• Эхлэл
  • Соло гитарчин Г.Батхүү: Гоцлол уран бүтээлээ 3 клипээр эхлүүллээ

Соло гитарчин Г.Батхүү: Гоцлол уран бүтээлээ 3 клипээр эхлүүллээ

2020/02/07

“Queen” хамтлагийн гитарчин Брайн Мэй астрофизикч мэргэжилтэй дэлхийн шилдэг гитарчдын нэг. Үүнтэй адил Монголын рок попын ертөнцөд математик инженерчлэлийн мэргэжилтэй ч урлагт сэтгэл зүрхээ зориулсан соло гитарчин цахиур хагалж байна.

“Халуун элгэн нутаг”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг монголчуудын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг авьяаслаг хөгжимчин Г.Батхүү гитараар тоглон олны сонорт хүргэснээс гадна өөрийн зохиол болох “Мэдрэмж” аялгуу нь үүнд мөн багтаж байгаа юм.

Монголын урлагийн ертөнцөд байр сууриа эзэлсэн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, хөгжмийн найруулгыг нь шинэчлэн хийдэг түүнийг рок, попынхон андахгүй. Тэрбээр “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав агсны “Сэтгэлийн эгшиг” гэх гайхалтай хөгжмийг албан ёсны зөвшөөрөлтэй гитарын гоцлол болгон тоглосон байна.

Энэхүү сайхан аялгууныхаа зөвшөөрлийг өгөхдөө Б.Шарав гуай “Сайн тоглож яваарай” гэж аминчлан захисан тул клипээ суут хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалд зориулжээ.

“Guns N’ Roses” хамтлагийн дуугаар хүмүүжсэн түүний мэдрэмж бусдаас ондоо. Төрийн дууллын дараа орох ”Халуун элгэн нутаг” дууг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зөвшөөрөлтэйгээр тогложээ. Ингэхдээ хөгжмийн зохиолчдын бүтээлд гүнээ хүндэтгэлтэй хандсан нь хөгжмийн найруулга, клипний чанараас тод харагдана.

Монголын ард түмний дөрвөн үеийг эх оронч сэтгэлээр хүмүүжүүлж байгаа энэ дууны шинэчилсэн найруулгад гитараас гадна уртын дуу, хөөмий, морин хуурын аялгуунаас шигтгэж өгчээ. Ногоон тал, цэлмэг тэнгэр зэрэг эх орныхоо үзэсгэлэнг клипээрээ харуулсан нь монголчуудын бахархал, омогшлыг төрүүлнэ.

Г.Батхүүгийн сэтгэлээс гарсан аялгуу, халуун дулаан илэрхийлэмжтэй “Мэдрэмж” аязыг хөгжмийн ертөнцийнхөн өндрөөр үнэлсэн нь соло гитарчны карьераа амжилттай эхлүүлэх үндсийг тавьжээ. Z generation буюу шинэ үеийнхэн түүний хөгжмийг голчлон сонсдог нь  шинэлэг, өвөрмөц, бас этник өнгө аястай байдагтай холбоотой аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин