа юм.

Б.АНХМАА

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин