• Эхлэл
  • Монгол түүхийн дөрөв дэх хэвлэл

Монгол түүхийн дөрөв дэх хэвлэл

2020/08/19

Баабар ийнхүү өгүүлэв

МОНГОЛ ТҮҮХИЙН ДӨРӨВ ДАХЬ ХЭВЛЭЛ

Номын маань анхны хэвлэл гарснаас хойш 25 жилийн дараа уншигч тантай дахин учирч буйдаа баяртай байна. Тэрнээс хойш цаг улиран одохын хэрээр би ч номоо нэлээд өргөтгөлөө. Нийтдээ энэ номыг бичихэд 33 жил зарцуулсан нь нийт амьдарсан насны маань тэн хагасыг эзэлжээ.

Хоёр дахь хэвлэлийг 2006 онд хэвлүүлсэн. Тэнд 1946-1992 оныг хамруулсан дөрөв дүгээр дэвтрийг нэмж оруулсан юм. Гурав дахь хэвлэлийг 2016 онд нэмж бичин дуусгахдаа ерөөс ХХ зуун хүртлэх эхний хэсгийн түүхийг нэг мөсөн бичиж дүүргэе гэсэн санаа сэдсэн хэрэг. Ялангуяа Оросын болоод Тайваний архиваас нэлээд материал шинээр олдсон. Мөн Иран, Түрэг, Хятад, Польш, Солонгосоос ч эртний Төв Азийн нүүдэлчид болоод дундад зууны монголчуудын тухай түүхийн арвин баримт байдгийг олсон хэрэг. ХХ зууны эхэн үе болоод Манжийн үеийн маш сонирхолтой олон материал Тайваний архиваас олсныг НЭПКО хэвлэлийн компаниас эрхлэж орчуулан Гадаад Монголын дотоод нууц гэсэн товхимол хэвлүүлсэн ба тэндээс ч Гурав дахь хэвлэлд нэлээдийг ашигласан болно. 

Энэ номыг 1999 онд Кэмбрижийн Их сургуулиас англи хэлээр орчуулан гаргасан нь зохих нэр хүнд олох болон бусад хэлээр орчуулагдахад их түлхэц болсон юм. Англи орчуулгын эх нооргийг хийсэн С.Бүрэнбаяр гуай, Д.Сүхжаргалмаа хатагтай, Х.Хулан хатагтай, Н.Туяа хатагтай болон орчуулгыг хяналцсан Карол Форсэт хатагтай, Кандис Пүрнэлл хатагтай, орчуулгыг хянан тохиолдуулсан доктор К.Каплонски, англи хэлээрх хэвлэлтийг санаачилж, зуучилж, холбож өгсөн Эдвард Стори гуай нарт маш их баярлаж явдаг. 

Мөн хоёр дахь хэвлэлийн анхны гадаад орчуулга болох орос хэлэнд хөрвүүлсэн Михаил Миронов, Г.Оюунбилэг хатагтай, Д.Ундрах хатагтай, Х.Оюун хатагтай, Н.Хонгорзул хатагтай болон орчуулгыг хянан тохинуулж нэгтгэсэн Оксана Доржиева нарт дахин дахин талархаж буй. Орос хэлээр орчуулахыг санаачилсан Татарастаны Ерөнхийлөгчийн туслах Искандер Муфлиханов гуай болон үүнийг нь дэмжин хэрэгжүүлсэн Татарастаны Ерөнхийлөгч асан Минтимир Шаймиев гуай нарт их баяраллаа.

Гурав дахь хэвлэлийн анхны гадаад хөрвүүлэг болох франц орчуулгыг гүйцэтгэсэн Б.Алтынгул багш, С.Булгантамир багш, Н.Мөнх багш нар болон хянан тохинуулалцсан Г.Луузан гуай, Л. Өсөхбаяр гуай нарт талархаад ханашгүй. Ялангуяа нийт орчуулгыг үзэж хянан засварлаж нэг мөр болгосон ерөнхий редактор Галлэ Лаказэ маш их тус болсныг онцлон хэлж талархалаа илэрхийлье. Франц хэлэнд орчуулах санаачлага гаргасан Д.Далайжаргал гуай, элчин сайд А.Баттөр, үүнийг дэмжин ажил болгосон ЮНЭСКО-ын Ерөнхий захирал Одри Азулай хатагтай, ЮНЭСКО-ын Ерөнхий захирлын туслах Фирмин Матоко гуай нарт гялайлаа.

Дөрөв дахь хэвлэлийг бичих зайлшгүй шаардлага саяхнаас гарсан юм. Магадгүй энэ нь миний гуч гаруй жилийн хөдөлмөрийн сүүлчийнх нь байх, дахиж нэмж бичихээс “зүрхшээж” байна. Анхны хэвлэл 450 хуудастай 400 гаруй эшлэлтэй байсан бол дөрөв дахь хэвлэл 1300 орчим хуудастай, хоёр мянга гаруй эшлэлтэй болжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин