• Эхлэл
  • З.Энхтайван:Бурхан бүтээнэ гэдэг дүрсэнд урвуулсан ном юм

З.Энхтайван:Бурхан бүтээнэ гэдэг дүрсэнд урвуулсан ном юм

2020/03/04

Олон улсын INTERNATIONAL телевизийн "Шүтээн урлахуй" нэвтрүүлгийн зочин бурхан урлаач З.Энхтайваны ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, гахай жилийн босгон дээр энэ сайхан зураг урлалын газар бурхан урлаач тантай ярилцах болсондоо их бэлэгшээж байна. Тийм болохоор өнгөрсөн гахай жил танд ямар үр өгөөжөө өгөв, ямар жил байв гэдгээс яриагаа эхлэе.

-Гахай жил маань их сайхан жил байлаа. Манай монголчууд ч хувьтай хүн хулгана жил үзнэ гэж билэгшээдэг. Миний уран бүтээлийн хувьд сайхан жил байлаа. Эзэн Чингэс хаанаа, мөн Хувилай хаан, Зургадугаар Далай ламыг ёсчлон бүтээлээ. Төрийн дээд одон медалиар шагнуулсан.

-Шүтээн урлал гэдэг маш нарийн дэг жаягтай. Баргийн хүн бурхан урладаггүй, маш олон жил суралцаж байж бурхан зурах эрхтэй болдог байх?

-Тийм ээ. Би 1991 онд долоон настайгаасаа Эрдэнэзуу хийдэд шавилан сууж эхэлсэн. Түүнээс хойш 1997 онд багшаараа анхны тигийг заалгасан. Миний багш өөрөө бурхан зурдаггүй ч гэсэн тигийн зава /онол/ орчуулдаг, Эрдэнэзуу хийдийн 24 дүгээр ширээт лам (хэргийн төдийд нэрийг нь дуудъя) Намхайжамц.

Ингээд сүүлд нь 2001 онд бурханч лам Пүрэвбат багш 21 аймгаас хүүхдүүд шалгаруулж авахад нь би тэнцэн суралцаж эхэлсэн. Тэгэхээр хийдэд шавилаад 26-27 жил, шүтээн урлалд суралцаад 18-19 жил болж байна. Мөн дараа нь Соёл Урлагын Дээд Сургуульд Ардын зураач Чүлтэм гуайн охин болох Нармандах багшынхаа ангид монгол зураг, баримлаар суралцсан.

-Шүтээн урлал, бурхан урлалд суралцахад юуг анхаардаг вэ?

-Бурхан багшийн дүр хийгээд бурхдуудыг бүтээхийн тулд 2600 жилийн тэртээгээс ёсчилсон тиг жаяг, адис жанлив гэж байна. Олон зуун жилийн турш багшаас шавьд дамжин уламжлагдаж ирсэн энэхүү тиг жаягийн дагуу бурхнаа бүтээх ёстой. Тиг жаяг нь одоогийн хэлээр стандарт юм уу даа.Тигийг илэрхийлсэн 32 билэг ,80 найраг бий. Гэхдээ шууд бурхнаа зурж эхэлдэггүй. Эрдэм мэдлэг, сүжиг төгс урлахуй ухаанд мэргэшсэн багшид шавь орно. Багшийн айлдсанчлан өдрийн гариг, мэнгэ, шүтэн барилдлага таарсан өдөр хадгаа барьж гал бадраах ёслол үйлдэн багш шавь бололцно. Бурхан зураач нь ертөнцөөс хэтийдсэн, ертөнцөд оршин буй эгэл урлалыг тангараг өргөсөн багш дээдсээр арав гаруй жил заалган байж мөн урлаачийн эрдмийн чанар, багшийн эрдмийн чанар төрнө хэмээдэг.

Урлаач нь: Идэр залуу, эрхтэн бүтэн, төгс сүжигтэй байх ёстой. Хэрвээ өөр шашинтай хэрнээ бурхан шүтээн бүтээж байвал бурхан урлал бус амьжиргааны төдийд бөгөөд алдас хийгээд болно. Тэгэхээр чин сүжигтэй байх ёстой. Олон зуун жил шүтэгдэн дамжих шүтээн бүтээж байгаа тул ёсчлон хийхгүй бол гэм ихтэй. Ингээд эхлээд элемент буюу галаа зурж эхэлнэ. Галыг ойлгож зурахын тулд бие сэтгэлээрээ бясалгана. Гурван сар гаруй нэг галыг зурж байж түүнийг ойлгодог. Жил ч зурах үе байдаг аа. Эхлээд том жижиг гал, дөл, салхи, үүл, ус гэх мэт байгалийн элемент болон амьтдын тиг жаяг үзэх гээд тухайн зургийнхаа дүрслэл хийгээд мөн чанарыг таньж гэмээнэ ёсчилон сураад 2 жилийн дараагаас бурхан зурж эхэлдэг. Гал дотор бүх ертөнц мөн чанар багтаж байдаг болохоор ойлготол нь удаан зуруулна. Галыг сайн зураад сурчих юм бол бурхан зурах, цаашилбал, барьж, цутгахад дөхөм болно хэмээдэг.

Бурхны шашинд дочиг шийдон буюу хүсэл, тачаал, шунал гурваас гарсан хүмүүний муу сэтгэл байдаг гэж үздэг. Мунхаг сэтгэл нь гахай. Хорт сэтгэл нь могой. Хүсэл тачаалтай сэтгэлийг тахиагаар дүрсэлдэг. Ганцхан галыг могойгоор илэрхийлж болно. Могой зураад хөдөлгөж гал болгоно. Тэр нь дотор сэтгэлийн муу хорыг дарж, галаар ариутгаж байнаа гэсэн утга юм. Тэгээд галын мөн чанарыг ойлгож зурж байгаа нь мунхагийн харанхуйг арилгаад олон амьтанд тус үйлдэн төгс гэгээрлийн анхны алхам болж байгаа хэрэг. Бурхан гэдэг маань нэг талаараа дүрсэнд урвуулсан ном юм. Бид бурхан гээд номноос тусдаа хараад байдаг. Гэвч бурхан багшийн айлдсан номын дагуу бурхдыг бүтээж байж Бурхан шүтээн хэмээдэг учир үүнд 32 билэг, 80 найраг гэж байдаг. Бурхан багш маш олон төрөл дамжин байж бурхан болсон гэдэг. Эргээд харахад цус нь далай мэт, яс нь сүмбэр уул мэт тийм олон төрлийг авч бурхан болдог байхнээ. Эгэл төрөлхтөн бид ч бас Бурхан багшийн айлдсанаар бурхан болох боломжтой юмаа. Тэгэхээр хорт сэтгэлийг дарж номын дагуу ёсчлон зурж, барьж цутгаж бүтээх ёстой. 32 билэг, 80 найраг гэдэг маань бурхан багшийн урьд нь хүнд тусалж байсан хийгээд бие, хэл, сэтгэлээрээ хүргэсэн тусаар ирсэн үр юм. Бурханы нүүрний хэлбэр нь эрдэнийн үр мэт, хөмсөгний хэлбэр сайнаар хийморь лундаа сэргэх, цээж нь арслан мэт бол хүч чадалтай байх, гар нь урт бол санасан хэрэг бүтнэ гэх мэт бүгд ном билэгдэлтэй. Тэр тиг номын дагуу Чагжаагийн зурж байж бурхан бий болдог.

-Таны анхны биет шүтээн бүтээл чинь юу вэ?

-Миний 1000 бурхан. 1000 бурхандаа их хайртай. Миний 3 жилийн бүтээл. Анх би таван сарын дотор хийнэ гэж бодож байлаа. Гэтэл яг цаг дээрээ 3 жил орчим хугацаанд хийсэн. Би 1000 гэж ойлгосон чинь бараг найман мянга шахам бурхан болсон л доо. Яагаад гэхээр Бурханы тигийг анх зураад, тэрнээсээ баримал гаргаад баримлаас хэвэнд цутган, гараад ирэхээр нь засч, шүншиглээд, мэлмий нээгээд нэг бурхан хийж дуусч байгаа юм. Нэг бурхан хийхэд найман удаа бурхан хийх үйлдэл давтагдаж байна гэсэн үг. Тухайн үед Орос визтэй байсан. 21 хоноод виз дуусна. Залуу бага байсан болохоор гэрээ санана, хүний нутагт мэдэхгүй юм зөндөө. Танихгүй, мэдэхгүй газар хэцүү, хэцүү.

Таван зуу гаруй бурхан хийгээд шантраад багш руугаа ярьсан. Багш маань “Энэ ажил чамд олдсон завшаан. Үүнийг л залуу насандаа хийхгүй юм бол чиний ажил чинь бүтэхгүй ээ” гэж хэлж билээ. Ингээд зориглоод суугаад л бүтээлээ дуусгасан.

Ингээд л дотоод сэтгэл их сайхан амраад л хийж байгаа юм маань адис жанлавтай болж байгаа юм шиг санагдах болсон доо. Их ч цаг хугацаа зарцуулсан. 1000 бурхныг хийгээгүй бол дараагийн олон бүтээл маань гарахгүй байсан байх. Манай багш ч хэлж байсан. Ер нь хүн бол үйлийн үрээ дарж сурах хэрэгтэй гэж. Биднийг анх 21 аймгаас 76 хүүхэд шалгаруулж авч байсан. Төгссөн нь хориод л бий. Би одоо 12 шавьтай. Яг дөрвөн жилийн хугацаанд зурж сурч байгаа нь хоёр гуравхан л байна. Зарим нь үнэхээр авьяастай хэрнээ хаяад явчихдаг. Зарим нь авьяасгүй юм шиг орж ирснээ суугаад байвал сураад байна. Тэгэхээр сэтгэлийн нүгэл хилэнцийг арилгаад амирлангуй байх гэдэг чухал байгаа биз.

Мөн Чингис хаан, Пагва ламтай бүтээл сэтгэлээс маань гардаггүй. Сажа багш Энэтхэгээс ирж ном айлдах гээд шавь нартайгаа долоо наймуулаа урлан дээрээ 45 хоног хонон өнжин бүтээсэн. 19 жилийн туршлагаараа тэр бүтээлийг 45 хоногийн дотор дуусгаж чадсан.

-Та 12 шавьтай гэж байна. Шүтээн урлахуйн төвдөө шавь нараа сургадаг юм байна, тийм үү?

-Шүтээн урлахуй төвийг ярихаасаа өмнө Жоволин сан, Жоволин номын өргөө гэж ярих ёстой. Би багадаа Эрдэнэзуу хийдэд шавилан сууж байсан. Эрдэнэзуу хийдийн лам нар мөн хотод байдаг хар /хуучин лам байсан/ болсон хүмүүс цуглараад Жоволин санг байгуулсан. Түүний дэргэд Шүтээн урлахуй төвийг байгуулсан. Энэ төвдөө бид сургалт зохион байгуулдаг. Урлахуй ухааныг сургаж, мөн багш нарыг авчирч лекц хийлгэх зорилготой.

Жоволин сан маань өвдсөн зовсон хүмүүст туслах гэх мэт нийгэмд тустай үйл хийдэг. Өөрсдөө улирал бүр мөнгө цуглуулаад сайн үйл хийдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд гурван ч айлыг гэртэй болголоо. Мөн саяхан нэг байшин нь шатсан айлыг дахин байшин барихад нь нэг сая төгрөг хандивласан гэх мэт .Улаан чулуутын хогын цэг дээр очиж, тэнд байгаа хүмүүст хоол, хувцас өгнө. Дээрээс нь номын өглөг маш чухал. Багш нар маань “Хүнд эд өгөх бол чухалаа.Гэхдээ номын өглөгийг гүйцэхгүй ээ. Зөв амьдрах ухааныг олох ухаан заана гэдэг бол хамгийн чухал” гэдэг юм. Жоволин номын өргөөндөө бид балин хийж олон хүнд түгээж, орлогоороо асрамж халамж сургалтын төв барих зорилготой байна. Залуу хүмүүс болохоор шууд барьчих хөрөнгө чинээ одоохондоо хүрэлцэхгүй байна.

-Маш сайхан зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Та өөрийн мэдлэг авьяас сурсан мэдлэгээрээ бурхан бүтээж буян үйлдэж байгаад чинь талархаж байна.

-За баярлалаа. Бидний цөөхөн Монголчууд зөвийг харж ,ярьж байх юм бол бид хөгжинө. Тэгэхээр бид олон улсад ёс суртахуун ,зан заншлаараа хүндтэй улс байхын тулд өнөөдөр оюун ухаанаа хөгжүүлж, өөрийн чадах юмаа илүү суралцаж нэгэндээ тусалж явах юм бол буян болоод зогсохгүй ажил үйлс бүтэмжтэй байх нь тодорхой. Бурхан бүтээнэ гэдэг бол багш нарын айлдсанаар яг хүн төрж байгаа мэт амьд үйл юм. Бодь сэтгэлийг бэлгэдэн тусгайлан бэлтгэсэн цагаан даавуун дээр цантиг шугам буюу амин зураас татсанаар бурхан бүтэх амь орших үйл эхэлнэ. Үүнийг адилтгаваас ертөнцөд хүмүүн төрлийг олж эхийн хэвлийд гол нурууны яс анхлан бүтэж түүнээс салбарлан бүх эрхтэн төгс болж байгаатай адил үйл явц юм. Нэг зураг олон зураас орж байж бүтэж байгаа юм. Хүний эд эс бас тийм. Тийм учраас бурханы зөв тэгээр зөв сэтгэлээр зурах ёстой байдаг юм.

Мөн бид яг тэрэнтэй адилхан эхийн хэвлий орох цагаас авахуулаад ээжээсээ бүгдийг авдаг. Гараад ирэхэд газар нутаг, эх орон тосоод авдаг. Бид аваад сурчихсан учраас бүгдийг авахыг хүсдэг. Нүдэнд харагдахгүй эс байж байгаад ийм том болсон юм чинь хийж бүтээж өгөхийг хүсч явдаг даа.

Монголын ард түмэн дэлхийг байлдан дагуулж байсан ард түмэн. Өндөр гэгээн Занабазар бурхан шүтээн урлагаараа байлдан дагуулж байсан. Чингис хаан маань оюун ухаан хүч чадлаараа байлдан дагуулж байсан. Бидний өвөг дээдэс тийм мундаг шүү дээ.

-Монголчууд хадгийг янз бүрээр л хэрэглэдэг. Хадагны билэгдэл, хадгийг ер нь ямар үед хэрэглэдэг юм бол?

-Бурхан багш номоо номлож байх үед түүнд маш олон хүн өргөл өргөжээ. Гэтэл гуйлга гуйж амьдардаг ядуу гэр бүлийн хоёр байж. Бөгсөн биеэ ороож ээлжээр гарч гуйлга гуйдаг дундаа ганц даавуутай байж. Тэгээд бурханд өгөх зүйлгүй болохоор ганц байгаа даавуугаа угааж цэвэрлээд өгжээ. Гэтэл бурхан багш надад бэлэглэсэн их зүйл дотор маш үнэтэй нэг зүйл байна, тэрийг аваад ир гэхэд дээр нь байсан даавууг эс тоон, бүхий л үнэтэй гэсэн бүгдийг хүргэж өгсөн ч “Биш” гээд байж. Тэгээд тэр даавууг хүргэж өгөхөд атгахад атганд багтах, дэлгэхэд тэнгэр дүүрэн болжээ. Тэгээд тэнгэрийн өнгөтэй тэнгэрийн хэв буюу хадаг гарсан түүхтэй. Хадаг таван өнгөтэй байдаг. Шар өнгө нь амирлангуйн өнгө. Ихэс дээдэст барьдаг. Улаан өнгө эрхэнд хураахыг бэлгэддэг. Цагаан өнгө бодь сэтгэл болон Жанрайсиг бурхныг бэлгэддэг. Монголчууд мөнх хөх тэнгэр, хүч Чадал Очирваань бурхныг бэлгэдэн хөх хадгийг эрхэмлэдэг ээ.

-Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

-Хэргийн төдийд багшийгаа дурдъя. Халхын зая гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд багшийн айлдсан айлдвараар энэ сайхан ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна.

Эрдэмт дээдсийн замналыг дагаж

Элдэв бусармаг зүйлсийг тэвчин

Эв эеийн цэцгийг үрслүүлэн тарьваас

Эх орноо хөгжүүлэх эрхэм үйлс ээ.

-Баярлалаа. Ерөөл бат оршиг ээ.

 

Видео нэвтрүүлгийг дор дарж үзнэ үү

 

INTERNATIONAL TB:Шүтээн урлахуй

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин