• Эхлэл
  • Автобусны үнийг 200 төгрөг болгочихвол АН-ыг дэмжье

Автобусны үнийг 200 төгрөг болгочихвол АН-ыг дэмжье

2020/09/22

Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Сар хүрэхгүй хугацаа үлдэв. Намууд нэр дэвшигчдээ зарлаад арав хонож байхад сонгуулийн мөрийн хөтөлбөр, орон нутгийг хөгжүүлэх бодлого нь зарлагдсангүй. Ер нь бол энэ хоёрын байрыг дарааллыг нь сольчих хэрэгтэй юм шиг.

Эхлээд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө, дараа нь үүний төлөө зүтгэх нэр дэвшигчдээ зарладаг болчихвол сонгогдох гэж байгаа, сонгох гэж байгаа хоёрын хэн хэнд нь ойлгомжтой баймаар. Тиймгүйгээс л намууд юу хийх вэ? гэдгээсээ илүү хэнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр толгой гашилгаж, фракц, бүлэглэлээрээ талцсаар хамаг цаг, хүчээ үрдэг бололтой юм. Сонгогчид ч гэсэн хэн юу хийх нь вэ гэхээс илүү хэдэн цаас хялайлгах нь вэ гэдгээр нь сонголтоо хийдэг болчихсон. Нэгэнт бодлого нь харагдахгүй учраас хэн илүү гар цайлгаснаар нь үнэлж цэгнэдэг гэсэн үг.

Эрх барьж байгаа МАН-ын хувьд УИХ-д илт давуу олонхи, орон нутагт өнгөрсөн дөрвөн жил ажилласан хөл бий гэдгээрээ аархаж, тоомжир багатай хандаж байгаа нь тодорхой. Тэр “хөл”-ний хүчээр л МАН УИХ-ын сонгуулийн сонгуульд илт давуу ялалт байгуулсан шүү дээ. Ямар нэг онцгой, шинэ содон хөтөлбөр танилцуулна гэж лав харагдахгүй байна. ХҮНамын хувьд бол хоёр том намыг муулаад явахад болчихно гэж бодож байгаа биз.

Харин АН-ын хувьд “Нийтийн тээврийг үнэгүй болгоно” гэж нэг удаа зориг муутайхан дуугараад нам болов. “Халамжийн хамгийн муу бодлого болгоныг АН түрүүлж санаачилдаг, МАН тэрийг нь давуулж амлаад ялалтыг өөртөө авдаг. Үхсэн хатасных нь барууны нам” гэх мэтчилэн соошлаар зад загнуулаад дуугаа хураачлаа. Хэлэхээсээ өмнө бодож байхгүй ч яасан юм.   

Уг нь бол нийтийн тээврийг үнэгүй болгоно гэдэг огт ор үрдэсгүй, буруу зөрүү ч юм биш. Улаанбаатарын түгжрэл, утааны бохирдлыг шийдэх хамгийн зөв арга зам ч байж магадгүй. Гэвч үнэгүй юм бүхэн араасаа ямар нэг үр дагавар дагуулдаг. Адгийн наад зах нь автобус баазууд ажилчдынхаа цалинг яаж тавих, бензин тосоо юугаар авахаас эхлээд асуудал үүснэ. Хамгийн гол нь хүн бүр авч байгаа үйлчилгээнийхээ төлөө хөлс төлдөг, үүнийх нь цаана хэн нэгний хүч хөдөлмөр, үнэ өртөг бий гэдэг сэтгэхүйтэй байх ёстой. Энэ чинь л зах зээлийн нийгэм шүү дээ.

Тиймээс автобусны үнийг одоогийнхоос нь 2.5 дахин буулгаад 200 төгрөг болгоод, автобусныхаа эргэлтийг нэмчихэд л нийслэлчүүд бүгдээрээ нийтийн тээврээр зорчино. Нэг айлын таван хүн өдөртөө 2000 төгрөгөөр ирж очоод байна гэсэн үг. Хоёр нь өглөө машин бариад гардаг, хоёр нь автобусанд суугаад, нэг нь такси бариад таван талд түгжрэх шаардлага гарахгүй.

Нийслэлийн 1,5 сая хүний нэг сая нь нийтийн тээврээр зорчиход /өндөр настан, бага ангиас доош насны хүүхдүүдийг хасаад/ замын түгжрэл, утаа тортог багасаад, нийтийн тээврийн үйлчилгээ ч гэсэн хөл дээрээ босоод ирнэ. Өглөө, оройд автобусны буудал руу арав, арван минут алхаад байхад нийслэлийнхний хувьд гамшиг болоод байгаа хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэлд санаа зовохгүй болно шүү дээ. Өдөртөө 30 минут алхчихад хөдөлгөөний дутагдлаас ангижирна гэж эмч зөвлөдөг.

Улаанбаатарын замыг цаашид тэлэх боломж нэгэнт байхгүй болсон энэ үед үүнээс өөр түгжрэлээс гарах арга зам байхгүй. Тэрнийг дагаад нийгмийн олон асуудал шийдэгдэх нь байна. Өглөө, орой ид ачааллын үед ирж, очихын дөрвөн цагийг зам дээр түгжирч амьдралаасаа хумслахгүй, бензин тос, машины элэгдэл хорогдлоос өгсүүлээд эдийн засгийн хохирол амсахгүй, энэ бүх алдагдлыг мэдсээр байж хүн болгон хуучин машины захаас лизинг хийхгүй.

Хамгийн гол нь нийтийн тээврийнхээ чанар үйлчилгээг бусад улс орнуудын стандартад аваачаад, цэвэрхэн тохилог, хурдан шуурхай болгочиход автобусанд суухгүй байх шалтгаангүй болно.

Гэтэл одоо гараад хар. Улаанбаатарын хамгийн ядуу, орлогогүй /үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй зорчдог/ хэсэг нь л автобусанд сууж байна. Тэтгэврийн хөгшид, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд... Тэрийг нь мэдсэн юм шиг үйлчилгээнд явж байгаа автобуснуудынх нь бохир, завааныг яана. Өглөө болгон цэвэрлэгээ хийгээд, эцсийн буудал болгон дээрээ хогоо хаячихаад байдаг бол хэн дургүйцэх билээ. Нийтийн тээврээр ашиг хийх биш, нийтэд хэрэгтэй үйлчилгээ болгож хөгжүүлэх цаг нь болсон. Тэгж байж хот нь ч цэвэрхэн, хүмүүс нь ч бухимдалгүй амьдарна биз дээ.  

АН энэ удаад ийм бодлого хэрэгжүүлбэл арван гартай байсан ч дэмжье. Өмнө АН-ын эрх барьж байх үед барьж байгуулсан "Гудамж" төсөл, гэр хорооллын замууд өнөөдөр нийслэлийн хөл хөдөлгөөний гол ачааллыг үүрч байна. Одоо харин түүн дээрээ зорчих хөдөлгөөнөө зөв зохион байгуулж чадвал түгжрэлээс гарах шинэ боломж байна. 

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин