• Эхлэл
  • “Хил хязгааргүй” шороон шуургатай тэмцэхэд хөрш болон олон улстай хамтран ажиллах нь чухал

“Хил хязгааргүй” шороон шуургатай тэмцэхэд хөрш болон олон улстай хамтран ажиллах нь чухал

2021/04/18

“Хаврын тэнгэр хартай” гэж. Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хаврын улирал энэ жилийн хувьд хүчтэй шороон шуургаар эхэллээ. Монголын зарим нутагт салхины хурд 40 м/сек хүрч  хүчтэй шороон шуурга болсон нь жинхэнэ байгалийн гамшиг байлаа. 

Шороон шуурга Баянхонгор, Ховд, Дорноговь, Завхан, Өвархангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийг хамарч 10 гаруй хүний халуун амийг авч одлоо.  Үүнээс илүү хохирол гэж чухам юу байх билээ.

Монголын тэнгэрт дэгдсэн тэр шороон шуургыг дараагийн өдөр нь Бээжинд харлаа. Хятадын хойд нутаг, Бээжингээр дайрч цаашлаад Өмнөд Солонгос, Японд хүрсэн мэдээ бий.

Энэ бүгдийг дурдахын учир нь дэлхийн цаг уурын дулаарал, хөрсний доройтол, цөлжилт зэрэг нь дээрх давагдашгүй хүчин зүйл үүсэхэд нөлөөлж байна.  Хорхой шавьжны нүүдлийн давтамж ихсэж модны ургалтад сөргөөр нөлөөлөх болсон талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Оюунсанаагийн ярьсныг нэмэрлэе.

Монгол орны хувьд цөлжилтөд өртөмтгий буюу хуурай, гандуу бүс нутаг 90 орчим хувийг хамардаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байгааг манай судлаачид тогтоогоод байна. Харин энэ бүхнийг зогсоох хамгийн том зэвсэг бол мод тариалах юм гэдгийг шинжлэх ухаан аль хэдийн нотолсон байдаг .Тухайлбал, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Ганчөдөрийн Элсэн тасархайд хийсэн судалгааны үр дүнгээс дурдвал, тэнд элсэрхэг хөрс бүхий газарт хайлаас, улиас, харгана хамгийн илүү дасан зохицож, амьдрах чадвар болон жилийн өсөлтийн эрчим өндөр байна. Ойн зурвас бий болгосноор 5-30 дахин алслах зайд салхины хурдыг бууруулж, хамгаалах нөлөөлөл нь 24.58-193.35 м зайд илэрсэн дүнтэй байна. Хамгаалагдсан талбайд салхины чиглэлээс элс ердөө 0.2-0.8 м хуримтлагдаж, 5-30 м алслагдах зайд элсний нүүдэл бүрэн зогсож, олон наст бэлчээрийн ургамал түрэн ургаж байна. Нэг анхаарал татсан зүйл бол Монгол орны нөхцөлд баруун зүгийн салхи зонхилдог. Харин Элсэн тасархай дахь автомат станцын мэдээнээс харахад зөвхөн 5-10м/с болон түүнээс дээш хурдтай, бидэнд шууд мэдрэгддэг, элсний нүүлт хөдөлгөөнийг үүсгэгч  хүчтэй салхи л баруун болон зүүн хойд зүгээс л салхилдаг, харин нийт салхины дийлэнхи хувь нь зүүн урд зүгээс салхилж байгаа явдал юм. Иймд бидний судалгаа явуулж буй нутагт цөлийн хуурай уур амьсгалын нөлөө илүү давамгайлж байна хэмээн ойлгож болохоор байна. Салхины хурд нь элсний нүүлт хөдөлгөөнийг үүсгэж, хөрсний гадаргын усны ууршилт эрчимтэй явагдахад илүү нөлөө үзүүлдэг бол, харин аль чиглэлээс илүү давамгайлж байгааг мэдэх нь түүний сөрөг нөлөөллийг бууруулах хамгаалалтын ойн зурвас төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

Шинжлэх ухааны туршилт судалгаа нь аливаа тогтсон ойлголтыг баримт нотолгоотой батлан харуулах эсвэл няцаалт өгдгийг дээрх жишээнээс харж болно. Иймээс иймэрхүү туршилт судалгааг нэн ялангуяа зүүн урд зүгийн говийн аймгуудад хийж цөлийн хуурай уур амьсгалыг үүсгэгч хүчин зүйлд бас судалгаа хийвэл зохилтой санагдана. ШУА-аас хийсэн судалгаагаар 2008 онд хавар шороон шуурга шуурах үед Замын -Үүдэд РМ10 тоосны үнэмлэхүй их утга 814 мкг/м3-д хүрэв. Лидарын мэдээгээр, Монголын говийн нутагт үүссэн шороон шуурганы үед агаарт дэгдсэн тоос босоо чиглэлд  4 км хүрч тархаж байсан байна.

БОАЖЯ-ны зүгээс 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтуудыг тавьжээ. Үүнээс нэгэн гэгээлэг мэдээг дуулгахад, түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83,6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. 

Судалгаанаас үзэхэд, нэг байгаль хамгаалагчид өндөр уулын бүсэд 100,000 га, ойт хээрийн бүсэд 120,000 га, тал хээрийн бүсэд 500,000 га, цөлөрхөг хээрт 600,000 га, цөлийн бүсэд 800,000 га талбай ногдож байгаагаас үзэхэд хүн хүч хаанаа ч хүрэхгүй байгаа нь илт. Ойжуулах, мод тарих ажил нь зөвхөн Засгийн газар, олон улсын байгууллагууд, ойн салбарынхны ажил биш, олон нийтийн оролцоо нэмэгдэхийн хэрээр үр дүн нь сайжрах юм.

Бичээч бээр “World Garden Mongolia” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуунтай ярилцахад, тэрээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хэсэг газрыг моджуулах ажилтай 11 жилийн турш “ноцолдож” байгаагаа хэлээд энэ хугацаанд нийт 5 га газарт 1080 ширхэг шинэс, 8449 ширхэг хайлаас тариад байна гэв. Тэрээр мөн өнөө цагт мод тарьж ургуулах технологи урьдынхтай харьцуулшгүй өөр болсны дээр дэлхийн цаг уурын дулаарал, хөрс хэт хуурайшсанаас байнгын арчилгаа тордолгоо шаардагддаг болсон талаар ярив.

Хүний их эмч Н.Ариунболд гэх эмэгтэй Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан суманд ажиллаж байхдаа төгөл байгуулж чадсан бол нэрт зохиолч Чинагийн Галсан өөрийн хөрөнгөөр нэг сая гаруй мод тарьсан, Д.Отгонбаяр, Б.Эрдэнэчимэг гэх гэр бүлийн хоёрын удирдлаган дор Сэлэнгэ аймгийн Тужийн нарсын 7 500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийснээр 40-50 хувь нь байгалийнхаа жамаар эргэн сэргэж ургасан гэх мэтчилэн ойжуулах ажил удаан боловч урагшилж л байна. Судалгаагаар, Монгол улсад жилд дунджаар 1.2 сая ширхэг мод тарьж буй нь иргэдэд мод тарих хүсэл байгааг харуулж байна. Гэвч энэ ажлын үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй байна.

Хөрш орнууд ялангуяа Хятад улс болон Монгол Улсын цөлжилтийн асуудалд ихэд санаа зовниж буй нь шар шороон шуурга хил хязгааргүйгээр нүүдэллэн шуурч буй  нь асуудал болсон нь илт. Хятад улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын үзүүлэлтээр дэлхийд гайхагдаж байгаа билээ.

Хятадад “цөлийг ялсан баатар” гэгддэг Киан Шюсен орчин үеийн шинэ технологийг ашиглаж цөлд газар тариалан, ХАА-н үйлдвэрлэл хөгжүүлэх  “Цөлийн үйлдвэрийн онол”-ыг дэвшүүлснээс 20 жилийн дараа тус улсын хувийн хэвшлийн “Элион” компани “Үхлийн тэнгис” гэж нэрлэгдэж байсан Кубику цөлд амжилт олсон байна. Одоо тэнд баянбүрд бий болж, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийн үйл явцыг зогсоох ногоон замыг бий болгоод байна. Нутгийн ард иргэд тодорхой хэмжээний орлоготой амьдарцгааж байна.

Үүнд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан юм. “Элион” компани цөлд гурван шинэ үйлдвэрлэл хөгжүүлээд байна. Үүнд, Цөлийн гаралтай чихэр өвсийг тарьж, жилдээ 3 тэрбум юаны ашиг орлого олдог эмийн үйлдвэрлэл, жилд дунджаар 200 000 жуулчин очдог цөлийн “Долоон Од” нуурын эко аялал жуулчлалын салбар, цөлийн нарны эрчим хүчний үйлдвэрлэл зэргийг нээж хөгжүүлсэн байна.

Цөлд тууштай ажилласан дээрх компани ашиг орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй, 7000 кв.км газар нутгийн цөлжилтийг зогсоож чадсан нь гайхамшиг болж байна. Цөлжилтийг багасгах зорилгын хүрээнд нийтдээ 234 уртааш км цөлийг холбосон таван хурдны зам тавьсан ба замаа дагуулан ус болон цахилгаанжуулсан нь  ойжуулалтыг дахин хийх боломжтой болсон байна.

Ийнхүү цөл газар баянбүрд болсноор Бээжин хотыг нөмөрдөг байсан элсэн шуургын давтамж цөөрч, Шар мөрнийг бохирдуулдаг байсан элслэг шавар багассан байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй бичээчид ярилцлага өгөхдөө “Шороон шуурга бол байгалиас үүдсэн үзэгдэл, тиймээс хэн нэгнийг буруутгах нь утгагүй зүйл юм. Шороон шуургатай холбогдуулж манай улсын ГХЯ-наас  “Шороон шуурга, цөлжилт бол бид бүгдийн өмнө тулгарсан хүнд асуудал болж хувирлаа. Ялангуяа бүс нутгийн хөрш орнуудын хувьд  энэ тал дээр хамтран ажиллаж, хоорондоо уялдаатай бодлого хэрэгжүүлж байж цөлжилтийг сааруулна” гэж мэдэгдсэн. Ер нь улс орон дангаараа цөлжилттэй тэмцэхэд хүндрэлтэй. Тиймээс нэгнээ ойлгож, дэмжиж хамтдаа цөлжилтийг сааруулж байж энэхүү экологийн асуудлыг шийдвэрлэнэ. Цаашид цөлжилттэй тэмцэх ажил бол Монгол, Хятадын хамтын ажиллагаанд бас нэгэн чухал байр суурийг эзэлнэ гэж бодож байна” гэв.

Доктор М.Тунгалаг “Аль ч талаар бодсон бид цөлжилттэй дангаараа тэмцэж дийлэхгүй. Бид бүс нутгийн хэмжээний санал санаачлагууд, механизмуудыг ашиглах хэрэгтэй. Уг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэх Зүүн хойд Азийн сүлжээг Монгол, Хятад, Өмнөд Солонгос хамтран санаачилсан. Энэ механизмын хүрээнд дээрх орнуудын Засгийн газрууд хамтарч хөрөнгө гаргаж, тодорхой бүс нутгийг цөлжилтөөс хамгаалахад хамтран ажиллах, туршлагаа хуваалцах сонирхолтой байдаг” талаар нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Тэгэхээр хил хязгааргүй болсон энэ асуудалтай бүс нутгийн хэмжээнд, хамтдаа тэмцэх нь өгөөжөө өгөх нь гарцаагүй.     

Сэтгүүлч Б.НАРСАР                                    


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин