Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн Erennews.mn сэтгүүлч С. Туулын нийтлэлийг хүргэж байна. Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247
Өдгөөгөөс 100 жилийн өмнө Ардын хувьсгал ялж, улмаар батжин бэхэжсээр өнөөдрийг хүрсэн ч дандаа шулуун дардан замаар яваагүй нь мэдээж. Хувьсгалын үйл хэргийг бататгахын тулд “Бошгыг халах залуучууд” нэртэй байгууллагаа байгуулсан нь өнөөгийн Монголын Залуучуудын холбооны үндэс суурь нь байв. Тухайн үед “Бошгыг халах залуучууд”-ын гишүүдийг нөлөөллийн ажилд идэвхийлэн дайчилж, бичиг үсэгт чамгүй боловсорсон, тухайн үеийн сор болсон залуусыг ухуулга сурталчилгааны ажилд дайчилж байсан нь өдгөө түүхийн хуудаснаа үлдэж. Тэдгээр сор болсон залуусын нэг нь Түвдэнгийн Бор гэх шавилхан бүсгүй байв.
Тэрбээр 19 настайдаа өөрийн амьдрал, амь насаа үл хайрлан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан нь өдгөө ч бахархал төрүүлдэг. 1932 онд хувьсгалын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан эсэргүү нарын гарт амь үрэгдсэн түүнд 39 жилийн дараа буюу 1971 онд БНМАУ-ын Баатар цол нэхэн шагнасан юм. Мөн тухайн үед “Хувьсгалын долоо” гэгдэж байсан нөхдөөс Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, С.Данзан, нар ч Залуучуудын байгууллагад түшиг тулгуур болж байсан төдийгүй их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нар ч идэвхтэй гишүүд нь байсан гэдэг.
Товчхондоо бол Монголын залуучуудын холбооны өчигдрийн түүх нь Ардын хувьсгалын ялалтыг хамгаалж ард олныг ухуулан таниулах, тэднийг ирээдүйнхээ төлөө итгэлтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй байхад уриалах явдал, Ардын хувьсгалын ялалтад хорссон гадаад дотоодын дайснуудтай тэмцэх тэмцэл байв.
Харин өнөөдрийн Монголын залуучуудын холбооны хийж буй ажлын цар хүрээ зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн улс орнуудтай хамт даяаршлын эрин үед хөл нийлүүлэн алхаж байна.
Биднийг бага байхад Дэлхийн залуучууд оюутны их наадам гадаадын улс орнуудад болдог байсан ба тэрхүү наадамд Монголоо төлөөлөн оролцсон уран бүтээлчид ямагт ганзага дүүрэн ирдэг байсныг санаж байна. Харамсалтай нь тэрхүү наадмуудын тухай баримтыг хайгаад бүтэлгүйтсэн ч одоогийн залуусын хэлдгээр “ЦАГ АГААРЫН АЯ”-аар Монгол залуу Дэлхийн Залуучууд Оюутны ҮI их наадмаас алтан медаль хүртэж байсан тэрхүү торгон агшныг санаж байна. Тэр үед хөгжимчин Б.Наранбаатар гэж залуу “Цэнхэр залаа” хэмээх одоогийн цаг агаарын аяыг ятга хөгжмөөр тоглож ёстой л дэлхийн чихийг дэлдийлгэж, Монголчууд түүгээр бахархаж, шагшин магтаж байсан нь өнөөдөр мэт санагдаж байна.
Залуусаа ямагт урмаар тэтгэж байдаг Монголын залуучуудын холбоо өнөөдөр салбар салбарын залуусын гавьяа зүтгэлийг үнэлж, “Цэргийн алдар” алтан медаль, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний залуу” алтан медаль, “Тэргүүний хилчин”, “Тэргүүний инженер” гэхчлэн 30 гаруй шагналаар манлайлагч залуусаа шагнан урамшуулж тэдний ирээдүйд итгэл, урам өгч байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь манлайлагч олон залуус МЗХ-ны шагналаар шагнагдаж, улмаар төрийн одон медаль, шагнал урамшилд түүчээлж, өдгөө ч тэргүүлсэн хэвээр байдаг юм.
Ер нь аль ч улс орны залуучуудын байгууллага хүчтэй, цэгцтэй, алсын хараатайгаар ажлаа явуулдаг бөгөөд улс орныхоо хөгжилд ямагт тус дэмээ өгч залуучуудынхаа хөгжилд голчлон анхаарч, төрийн болон, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж байдаг томоохон, бас жинтэй байгууллага гэдгийг хаана ч хүлээн зөвшөөрдөг.
Нийтлэлийнхээ төгсгөлд ороо бусгаа нийгэмд өөрсдийн байр сууриа алдалгүй явж буй томоохон байгууллагын хувьд хүүхэд залуусын эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаасай гэж боддог, хүсдэг.
Өнөөдөр эх хэлээ мэдсэн шиг мэдэж, эх орноо чин сэтгэлээсээ хайрлан хамгаалж эх орноороо бахархдаг тийм ирээдүйг Монголын залуучуудын холбоо бий болгож чадна гэж аав, ээж, эмээ, өвөө, ахмад үеийнхэн харж, хүсч, хүлээдэг юм. Энэ хүсэл зөвхөн тэдний хүсэл бус Монгол Улсын оршин тогтнох, эс оршин тогтноход ч нөлөөлнө гэж ахмад үеийнхэн хэлдэг, дүгнэдэг.
Өдгөө балар эртнийхэнд тооцогдох дөхсөн 1950, 1960-аад оныхны үед онц сурвал ангийнхнаасаа түрүүлж 2 дугаар ангидаа пионерийн, дунд ангидаа МХЗЭ-ийн гишүүн болдог, техникум, их, дээд сургуульдаа онц сурвал намд элсдэг байв. Энэ нь хувь хүний төлөвшилд төдийгүй, өөрөөрөө бахархах, ирээдүйдээ итгэл үнэмшилтэй болоход нь нөлөөлж, ухамсарлуулдаг нэгэн арга хэлбэр байж. Гэхдээ үүнийг орчин цаг, нөхцөлд ая данг нь тааруулаад сэргээж яагаад болохгүй гэж. Тэгээд ч энэ бол залуусын тэр тусмаа Монголын Залуучуудын холбооны үүрэг хариуцлага гэж харагддаг юм. Яагаад гэвэл олон түмэнд хүлээлт бий бөгөөд хаанаас, хэнээс, чухам хэн эхлэхийг л харж хүлээж буй.
Сэтгэгдэл байхгүй байна