Entrée resorses өчигдөр ээлжит мэдэгдлээ гаргажээ. Өнөөх л нэмэлт санхүүжилт босгох тухай мэдэгдэл боловч дотор нь мөн л “Entrée/Oyutolgoi хамтарсан үйлдвэр, Монгол дахь оролцоог нэмэгдүүлэх, Монголд шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэхээс зарим зүйл нь шалтгаалаад байгааг, хамгийн гол нь Шивээ-Овоо, Жавхлантын уурхайн лицензийг Оюутолгой компанид шилжүүлэх тухай мэдээллийг "зүүлт болгож" дурдсаар л байна.
Энэ бол өчигдөр үдээс хойш https://entreeresourcesltd.com/_resources/news/nr_20261104.pdf албан ёсны сайтад мэдээлсэн мэдээ. Харин өнөөдөр АН-ын ээлжит мэдээллийн цагтай өдөр байсан. АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цаг үеийн халуун сэдэв болоод байгаа Оюутолгойн ногдол ашиг 3 их наяд төгрөгийн талаар ярьсан. Сөрөг хүчин одоо л Entee-ийн лицензийн талаар анхаарч эхлэв бололтой.
Юуны өмнө “Эхний ээлжинд орж ирэх гээд дуулиан тариад байгаа 3 их наяд төгрөгийн ногдол ашиг гэгч нь үнэхээр ногдол ашиг мөн үү? Эсвэл нэг удаагийн төлбөр юм уу? Төлбөр бол юуны төлбөр гэгч вэ? Зөвхөн манай талаас энэ тухай яриад байгаа болохоос “Рио Тинто” яагаад 3 их наядын ногдол ашиг гэгчийн тухай огт мэдээлэхгүй байна вэ гэдэг асуудлуудыг Засгийн газраас албан ёсоор авах нь зүйтэй гэж тэд мэдэгдлээ.
Тийм ээ, энэ л олон нийтийн хүлээлт. Тэд яг бидний асуух гээд байгаа зүйл дээр мэдээлэлгүй байна гэсэн үг!
Монголчууд бид сайд нарын амнаас л сонссон болохоос өөр хаанаас ч, хэнээс ч, “ “3 их наядын ногдол ашиг”-ийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Бүр ямар ч хэлэлцээр гарын үсэг, хүлээн зөвшөөрсөн байдал нүдээр хараагүй шүү дээ!
Гэтэл Ерөнхийлөгч энэхүү ногдол ашгийг иргэн бүрт хүртээх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч ард иргэдтэй адил мэдээлэлтэй байна уу, аль эсвэл арай өөр түвшинд үзсэн, харсан баталгаа нотолгоотой юу?
Аль нь ч байлаа гэсэн УИХ энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Лиценз өгөх нь зөв ч, буруу ч байж болно. УИХ-аараа л шийдье. “3 их наядын ногдол ашиг” гэдэг асуудлыг ч бас хууль, тогтоолын төсөл санаачлаад ороод ирэхээр нь УИХ-аар хэлэлцье. Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа явах зүйтэй гэж үзсэнд олон нийт талархалтай байна. Гэхдээ УИХ-д хуулийн, эсвэл тогтоолын төсөл ороод ирвэл хэлэлцэх ёстой.
Хамгийн гол нь “нэг удаагийнх уу”, “хэн 3 их наяд гэж тогтоов”, “хэрэв нэг удаагийнх бол оронд нь биднээс юу хүсэв, бэлэг л лав биш”. Эдгээр асуултын хариуг АН-ынхан ойрын үед албан ёсны тайлбар Засгийн газраас бичгээр авч, шаардлагатай бол УИХ-аар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийг барьж яриад ойр, ойрхон мэдэгдэл гаргаад байгаа Entrée resorses-ийнхонтой бодит мэдээлэл солилцох шаардлага үүсэж байна.
Нийтлэлч У.Оргилмаа


Сэтгэгдэл байхгүй байна