• Эхлэл
  • Элчин сайд Цай Вэньруй:Одоогоор олон улсын эмч нарын баг Хятадад очоогүй байгаа 

Элчин сайд Цай Вэньруй:Одоогоор олон улсын эмч нарын баг Хятадад очоогүй байгаа 

2020/02/12

Өмнөд хөрш БНХАУ-д коронавирусийн халдвар тархаж, дэлхий нийтийн анхаарал татах асуудал болоод байгаа. Хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд ч одоогоор коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч ДЭМБ-аас онцгой анхаарах бүс хэмээн зарлаж, Монгол Улс хилээр зорчих хөдөлгөөнийг хааж, олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа. Хэдий тийм ч хөрш улсад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа хүнд үед монголчууд БНХАУ-ын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Тухайлбал, МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ уриалан БНХАУ-д коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр хандивын аян эхлүүлээд буй. Энэхүү уриалгад бизнесмэнүүд нэгдэн одоогоор  цуглараад байгаа эхний 140 сая төгрөгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд гардуулан өглөө. Энэ талаарх ноён Элчин сайдын ярилцлагыг хүргэж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй: 

-Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгээр биднийг зовох цагт Монголын төр засаг, олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээнийхэн, хувь хүмүүүс биднийг ойлгож, дэмжиж, маш их сэтгэлийн дэм үзүүллээ.  Бидэнтэй мөр зэрэгцэн зогсч хамтран тэмцэхээ илэрхийлсэн байна. Энэ нь биднийг маш их зоригжуулж байна. Бидэнд маш их тус дэм болж байна. Хятадын ард түмнийг маш их зоригжуулж байна.   

Сүүлийн үед Хятадын сошиалаар Монголын ард түмэнд талархах, магтах пост мянга, мянгаар бичигдэж байна. Монголын ард түмнийг аюул зовлонгоос хол байгаарай гэж хүсч байна, Монголд нэг ч тохиолдол  гарахгүй байхыг ерөөсөн пост их байна. Өвчин гарсан нь маш муухай хэрэг боллоо. Харин энэ өвчнийг дарахад хоёр ард түмэн хамтран ажиллаж, бие биенээ ойлгож байна, ард түмний ойлголцоо харилцаа, сэтгэл маш их ойр болж байна. Энэ нь бидний хоорондын харилцаа, ард түмний сэтгэл санааны ойлголцол ямар өндөр төвшинд хүрснийг харуулж байна.  

Энэ бүхэн Хятад Монголын харилцааны чиглэлээр ажилладаг биднийг маш их зоригжуулж байна. Бид Хятад Монгол хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдлыг улам хөгжүүлэхэд зоригжуулж байна.  

Энд ажиллаж байгаа миний бие, манай Элчин сайдын яамны хамт олон шургуу ажиллаж, Монголын ард түмний сэтгэлийг хариулах болно.  

Сэтгэлийн дэм бол маш их хэрэгтэй, маш том дэмжлэг. Монголын ард түмэн өөрсдөө тийм ч их баян биш байхад биднийг маш их дэмжиж, бидэнд их хэмжээний мөнгө, эмнэлгийн хэрэгсэл, материалаар дэмжиж байгаа нь Монголын ард түмэн ямар их сайн санаатай ард түмэн бэ гэдгийг бүрэн дүүрэн харуулж байна. Бид ёстой их талархаж байна.

-Монгол эмч нар өвчний голомт Ухань хотод очиж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ийм боломж бий юу?

-Сошиалд ийм мэдээ байхыг харсан. Монголын эмч нар ийм ухамсартай, ийм сайхан санаатай байгааг харахад сэтгэл их хөдөлж байна. Харин миний мэдэж байгаагаар олон улсын нэг ч баг Хятадад ажиллаагүй байгаа.

-БНХАУ-д нөхцөл байдал ямар байна вэ? Та энэ талаарх мэдээллээ бидэнтэй хуваалцаач?

-Нөхцөл байдал хүндхэн байна. Хятадад өвчний нөхцөл байдал хүнд байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд нас баралт буурч, эдгэрсэн хүний тоо хурдацтай нэмэгдэж, халдварт өвчинтэй тэмцэх ажил үр дүнгээ өгч байна. Энэ өвчин гарангуут манай улс маш өндөр  анхаарал хандуулж, шинэ төрлийн халдварт өвчинтэй тэмцэх ажлыг манай улсын дарга Си Жиньпин өөрөө командалж, Ерөнхий сайд ажлын хэсгийг тэргүүлж, Хятад улсын хэмжээнд өвчнийг хяналтад авах системийг богино хугацаанд бий болголоо. Ингэж анхаарал тавьснаар бусад улсад тархах явдлыг сааруулж байна. Одоогоор бусад улсад ердөө 1 хувийн тархалт байна. Энэ нь манай улсын авсан арга хэмжээ үр дүнгээ үзүүлж байна гэдгийг харуулж байна.

Үүний зэрэгцээ Хятад улс бусад улсад коронавирусийн халдвар тарахаас сэргийлэн авч буй арга хэмжээг олон улсын байгууллага болон ДЭМБ-аас өндрөөр үнэлсэн. Хүн төрөлхтөний өмнө өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлсэн гэж үзэж байна. Энэ өвчинтэй тэмцэхэд олон улсад үлгэр жишээ үзүүлж байна.  Хятад улс энэ өвчнийг бүрэн дарж чадна гэдэгт итгэл төгс байна гэдгийг илэрхийлсэн. Мөн энэ өвчнийг дарахад олон улсын зүгээс Хятад улсыг дэмжихийг уриалсан. Мөн Хятад улсыг чиглэх, харилцан зорчих хөдөлгөөн болон худалдааны хязгаарлалтыг хийхгүй байхыг уриалсан. Хязгаарлалт хийхийг ДЭМБ дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээнийхэн, хувь хүмүүс энэ хугацаанд Хятадын ард түмэнд маш их дэмжлэг үзүүлж байна. Бидэнд зориг нэмж, халдварт өвчний эсрэг нэгдэж буй Монголын ард түмэнд Хятадын ард түмэн гүнээ талархаж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Монголчуудын энэ ач тусын хариуд хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө манай ЭСЯ чармайн ажиллах болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин