• Эхлэл
  • Миний мэдэх Монголын залуучуудын холбоо

Миний мэдэх Монголын залуучуудын холбоо

2021/06/30

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн сэтгүүлч Э. Энхжингийн нийтлэлийг хүргэж байна. Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Монголын Залуучуудын Холбоо нь анх 1921 оны 8 дугаар сард жанжин Сүхбаатарын санаачилгаар “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан байдаг. Үүний дараа 1922 оны 7дугаар сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдаж, 600 орчим гишүүд 30 шахам үүрийг төлөөлсөн төлөөлөгчид оролцсон бөгөөд 1923 оны 8 дугаар  сарын 16-нд МХЗЭ-ийн Төв хорооны анхны хэвлэл гэгддэг “Манай зам” сэтгүүлийн анхны дугаар 200 хувь нийтлэгдэн гарсан байдаг. 1930 оны 8 дугаар сард буюу 8 жилийн дараа МХЗЭ-ийн VIII их хурал хуралдаж, 19.500 орчим  гишүүдийг төлөөлсөн төлөөлөгч оролцсон байдаг. 1922 онд 600 орчим гишүүд харин 1930 онд 19.500 орчим гишүүд гэсэн энэ тооноос харахад Монголын залуучуудын байгууллагаа асар хурдтай хүрээгээ тэлж байж гэж харагддаг.

Монголын залуучуудын холбоо МХЗЭ хоёрыг салгаж ойлгож боломгүй санагддаг. Өдрөөс өдөрт ийнхүү хүрээгээ тэлж байгаа МХЗЭ нь 4 жил тутамд  1 удаа хуралдаж байхаар тогтсон  байдаг бөгөөд  хийж буй ажил, залуусын төлөө явуулж буй нөр их хөдөлмөрийг нь үнэлж 1931 оны 8 дугаар сарын 1-нд БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийн 10 жилийн ойг тохиолдуулан “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан байдаг. Энэ нь Ардын хувьсгалын он жилүүдэд өсөн өндийсөн МЗХ-нд хувьсгалын төлөөх үйл хэрэгт оролцож баатарлагаар амь үрэгдсэн идэвхтэй гишүүдийн дурсгалыг ийнхүү хүндэтгэсэн үйл хэрэг байсан гэдэг. Мөн МЗХ нь 1951, 1961, 1971, 1981 онд Сүхбаатарын одонгоор шагнадсан хамгийн олон одонтой  байгууллага юм шиг санагддаг. 

Энд Монголын пионерын байгууллагыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. МХЗЭ нь 1984 онд Монголын пионер, сурагчдын ордны шинэ барилгыг ашиглалтад оруулж өгсөн нь өөрсдийн залгамж халаа болох дүү нартаа гараа сунгасан сайхан үйл явдал байсан гэдэг.

1921 оны Бошгыг халах залуучуудын эвлэл нь  1922 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл болж 1991 онд буюу 69 жилийн дараа  Монголын залуучуудын холбоо гэж нэрлэгдэх болжээ.

Монголын залуучуудын холбоо нь зөвхөн өөрийн орны  21 аймаг 330 суманд үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй дэлхийн улс орнуудтай дуу хоолой, үзэл бодол, үйл хэргэээрээ нэгдэн ажилласаар ирсэн байдаг. Тухайлбал, 1993 оны  4 дүгээр сард Дэлхийн Залуучуудын Ассамлейн гишүүнээр элсэж,  9 дүгээр сард Азийн Залуучуудын зөвлөлийн гишүүнээр элссэн байдаг ба Монголын Залуучуудын холбоог Азийн ууган байгууллага гэх нь ч бий.

Холбооны гол зорилго нь залуучуудын хүсэл сонирхолд үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах явдал юм.

Тэгвэл тэрхүү гол зорилгынхоо хүрээнд  АНУ, БНХАУ, БНСУ, Канад, Герман зэрэг олон улстай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна.

МЗХ хүүхэд залуусын сэтгэлд нийцэж тэдний зүрх сэтгэлд хүрсэн, үлдсэн олон ажил хийснээс дурдвал

  • “Унадаг дугуйтай Улаанбаатар”
  • “Цагаан уул” Хайрын шүлгийн наадам,
  •  “NEXT STOP” Оны залуу тодруулах ёслол,
  • “Иргэний андгай өргөх ёслол”

гээд цааш нь хөврүүлж болно.

Мөн залуусын гэлтгүй ард олны зүрх сэтгэлд тод үлдсэн шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80 хувь түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах “Ахыг аваръя” хандивын аян, “Авлига авахгүй, авлига өгөхгүй” аян гэх мэт сайн дурын ажил, хөтөлбөр, зэрэг хүмүүнлэгийн үйлсийг ч ямагт өрнүүлж байдаг билээ.

Миний мэдэх МЗХ энэ. 2004 онд төрсөн миний үе тэнгийхэн эмээ өвөө, аав ээжээсээ  МЗХ гэх нэрийг олонтоо сонсож бас ой тойнд үлдсэн саяхны ажил үйлс нь сэтгэлд байр сууриа эзэлсэн нь өчигдрийн бас өнөөдрийн МХЗ гэж хэлж болно.

Харин олон нийт болон миний хүсч байгаагаар цаашид Монголын залуучуудын холбоо нь гол төлөв Gen-Z үеийнхэнтэйгээ хамтарч, тэдний үзэл бодол дуу хоолойг өндөр албан тушаалтнуудад хүргэж, өсвөр үеийн залуусын эрх тэгш, шударга байдлын төлөө тэмцэж, оюутан залуусын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, тэдний ирээдүйг дэмжих хэрэгтэй. Тэднийг гадаад харилцаагаа сайжруулж тэтгэлэг болон сурагч солилцооны үйл ажиллагаануудыг түлхүү хэрэгжүүлж, залуу үедээ чиглэсэн, ирээдүйд хөрөнгө оруулах зорилготой төсөл, үйл ажиллагаагаа улам олшруулж,  хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна.

Товчхондоо бол миний мэдэх Монголын Залуучуудын Холбооны өчигдөр өнөөдөр, маргааш энэ  буюу.

Сэтгүүлч Э.Энхжин

 


Сэтгэгдэл байхгүй байна