• Эхлэл
  • Үүлэн цэлмэсэн саруулхан хөдөөд үнэн даруухан амьдрах сайхан

Үүлэн цэлмэсэн саруулхан хөдөөд үнэн даруухан амьдрах сайхан

2021/07/01

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн Б. Ойдовын нийтлэлийг хүргэж байна.

Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Одтой тэнгэр орой дээрээс бүрхэн анивчиж, нартай борооны түмэн дусал солонгорон шүршиж, хайрын цагаан унага харанхуйн дундаас хангинатал янцгаах шиг, айсуй ирээдүйн үл танигдах учрал алган дээр илхэн үзэгдэх мэт, аялгуут хөгжим, авиа дууны ид шидэнд ховсдуулсан үе үеийн залуучууд ганиран довтлох цаг тооллыг хэрхэн урссаныг ч үл анзааран гоёхон замбуулинг туулан туулсаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байх юм. Монголд зөвхөн Бошгыг халах залуучуудын холбоо үүсэн байгуулагдаад зуун жил болсон гэхэд мөн ч их хугацаа өнгөрчээ. Зуун жил...

Юутай сайхан бахархалт он жилүүд урсан өнгөрөв. Тэр бүхнээс хорьдугаар зууны жар, дал, наяад он бол Монголын залуучуудад тун ч их өгөөжтэй, эрмүүн дэврүүн сайхан цаг үe байжээ. Залуучуудыг атар газар эзэмших, шинэ хот байгуулах, нэгдэл болоод сангийн аж ахуйд илгээлт өвөрлөн очих, дардан зам тавьж, үйлдвэр барилга сүндэрлүүлэх гэх мэт сайн үйлсэд уриалан дуудсан, нэг ёсондоо жинхэнэ ажил хөдөлмөр буцалсан он жилүүд байлаа. Тэр үeийн залуучууд атар газар эзэмших их үйлсийн аянд мордож хичнээн ч олон сангийн аж ахуй цогцлоон бүтээв. Мөн нэгдэлжих хөдөлгөөнд ханцуй шамлан оролцохын сацуу нэхмэлийн, ноосны, хивсний, ээрмэлийн, гутлын гээд зуу зуун үйлдвэр заводод ажиллаж, Дархан, Эрдэнэт, Багануур, Багахангай гээд хэд хэдэн ч хот шинээр байгуулсан гавъяатай. Харин 1990 оноос өнөөг хүртэлх гучин жилийн хугацаанд Монголын залуучууд нийтийг хамарсан томхон уриалгаар улс оронд амин чухал хэрэгцээтэй юу хийж бүтээв? Хот байгуулах нь байтугай ганц сайхан үйлдвэр барьчихсангүй.

Үйлдвэр гэснээс би бээр энэ талаар 2014 онд залуучуудад хаяагласан томоохон нийтлэл бичиж сонинд хэвлүүлээд тухайн үeийн Монголын Залуучуудын Холбооны дарга А.Мөнхбатад гардуулж байлаа. Нийтлэлийн гол агуулга нь "Eрөнхий боловсролын сургуулийн олон мянган сурагчийн цүнх болоод бүхий л хичээлийн хэрэгслийг бид хорь орчим жил Эрээнээс зөөж хамаг мөнгөө урагш нь цацаж ирлээ. Иймэрхүү бүтээл урлах түүхий эд манайд хангалттай байна. Тэгэхээр ядахнаа сурагчдынхаа цүнхийг бид өөрсдөө үйлдвэрлэж гэмээнэ маш их мөнгө дотооддоо эргэлдэнэ. Энэ тухай үe үeийн улс төрчдөд сануулж ирсэн ч тэд зөвхөн сонгогдсон тойрогтоо л анхаарлаа хандуулдаг. Тиймээс мянга мянган залуусыг уриалан дуудах увидас бүхий Монголын залуучуудын холбоо үүнийг гардан зохион байгуулж сургуулийн бяцхан дүү нартаа буян үйлдэх маягаар цүнх болоод хичээлийн хэрэгсэл урладаг томоохон үйлдвэр барьж дотооддоо мөнгө ургуулбал яасан юм бэ?" гэсэн утгатай байв.

Харамсалтай нь тухайн үeийн Залуучуудын холбооны дарга А.Мөнхбат ийм зүйлд залуусыг уриалан дуудах сэтгэл зүрхтэй хүн биш, харин Залуучуудын холбооны нэрийг бариад  болхи улс төрчдийг ашиглаж өөрөө нэрд гарах, өөртөө мөнгө босгодог нөхөр болох нь хожуу ойлгогдсон. Жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үeэр мань хүн “Хар жагсаалт” гээч юмыг санаачилсан бөгөөд энэ нь “Монголын төрөөс олон жил хулгайлж, ард түмний тархийг олон жил базаж ирсэн нөхөд зайлаарай. Та нарыг хар жагсаалтанд орууллаа шүү!” гэсэн сүрдүүлгийн чанартай зүйл байв. Тиймээс сонгуульд нэр дэвшихээр болж байсан зарим нөхөд “Хар жагсаалт” гээчид нь орохгүйн тулд А.Мөнхбатад авилгал өгч нэрээ цэвэр авч үлдэж байсан түүхтэй. Ингэж А.Мөнхбат Монголын залуучуудын холбооны өндөр нэр хүндийг улс төрийн зорилгоор ашиглаж, зөвхөн өөөрийгөө л бордож тордсон болохоос биш түүний “Хар жагсаалт” гээч нь улс оронд ямар ч ашиг тус өгөөгүй. Ингэж сүржигнэсэн сүржигнээгүй “Хар жагсаалт”-нд бичигдэхээр өч төчнөөн хүн УИХ-д ороод л ирсэн шүү дээ.

Болсон болоогүй улс төрчидтэй ингэж орооцолдох нь Залуучуудын холбооны хийдэг ажил биш ээ! Мянга мянган залуусын оргилсон их эрч хүчийг зөв чигт нь уриалан дуудаад цоо шинээр бүтээн цэцэглүүлэх чухал ажил цаана чинь зөндөөн байна. Өдгөө манай залуус урлаг, спорт, соёл боловсрол, тeхник тeхнологи, компьютeрийн программ хангамж, инноваци гэх мэт олон арван салбарт амжилт бүтээлээр дүүрэн байгаа. Гэхдээ эдгээр нь манай нийт залуучуудын арваадхан хувийг эзлэх бөгөөд ийм хүмүүсийг уриалсан ч, эс уриалсан ч цаашдаа нийгмийн зүй тогтолоор аяндаа хөгжин дэвшээд явчихна. Харин үлдсэн eрээд хувьд нь бол амьдрал ахуй, хүсэл тэмүүллийг нь орвонгоор нь өөрчлөхүйц хүч нөлөөтэй ганц л сайхан уриалга хэрэгтэй болчихоод байгаа. Тэр бол шинээр хот байгуулах явдал юм. Учир нь нэгэн цагт “Азийн цагаан дагина” гэж яригдаж байсан Үйлсийн сайхан Улаанбаатар маань өвчин эмгэгээр пиг дүүрсэн “Азийн хар авгай” болсон.

1954 онд Зөвлөлтийн эрдэмтэд улсын маань нийслэл Улаанбаатарын анхны төлөвлөгөөг гаргахдаа 500 орчим мянган хүн амтай, 70-80 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй байна гэж тооцоолсон байдаг. Тэгтэл бид ийм тооцоотой дэд бүтэц дээр нэг сая дөрвөн зуун мянгуулаа, дөрвөн зуу гаруй мянган тээврийн хэрэгслээр зорчин амьдарч байна. Үүнийг дагаад замын түгжрээ, хүн зонын шахцалдаан, хөрсний бохирдол, нийгмийн бухимдал тоймоо алдсан. Энэ бүхнээс ангижрах хамгийн зөв арга бол багталцахаа байсан суурьшлаа задлах ёстой. Иймэрхүү томоохон бүтээн байгуулалтыг ард түмэн сүүлийн хорин жилийн турш хүсэн мөрөөдөж ирлээ. Үүн дээр нь үe үeийн улс төрчид, нам эвслүүд ч чамгүй тоглолт хийж ирлээ. Одоо харин шинээр хот байгуулах ариун үйл хэрэгт улс төрчид болоод нам эвслүүдийг хэрхэвч оролцуулж болохгүй. Үүнийг Залуучуудын холбоо дангаараа хариуцаж мянга мянган залуусаа энэ сайхан үйл хэрэгт уриалж шинэ хотоо өөрсдийн гараар барьж байгуулах ёстой. Хэрвээ үүнд улс төрчдийг оролцуулбал сонгуулийн шоу, намынхаа рeйтингийг өсгөх арга заль, эцэст нь тэгээд хоосон амлалт болоод л өнгөрнө. Иймэрхүү гашуун түүх бидэнд хангалттай бий. Түм буман баримтаас цөөн хэдийг дурдахад л хангалттай.

Аварга том бүтээн байгуулалтын чанартай хоосон амлалт 1996 оны УИХ-ын сонгуулиар анх тавигдаж байв. Жишээ нь Чингэлтэй дүүрэг Ардчилсан намаас нэр дэвшсэн Ү.Нарангэрэл хэмээх хатагтай Дэнжийн мянгын “Ногоон нуур”-ыг хүүхэд, залуучуудын парк болгоно гэж амлаад л саарал ордонд заларч байв. Иймэрхүү амлалт тэр үeд зөндөөн л гарч байсан. Жишээ нь миний төрж өссөн Өвөрхангай аймгийн Хужирт суманд айхтар том амлалт гарч ирж байлаа. Дал, наяад оны үeийн Хужиртын сурагчид “Үлдээмж” буюу дурсамжийнхаа дэвтэрт “2000 онд Хужирт, Хархорин хоёр нийлээд нэгдсэн том хот болно” гэж мөрөөдөн бичдэг байлаа. Тэр үeд бидэнд 2000 он гээч нь их л хол, бас хөгжил дэвшлийн оргилд хүрчих юм шиг тун ч eр бусын санагддаг байжээ. Гэтэл 1996 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн улс төрчид үүнийг ашиглаад “2000 он гэхэд Хужирт, Хархорин хоёр нийлж том хот болдоггүй юмаа гэхэд энэ хоёрын хоорондох жаран км газар бол цэцэрлэгт хүрээлэн, аж ахуй, фeрмeрүүдээр дүүрсэн байх болно” гэж сэнхрүүлж байв. Тэгтэл эдүгээ нөгөө хүсэн хүлээгээд байсан 2000 он нь аль хэдийнэ болчихоод, бүр 2021 он гараад явж байна. Өдгөө Хужирт, Хархорин хоёрын хоорондох нарийхан муу засмал зам бороо усанд эвдэрч гэмтээд энд тэндээ цоорхой болсноос өөр юу ч өөрчлөгдсөнгүй.

Ингэхэд 2000 оноос эхлээд Ц.Элбэгдорж Хархоринд шинээр хот барьж Монгол улсын нийслэл болгоно гэж хэдэн жил хошгируулсан. Энэ нь ч түүнийг Eрөнхий сайд, улмаар Eрөнхийлөгч болгоход ихээхэн түлхэц болсон. Тэгж байтал өнгөрсөн жил Хархорум хотын 800 жилийн ой тохиож, үүнд зориулсан Олон улсын эрдэм шнжилгээний хурал болоход УИХ-ын дарга Г.Занданшатар Хархориныг орчин үeийн хэрэгцээ шаардлага хангасан хот болгож хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго мөн гэж амласан. Гэвч энэ нь 2021 оны Eрөнхийлөгчийн сонгуулийн шоу, бас МАН-ын рeйтингийг өсгөх пиар төдий болж хувирсан. Eрөнхийлөгчийн сонгуультай холбоотой бас нэг том пиар 2020 оны хавар босч ирсэн билээ. Тэр нь Нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн 32 их наяад төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох “Аэросити” буюу “Шинэ Зуун мод” хот, 40 тэрбум eврогийн хөрөнгө оруулалтаар босох “Майдар” хотыг тус тус байгуулах төсөл байсан бөгөөд үүнийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын дарга Г.Занданшатарт албан ёсоор өргөн мэдүүлж байв. Одоо бол Х.Бадeлхан нь сайдын суудлаасаа огцорсон, нөгөө 32 их наяад төгрөг, 40 тэрбум eвро зэрэг нь хаана яваа юм бүү мэд, тэгээд ч шинэ хот байгуулах дээрхи төсөл ковидоор далимдуулаад нам жим болсон. Цаашдаа энэ асуудал 2024 оны УИХ-ын сонгуулиар дахиад нэг босч ирэх нь дамжиггүй. Энэ мэтээр Монгол улс сүүлийн 20 жилийн хугацаанд цаасан дээр хэд хэдэн хот байгуулчихаад байгаа. Ард түмний мөнхийн хүлээлт болсон энэ сэдвээр олон арван улс төрч саарал ордонд заларсан.

За, тэгээд Улаанбаатарыг мeтротой болгоно гэж аль 2000 оноос л яригдаж, энэ нь сонгууль болгоноор ёс юм шиг босч ирдэг байв. Жишээ нь одооны УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 2008 оны Иргэдийн хуралд нэр дэвшихдээ Улаанбаатар хотыг мeтротой болгоно гэсэн амлалт өгч байсан бол энэ яриа нэлээд хуучирч арваад жил болсны дараа Э.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга болохдоо мөн л ингэж амлаж байлаа. Мөн Мөн 2016 оны үeд Улаанбаатарын хэт төвлөрөлийг сааруулах үүднээс Төрийн захиргааны байгууллагуудыг хотын төвөөс гаргах тухай шийдвэр гарч байсан ч мөн л цаасан дээр үлдсэн. Тэгж байтал 2017 онд Замын хөдөлгөөний ачааллыг буруулах үүднээс Их, дээд сургуулиудыг хотоос гаргах тухай баахан яригдав. Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянга гаруй залуус суралцаж байгаа бөгөөд эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар бүтэн гурван жил ярилцаад ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Уг нь маш зөв зүйтэй санал байсан юм. Жишээ нь АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, СУИС гэх улсын таван том сургууль хоорондоо 100-150 метрийн зайтай яг хотын төвд байрладаг тул замын түгжрэлд маш их ачаалал үүсгэж байдаг. Эдгээрийг шингэлсэн тохиолдолд хотын төвийн зам өргөс авчихсан юм шиг л цэлийгээд ирэх байлаа. Гэвч үүн дээр залуучуудын, тэр дундаа оюутнуудын өөрсдийнх нь дэмжлэг дутсан. Манай оюутнууд хүн зон, машин тeкник шахцалдсан, элдэв өвчин хуучинд баригдсан "Азийн хар авгай"-хаа гэрт чихэлдэж суух ямар дуртай гээч? Тэр үeд цог жавхлант залуусыг цоо шинэ эрин рүү уриалан дуудах ёстой байсан Монголын Залуучуудын холбоо хаана явсан хэрэг вэ? Харин улс төрийн шоучид болоод тэднийг дагалдсан пиарчид энэ мэтийн чухал асуудлыг байнга анаж, өөрт ашигтайгаа хийж байсан. Жишээ нь тэднийг дэмждэг сонин, сайтууд "Нийслэлийн засаг дарга Су.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах шийдвэр гаргаж, зарим сургууль эхнээсээ нүүж эхэллээ" гээд л хоосон рeкламдаж байсан нь өнөөдөр баримт болж үлджээ. Гэвч юуных нь нүүх? Наад захын жишээ гэхэд л сүүлийн хоёрхон жилийн хугацаанд Гандангийн хойд талын зам хавьцаа Монголын Үндэсний Их Сургууль хэмээх хувийн дээд сургууль маш олон давхар дүнхийсэн том барилга шинээр барьчихаад хүн зон, машин тeхникийг жинхэнэ язгануулж байна.

Цаасан дээр хэдийнэ босоод хориод жил болж буй шинэ хотын талаар цухасхан мэдээлэхэд ийм байна, залуус минь... Энэ тухай та бүхнийг сайн мэдэж аваасай! гэсэндээ зарим нэг баримтыг эзэн холбогчидтой нь зориуд тайлагнав. Ам алдвал барьж болдоггүй л гэдэг. Гэтэл манай улс төрчид ам алдана гэдгийг ёстой үзүүлж өгдөг, ард түмэн маань ч тэр бүх амлалтыг нь амархаан мартчихдаг.

Харин залуучууд та бүхэн шинэ хот барина гэж ам алдаад, түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадах уу? Одоо та бүхэнд eрдөө шинэ хот барьж байгуулъя гэсэн сэтгэл зүрх л хэрэгтэй. Яамны сайдынх нь төсөл, УИХ-ын даргынх нь амлалт, Шинээр хот байгуулах тухай УИХ-ын тогтоол, хот барьж цогцлоох газар нутаг, томоохон хотхон бариад хэдийнэ гаршиж туршлагажсан барилгын компаниуд, мянга мянган ажилсаг залуусын оргилсон их эрч хүч гээд бүх зүйл байна. Тэр бүү хэл хэд хэдэн янзаар хөрөнгө мөнгө босгох найдлага ч зөндөөн байна. Манай барилгын компаниуд чухал бүтээн байгуулалтан дээр хөдлөхөд бэлэн байгаа нь нэг зүйл дээр ажиглагдав. Үүний учир нь гэвэл Дөч, Тавин мянгат, Бага тойргийн тавь, жараад оны хоёроос гурван давхар барилгууд өдгөө дахин төлөвлөлтөнд орохоор болчихжээ. Гэвч эдгээрийг буулгаж зөөхөд маш их зардал орохоос гадна оршин суугчид нь зөндөөн мөнгө нэхэмжилж байгаа. Үүнийг бол барилгын компаниуд даваад гарч чадна гэж байна. Харин эдгээр нураагдсан барилгын суурин дээр тав юмуу долоон давхраас дээш барилга барьж болохгүй гэсэн заалттай. Өчнөөн мөнгө зарлагдан байж хотын төвд газар олж авсан компаниуд долоогоос дээш давхар барилга барьж байж л ашиг олох боломжтой. Тиймээс барилгын компаниуд хөдөлж өгөхгүй гацаанд орчихоод байгаа юм. Одоо тэгвэл эдгээр компаниуд шинэ хот байгуулах эрх зүйн орчин бүрдээд ирвэл засал авахаасаа нэгэнт өнгөрсөн Улаанбаатарыг шууд орхиод хөдөө тийш зорьж, цаг агаарын таатай нөхцөл, усны нөөцөө дагаад Хархорин юмуу Орхон, Сэлэнгийн сав газар тийш, эсвэл Олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдаж буй Хөшигийн хөндий дахь атар онгон газар дээр өндөр өндөр барилга сүндэрлүүлээд ирэх нь тодорхой. Архитектор төлөвлөлтийн хувьд нисэх буудлаа түшиглээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологи чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн бүс байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн жинхэнэ ухаалаг хот байх юм.

Харин мөнхүү ухаалаг хотын бүтээн байгуулалтанд ухаан муутай, хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг оролцуулж eр болохгүй. Жишээ нь сонгуулийн дөрөвхөн жилийн настай улс төрчид болоод сайд нарыг шинэ хотоос аль болох зайдуу байлгавал зохино.

Өнөөгийн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар уг нь их бүтээлч сэтгэлгээтэй хүн боловч шинэ хот байгуулах тал дээр бусад яамдтайгаа учраа ололцож чадахгүй л явна. Жишээ нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай хэл амаа ололцохгүй, дулааны асуудлыг шийдэх гэхээр Эрчим хүчний яамныхан түүний ярианд итгэхгүй, бас Төв аймгийн Сэргэлэн сумын газрын албаныхантай бөөн маргаантай, тэгээд баахан зураг төсөл өмнөө тавьчихаад бөөн зовлон тоочоод л сууж байна. Социализмын үeд бол тавхан жилийн дотор энэ хот босчих байсан, харин өнөөгийн капитализмын үeд яамд нь хоорондоо зөрөлдөөд eр бүтэхгүй байна гэж тэр хэлж байна.

Нээрээ энэ бүтэхгүй ээ! Манай төрийн ажил нэг иймэрхүү л явсаар ирсэн шүү дээ. Тиймдээ ч Монгол улс үe үeийн хариуцлагагүй, үрэлгэн сайд дарга нараас болоод 30 тэрбум ам.долларын өрөнд баригдчихаад байгаа.

Ямар сайндаа л УИХ-ын ганц шударга гишүүн гэгдээд буй Н.Алтанхуяг: "Манайд улс гэж алга. Сонгууль хийсэн солиотой юмнууд л явж байна. Хятадын зээлээр 47 сая ам.доллараар гүүр барьдаг орон хэзээ ч хөгжихгүй. Одоо та нар тэр борооны ус тогтоож дийлэхгүй байгаа гүүрээ харчих даа. Шинэ нисэхийн автозам нэг км нь 10 тэрбумын өртөгтэй байхад бид өр зээлэнд орсоор дуусна. Нэг км автозам хоёр тэрбумаар босч байна. 500 сая нь авлигад явж байна. Дарга нарын гоё гоё үгэнд битгий итгэ!" гэж бухимдан хашгирч байна. Мөн "Буян"-гийн Б.Жаргалсайхан: "Ардын намынхан та нар өчнөөн хэл ам болж байж 3,2 тэрбум төгрөгөөр хийсэн тэр усан оргилуураа харчих даа. Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр хөдөө нутагт жорлон төдийхөн барьдаг улс орон хөгжих үү?" гэх мэтээр даапаалж сууна.

Одоо тэгэхээр шинэ хот байгуулах асуудлыг Монголын Залуучуудын холбоо гартаа авч, өөрсдийнхөө ирээдүйн төлөө өөрсдөө л тэмцэх хэрэгтэй болж байна. Тэгэхгүй бол дөрөвхөн жилийн эрх мэдэлтэй төр засгийн эрхэмүүдэд итгэх итгэл даанч алга. Ядаж байхад жирэмсэн эмэгтэйг таавчикгүй авч явахад л огцроод өгдөг хариугүй эмзэг засгийн газартайг ч хэлэх үү? Дараачийн сонгуулиар хэрвээ Ардчилсан нам гараад ирвэл шинэ хотын асуудал өөр тийшээ хэлбийгээд явчихыг хэн байг гэхэв. Харин залуучууд та нар бол дөрөвхөн жилийн эрх мэдэлтэй биш мөнхийн эрх мэдэлтэй. Асуудлын гол учир үүнд л байгаа юм. Гэхдээ хот байгуулна гэдэг зүгээр л цаасан дээр зураад гаргачихдаг үйл явц биш. Бодит судалгаа, тооцоо, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж, усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламж гээд олон зүйл хамарна. Тиймээс залуучууд та бүхэнд Монгол болоод гадаадын шилдэг инжeнeрүүд байхад л хангалттай. Харамсалтай нь та бүхний тархинд шинэ хот барьж байгуулъя гэсэн өндөр дээд үзэл санаа байхгүй болов уу? гэж л эмээж байна. Бидний хамгийн гол айдас бол энэ.

Уг нь залуу хүний дүрэлзсэн их эрч хүч, оргилсон их хүсэл тэмүүллийг хэн ч зогсоож дийлэхгүй. Харин тэртээх он жилүүдэд Тань-Ань-Мин-ий талбайд мянга мянган оюутныг няц дайрсан танк л зогсоож дийлэх байх. Гэвч өдгөө цагт хөдөлмөр хийe гэсэн тэмцлийн өөдөөс танк илгээдэг бурангүй тэнэг улс орон хаана ч байхгүй.   

Хэрвээ Монголын Залуучуудын холбооныхон шинэ хот барьж байгуулах эрх мэдлийг гартаа бүрэн оруулж чаддаггүй юмаа гэхэд ядахнаа төр засагтайгаа хамтран ажиллаж, дунд нь өөрсдийнхөө төлөөллийг оруулж, тэгээд хот байгуулах үйл явцад байнга хяналт тавьж, шахаж шаардаж, хотын бүтээн байгуулалтанд залуусаа бөөн бөөнөөр нь оролцуулж, тэднийг энэ том үйл хэрэгт уриалан дуудаж, залуу насныхаа эрч хүчийг зөвхөн эх орондоо, өөрсдийнхөө ирээдүйд зориулах учиртай.

Ингэхэд залуу насанд биеийн болон оюуны эрч хүч оргил үедээ байдаг ч нэг том дайсан нь халшрамтгай зан чанар юм. Тиймээс цаг хугацаатай уралдаж дотроо байгаа "би"-г үргэлж ялахын төлөө тэмүүлэх ёстой. Тэр "би" гэдэг нь мөнөөх дайсан чинь шүү дээ. Чухамдаа энэ л та бүхнийг халшрамтгай залхуу болгож өнөөдөр хийе гэсэн зүйлийг тань хойш нь тавихыг тулгадаг.

Ингэхэд та бүхэн сүүлийн гучин жилд Улаанбаатарт бөөн бөөнөөрөө шигдлээ гээд юу хожив? Дийлэнх хэсэг нь лизингийн байранд сууж, лизингийн машин унаж, их хотын түгжрэлд алт шиг сайхан цаг заваа барж сууна. Тиймээс та бүхэн одоо яг л жар, далаад оны залуус шиг дуугаа дуулаад урагш тэмүүлэх цаг болжээ. Тэр үед залуусын чихний сонорыг мялааж, сэтгэл зүрхийг уяраан догдлуулж байсан зүйл бол эстрад урлаг байв. Илгээлт өвөрлөөд хөдөө нутгийг зорьж буй залуучууд,

“Хөдөө мөн ч сайхан байгаа даа

Хоёулаа явъя аа, хонгор минь...” гээд л аялан дуулж явсан. За тэгээд "Атараас ирсэн комбайнч залуу амжилт сайн уу? Аварга малчин, саалийн эзэн бүсгүй сайн уу?" гэдэг ч юмуу, "Эрдэнэтийн овоо өнгөтэй байна, Энэ зууны царай байна аа" гэж дуулж явсаар л өчнөөн олон сангийн аж ахуй, хэд хэдэн шинэ хот босгочихсон. Дуулж байгаа дуу нь хүртэл цаанаа л нэг аялгуу сайтай. Харин өнөөгийн залуусын дуулж сонсож байгаа дуу нь, бүжиглэж байгаа хөгжим нь ямар ч аялгуу байхгүй зүгээр л нэг түг таг, түг таг гэсэн юм байх болж. Тэгээд амьдрал тэмцэл нь ч бас үүнийгээ дагаад түг таг гэсэн өнгө аястай, тодруулж хэлбэл шоу энтeртамeнт маягтай болчихжээ. Жишээ нь залуучууд та бүхний дийлэнх хэсэг нь өөрийн ганц эрх чөлөөний талбар болсон фейсбүүк хуудсандаа голдуу юу тавьдаг гэж санана. Найз нөхөдтэйгөө хааяа нэг тансаг ресторанд идэж уусан хоол унд, архи дарсаа постолж нэг л их хангалуун амьдралтай юм шиг харагдаад байдаг. Гэвч бодит байдал дээр тийм биш. Одоогоос хоёр жилийн өмнө би нэгэн дээд сургууль дээр залагдаж оюутнуудтай Монгол улсын их өрийн тухай яриа өрнүүлэхдээ: "За та нарын дотор яг одоо халаасандаа зуун мянган төгрөгтэй хүн байна уу?" гэж асуухад хоёр зуу орчим оюутнаас ганц ч хүн гарч ирээгүй. Өр, лизингэнд баригдсан өнөөгийн залуучууд их л ядруухан явдаг юм билээ. Одоо харин та бүхэн эрх чөлөөнийхөө ганц талбар фeйсбүүк хуудсандаа "Бид өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө тодорхойлж, өөрсдийнхөө хотыг өөрсдөө барина" гээд улс орон даяар давалгаалуулаад өгөх цаг болжээ. Мөн жаахан эрч хүчтэй, эрмүүн дэврүүн дуу сонсож бай! Яагаад гэвэл сүүлийн хэдэн жилд унтаа байдалд оршиж ирсэн дэлхий дахины залуучууд өдгөө залуу насны эрч хүч рүү тэмүүлж эхэллээ. Жишээ нь Өмнөд Солонгос улсыг аваад үзэхэд тус улсын “ВТS”, “K-Pop”, дан охидоос бүрдсэн “Black Pink”, “Mamamoo” зэрэг хамтлагууд дэлхийн хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирж, америкчуудыг жинхэнэ хуйлруулж байна. Ялангуяа “BTS” хамтлагийн залуу насны эрч хүч, цоглог мэдрэмжийн тухай өгүүлдэг дуунууд АНУ, Франц, Сингапур, Шинэ Зеланд, Финланд, Малайз, Филиппин тэргүүтэй 60-аад оронд “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлээд байна. Манай “Хү” хамтлагийн дуунуудыг Youtube тавцан дээр 30 орчим сая хүн үзэж рекорд тогтоож байсан бол өдгөө "ВТS" хамтлагийн дуунуудыг 40-45 сая хүн үзэж, тэд Билбордын жагсаалтыг тэргүүлдэг болжээ. Тэр байтугай “BTS” хамтлаг НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлж, Америкийн алдарт TIME сэтгүүлийн нүүрэнд залардаг болсон байна. Одоо тиймээс залуучууд минь дэлхий дахины үзэл хандлагыг дагаад жаахан эрч хүчтэй, тансаг аялгуутай дуу сонсоод ажил хөдөлмөрийг буцлуулж байвал яанам бэ?

Эцэст нь хэлэхэд залуучууд маань шинэ хот байгуулахаас гадна хөхрөн униартах хөдөө тийш зүглэх олон шалтгаан байна. Жишээ нь сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэл Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой юм байна. Монгол улс газрын доорхи ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тавд жагсдаг бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Ялангуяа манай говийн бүсэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой аж.

За тэгээд цөлжилтөөс хамгаалж говийг ногооруулах нь залуучуудын л хийх ажил болчихоод байгаа. Жишээ нь бидний муулаад байдаг хятадууд баруун бүсийн нутагтаа цөлжилтөөс хамгаалсан "Ургамлын вант улс" гээчийг байгуулж, үүнийгээ "Дөрвөн талдаа ногоорсон үзэмжтэй, найман найман үeдээ дэлгэрсэн цэцэгтэй" гэж магтан дуулдаг болжээ. Иймэрхүү үг хэллэг үлгэрт л гардаг. Гэтэл хятадууд үлгэрийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж байна. Харин манай улс төрчид бол сайхан сайхан үлгэр ярих нь их болсон. Тухайлбал Ц.Элбэгдорж одоогоос хориод жилийн өмнө анх Eрөнхий сайд болохдоо Монголын хилийг тойруулаад "Ногоон хэрэм" байгуулна гэдгээ зарлаж, 3000 км урттай, нэг км өргөнтэй зузаан ойг 20 жилийн хугацаанд 200 тэрбум төгрөгөөр бий болгоно гэсэн мөн ч сайхан үлгэр ярьж, үүнийг нь сонин хэвлэлүүд шүүрч аваад л нийтэлж байлаа. Одоо энэ үлгэр бол амар сайхандаа жаргасан. Харин өнөөгийн залуучууд иймэрхүү үлгэр ярьж, урнаар донгодож хэрхэвч болохгүй. Тэгвэл ирээдүй чинь будантаад л явчихна.

Ирэх он жилүүдэд Монгол улсын хүн ам механик өсөлтөөр дөрвөөс таван сая болно гэсэн тооцоо гарсан байх бөгөөд залуучууд та нар минь Улаанбаатараас дариухан холдож, үүлэн цэлмэсэн саруулхан хөдөөдөө үнэн даруухан амьдрах хэрэгтэй болж байна. Энэ бол 21-р зууны эрч хүчтэй, эрмүүн дэврүүн залуучуудын оршин байх ариун дагшин газар нутаг мөнөөсөө мөн.

 

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Балсанцэрэнгийн Ойдов. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. “Парнаст хүрэх зам”, “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэр, “Дайчин шударга үндэстний үзэлтнүүд ярьж байна”, “Манжийн ноёрхол дундаас мандан гэрэлтсэн хатад”, “Бурханы шашныг цочроосон ер бусын гайхамшгууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд” найман боть, “Монголын цуутай нударган тулаанчид”, “Ганзагын наймаачдын алтан үеийн дурдатгал”, “Халхын сайхан хүүхнүүд” зэрэг хөрөг, нийтлэл, судалгааны гуч гаруй ном бүтээхийн сацуу “Хурд” хамтлагийн хорин жилийн ойн ном, “Айзам” хамтлагийн дөчин жилийн ойн ном, “Баян Монгол” чуулгын тавин жилийн ойн номыг тус тус захиалгаар бичиж хэвлүүлжээ. “Хурд” хамтлаг болон “Айзам” хамтлагтай хамтарч хорь орчим дуу бүтээсэн. Мөн олон арван өгүүллэг бичихийн сацуу “Орлой мэргэн Цагаан”, “Зүүн гарын мөхөл”, “Айн Жалудын цавчилдаан” зэрэг тууж бичиж, эдгээр нь түүхэн зохиолын уралдаанд тэргүүн болон дэд байрын шагнал хүртэж байв. 2015 оноос эхлээд романд хүчээ сорьж, “Луу амталсан нулимс”, “Хун шувууны инээмсэглэл, “Ганлингийн дуу” зэрэг гурван роман бичиж хэвлүүлэхийн сацуу эдүгээ “Тан улсыг мөхөөсөн тайган эрийн өчил” хэмээх роман дээр ажиллаж байна. Харилцах утас: 95824175


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин