• Эхлэл
  • Мөнхийн залуу Монголын залуучуудын холбоо

Мөнхийн залуу Монголын залуучуудын холбоо

2021/07/01

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Ч. Үл-Олдохын нийтлэлийг хүргэж байна.

Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Бошгыг халах залуучуудын эвлэл нэрээр анх тулгын чулуугаа  тавьсан Азийн төдийгүй, Монголын анхны залуучуудын байгууллага МЗХ  өдгөө 100 настайгаа учран золгож байна. Гэвч энэ байгууллага мөнхийн залуу, идэрийн хийморь, цог жавхлан дүүрэн гэрэлтэж иржээ. Өнөөдөр ч тэр л янзаараа өндөр ойгоо угтаж байна. Үе үеийн, тухайн нийгмийнхээ сор болсон залуус тугийг нь өргөж, уриа дуудлага, бүрээ бөмбөр нь болж ирсэн учир тэгэх нь ч  аргагүй биз.

МЗХ-ны түүхийн анхны алтан хуудсыг сөхвөл “...1921 оны наймдугаар сарын 8-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй таван залуу Монголд залуучуудын холбоо байгуулахаар зөвлөлдөж, гадаадын улс орнуудад залуучуудын ямар  байгууллага байдгийг судлахын зэрэгцээ хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар  уйгагүй эрэл хайгуулж хийжээ.Тэд наймдугаар сарын 24-нд уулзахаар товлож, энэ хооронд нэг хүн 2-3 гишүүн элсүүлсэн байх даалгавар аваад таран одов. Харин уулзах өдөр нь хүчтэй аадар орсон тул тарж, маргааш нь буюу 25-нд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, н.Осор нарын 20 гаруй залуус хуралдан Бошгыг халах залуучуудын эвлэл байгуулж, ерөнхий хорооны бүрэлдэхүүнд Г.Гүрсэд, Н.Жадамба, Бат-Очир, Х.Чойбалсан, Ж.Баваасан нарыг  сонгосон нь  Монголд залуучуудын байгууллага үүсэж, хөгжих эхлэл болсон” хэмээн тэмдэглэжээ.

Үүнээс цааш залуучуудын байгууллага байгуулах анхны санаачилгыг Д.Сүхбаатар гаргаж Цэргийн яамны дэргэд “Жавхланг бадруулагч” хэмээх анхны үүрийг ий болгосон, С.Буяннэмэх анхны Эвлэлийн ерөнхий хорооны даргаар томилогдсон, Х.Чойбалсан Эвлэлийн төв хорооны дарга болсон, Д.Нацагдорж залуучуудын байгууллагын бүхий л ажилд  оройлон оролцсон төдийгүй тун  удалгүй 1925 онд хүүхдийн байгууллагыг байгуулсан, н.Осор бичиг баримтын төслийг бэлдэж байв  гэхчлэн түүхэн  сурвалжуудад янз бүрээр бичсэн нь бий. Ямартай ч анхны тав бол  гарын таван хуруу шиг хамтдаа зүтгэж нийслэл хүрээнээс эхлээд  монгол орны дөрвөн зүг, найман зовхист залуучуудын үүр байгуулах үйлсийг эхлүүлсэн нь  үнэн түүхийн  үндэс, үл балрах баримт  болж үлджээ.

 

Тод байгууллага, сод удирдагчид

 

Бошгыг халах залуучуудын эвлэл үүсэн бий болсноос өгсүүлээд   МХЗЭ хэмээн нэр өөрчлөн, эгнээгээ өргөтгөхдөө ч  нийгмийнхээ  манлайлагч, дуу хоолой нь  болсон уран илтгэгч лекторуудад ач холбогдол өгсөөр ирсэн байдаг. Тэд зохиолч, яруу найрагчид байгаа  нь санамсаргүй биш. Хожим ч энэ байр суурь үргэлжилсэн, түүнийг хойно өгүүлэх тул энд түр азная. Тухайн үеийн   “Бошгийг халах залуучуудын эвлэл”-ийн гол үйл ажиллагаа нь нам, засгийн бодлого, шийдвэрийг олон түмэнд ухуулан сурталчлах, соёл боловсролын талаар хоцрогдсон залуучуудыг соёлжуулан гэгээрүүлэхэд чиглэж  байсан юм. Энэ үед Бошгыг халах залуусын дуу хоолой нь С.Буяннэмэх, Д.Нацагдорж нар байв. Тэд  залуусын эгнээг өргөжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, Монголын тусгаар тогтнол, эх орны  хөгжил, цэцэглэлт, эв нэгдлийн дууч  болж  байсан юм.  1950-аад оныг хүртэл залуучуудын байгууллагын үүрэг, оролцоо нийгмийн оюун санаанд чиглэж, соёлжуулах, эрдэм боловсролыг нэн тэргүүнд тавих чиглэлээр өрнөж   иржээ.

 

Их хөгжлийн хөдөлгөгч хүч болсон  1950-аад оны залуус

 

МХЗЭ, түүний гишүүн залуус нийгмийнхээ оюун санаанд соёлын үрийг тариад зогсохгүй  1950-аад оноос нэгдэлжих хөдөлгөөн, атар газрыг эзэмших аян, их барилгын талбарт  улс орноо  хөгжүүлэхээс эхлээд бүхий л салбарын суурийг тавьж өөрсдөө хөдөлгөх хүч болж түүчээлэн оролцсон түүхтэй. Монголын хөгжлийн нэгэн онцлог үе болсон  1950-аад оны МХЗЭ-ийн дуу хоолой болсон  хүчтэй лекторуудын нэг  төлөөлөл бол энэ цагийн  Ардын уран зохиолч, Д.Нацагдоржийн болон Төрийн шагналт яруу найрагч   Шагдарын Дулмаа юм. Тэрээр 1954 онд МУИС-ийг төгсч, МХЗЭ-ийн Төв хороонд хуваарилагдан очиж лектороор ажиллах болсон. Хоёр жил ажиллаад ЗХУ руу  Комсомолын сургуульд суралцахаар явж 1958 онд төгсч ирээд МХЗЭ-ийн Төв хорооны II нарийн бичгийн даргаар томилогдон 1970-аад оны эхэн хүртэл 14 жил ажиллахдаа лекцээ өөрөө бичээд уншдаг, тэр нь хүүхэд, залуусыг нийгмийн сайн сайханд уриалан дуудсан, эх оронч хүмүүсил төлөвшлийг бий болгох зорилгод чиглэж байсан гэдэг.

 

Агуу Л.Түдэвийн эрин үе  буюу  1970-1990  оныхон  

 

Монголын залуучуудын холбооны түүхэнд аранзал үсгээр тод бичигдэх зам мөр, үйлс бүтээлтэй эрхэм удирдагч бол Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар агсан Л.Түдэв  юм. 1974 оноос МХЗЭ хэмээх байгууллага,  Л.Түдэв хэмээх хүн хоёр ихэр юм шиг хамт бичигдэж, яригдаж ирсэн юм. Энэ албанд түүнийг томилсон хүн нь тухайн үеийн нам төрийн удирдагч, маршал Ю.Цэдэнбал байв.

Монголын зохиолчдын эвлэлийг тэргүүлж, МХЗЭ-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, Хүүхэд, залуучуудын хэвлэлийн редакцийг удирдаж,  “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг санаачлан гаргасан Л.Түдэв тухайн үед  хүүхэд, залуусын өв тэгш хүмүүжлийг гол зарчим болгож байв. Тэрээр залууст хандан “Залуу үе” нийтлэл бичиж, түүндээ залуучуудын  улс төрийн хатуужил, боловсролын тухай, тэдний хүмүүжил МХЗЭ болох тухай, залуустай ажиллах арга барилын онцлог юу болох тухай, гоо зүй, ёс суртахууны хүмүүжлийн асуудлыг дэвшүүлэн тавьсан байдаг. Тухайн үеийн зорилт, зорилго, энд дурдагдсан үг хэллэг өнөөгийн нийгэмд тохирохгүй, ойлгомжгүй мэт боловч , ёс суртахууны хүмүүжлийн асуудал орхиж болшгүй, харин ч сөхөж харьцуулж хармаар санагддаг. Социализмын он жилүүдэд  Аж үйлдвэрийн комбинат, Мах комбинат, Улаанбаатар хотын анхны төв цэцэрлэг, Бага цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар хотын анхны мөсөн гулгуурын талбай, I дөчин мянгатын барилга, Залуучуудын ордон, Пионерийн ордон, Найрамдал зуслан, “Найрамдал парк” гэхчлэн хүүхэд залуучуудтай холбоотой бүхий л  барилга байгууламж, хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр  барьсан  бүх цэцэрлэг, ясли, “Эрдэнэт”, Дархан, Багануур, Хөтлийн бүтээн байгуулалт болон “Залуучуудын орон сууцны цогцолбор” барихад гол хөдөлгөгч хүч нь Монголын залуучууд байж ХХ зууны Монгол Улсын түүхийг  бүтээсэн гавьяатай.

 

Монголын залуучууд 1991-2021

 

Монголд өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь  залуучууд байв. Идэр есийн хүйтэнд, Төв талбайд зарласан өлсгөлөнг залуус түүчээлж байлаа.  1991 онд хуралдсан МХЗЭ-ийн ХХ их хурлаар залуучууд өөрчлөлт, шинэлэлтийн асуудлыг  хэлэлцэж, МХЗЭ-ийн үйл ажиллагааг зогсоож, тус байгууллагын суурин   олон нийтийн шинэ байгууллага байгуулах болж,  1991 оны нэгдүгээр сарын 17-нд Монголын залуучуудын чуулган зохион байгуулж, Залуучуудын холбоог байгуулж  холбооны тунхаглал, дүрмийг баталсан түүхтэй. Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Баярцогт, МЗХ-ны гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүнээр Б.Баярсайхан, Г.Батхүү, Б.Баярцэнгэл, Я.Санжмятав, Ю.Эрхэмбаатар, Б.Болд, Д.Ганбат нарыг сонгосон юм. Залуучуудын байгууллага ийнхүү нэрээ өөрчилж, үйл ажиллагааны чиг хандлагаа шинэчилсэн ч залуусын  идэвх, оролцоо буурч байсан түүх үгүй. Шилжилтийн үеийг даван туулах, Монгол Улсын хөгжил, цэцэглэлтэд залуусын хувь нэмэр их байв.

Тэр цагаас өнөөг хүртэл МЗХ нийгмээ соён гэгээрүүлэх сайн үйлсийн аянд түүчээлэхийн зэрэгцээ “Ажлын гараа”,“Цагийн ажил”,“Сумын залуус” төслийг хэрэгжүүлэн  оюутан, залуусыг ажлын байраар хангахад зуучилж, нийгмийн ухамсарт хандсан  “Авлигын эсрэг: Би авахгүй, өгөхгүй”, “Спирт үү, спорт уу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар”  аян  өрнүүлж, “Ардын элч” хөтөлбөр  хэрэгжүүлж, УИХ-ын даргын ивээл дор “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулах зэргээр хөгжилд хөтөч болсон ажлыг зохион байгуулжээ.

МЗХ цаашид бие даасан байдлаа хадгалах, ямар нэгэн айдас, ашиг сонирхлын зөрчилгүйгээр байр сууриа илэрхийлэхийн төлөө эрэлхийлж ажиллаасай.  Шинэ зуунд Монголын хөгжлийн түлхүүр болохын төлөө шинжлэх ухааны салбарт түлхүү анхаарч  бодитой бодлого хэрэгжүүлээсэй. Мөнхийн залуу байгууллага мөнхийн сэтгэгч, тэмүүлэгч байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин