• Эхлэл
  • “MONGOLIAN BLUE SKY” буюу Монголын цэлмэг тэнгэр дор

“MONGOLIAN BLUE SKY” буюу Монголын цэлмэг тэнгэр дор

2021/07/01

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн Horiotoi.mn сайтын эрхлэгч Т. Баярмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Хааяа хааяахан сэтгэлд тодхон дурайх зүг зүгийн ертөнцийн өнгө өнгийн залуус... Хар, бор, цэнхэр нүдтэй ч нэг зүг, нэг ирээдүй рүү тэмүүлсэн өөдрөг өнгөлөг залуус...Монголын залуучуудын холбооны гадаад харилцааны хэлтсээс зохион байгуулдаг орон орны залууст Монголоо, монгол залуусаа танилцуулах аяллын багийн 14 хоногийн дурсамж маань тэртээ 20 жилийн өмнө болоод өнгөрсөн ч өчигдөрхөн мэт санаанд үлдэх нь сонихон. 

Шинэхэн сурвалжлагч болоод удаагүй байхад МЗХ-ны дарга Ц.Зоригтбаатар Монголд хүрэлцэн ирж буй орон орны залуусын  тухай сурвалжлага хийхийг урив. “Өө би яаж чадах вэ, миний гадаад хэлний мэдлэг тэгж шууд нэвтрэлцэх хэмжээнд биш ээ, та өөр хүнээр хийлгэчих” хэмээн цааргалбал тэрээр нүднийхээ шилэн дээгүүр нэг их сүрхий харснаа “Залуу хүмүүсийг залуу хүн л ойлгож, сурвалжилж чадна, залуу хүмүүсийн ойлголцолд хэл, хилийн зааг хязгаар байдаггүй юм, маргааш өглөө холбооны үүднээс өглөө 08,00 цагт автобус хөдөлнө” гэснээр би дахиж тайлбар тавих эрхгүй болов. 

Өглөө товлосон цагт нь яваад очиход  миний төсөөлж байснаас илүү зүг бүрийн зүс өөр олон залуус иржээ. Францаас ирсэн тэнгис шигээ цэв цэнхэрхэн нүдтэй, зорсон мэт шонтгор хамартай, зурсан юм шиг төгс биетэй охин хамгийн түрүүнд нүдэнд тусав. Түүний дэргэд илүүдэл жинтэй хэдий ч инээмсэглэлээрээ өөрийгөө чимсэн итгэлтэй харцтай америк охин ирсэн хүн болгонтой мэндлэх нь гоёхон. Шивнэх шахам хоорондоо ярилцах ширүүхэн салхинд хийсээд явчихмаар турьхан хоёр охин бол Сингапураас ирсэн зочид. Тайрмал үсээр жигдэрсэн мэт нэгэн ижил засалтаар үсээ тайруулсан тайвань охид тас тас инээлдэх нь үснээс нь илүү насыг нь чимнэ. Ирсэн зочин, харсан хүн болгонтойгоо бөхийн мэндлэх нэгэн хэвэнд цутгасан мэт япон охид, залуус. Гэхдээ тэдний дунд “цэл залуухан” нэгэн залуу үе үе хөгжилтэй зүйл ярин инээх нь дөнгөж 70 гарч яваа Такаши гуай байлаа. Тэрээр Монголд зун болгон ирдэг нэгэн бөгөөд өөрийн нэрийн морьтой хүн. Сонирхолтой нь мориных нь нэр “Залуус” гэнэ. Жил болгон Монгол руу ирэхдээ салбар салбарын хүмүүс, тэр дундаа залуусыг уриалж авчирдаг бөгөөд энэ жилийн аяллаа Японы залуусыг авчирч, Монголын уудам тал, цэлмэг тэнгэрийг бишрүүлэхээр авчирсан хэмээн монгол, япон хэлээр хольж ярин инээмсэглэнэ.

 Гар гараасаа барилцан тойрог хэлбэрээр зогсч нэгэн дуугаар шүлэг юм уу залбирал ч юм уу чангаар уншиж буй солонгос охид, хөвгүүд энэ аяллын багийн маань  хамгийн өнөр өтгөн нь. Харин эх орноос минь эмч голдуу залуус явсан нь олон орны залуусын сэтгэлийг өргөхөөс гадна бие хаа нь тэнхээрхвэл биеийг нь эмчлэх үүрэг авсан үе тэнгийн шижигнэсэн хэдэн залуус байв.  Өдгөө салбартаа тэргүүлэх зэргийн эмч нар болсныг нь харахад залуу насандаа золбоотой, хийморьтой явбал зорилго тодорхой болдгийг олон жилийн дараа омогшиж хааяа боддог билээ.  Ийнхүү 10 гаруй улсаас ирсэн  30 гаруй зочидтой хамт Түргэний голыг дуу хууртай, дуутай шуутай зорилоо. Тэнд бид 14 хоног ажиллаж, амьдарна. Монголын цэлмэг тэнгэр дор, монгол гэрт монгол хоол идэж, монгол ахуйг сонирхож, монгол залуусын тухай ихийг мэдэж авна. Автобусанд явж байхдаа л хамгийн түрүүнд Монголын тэнгэр ямар цэлмэг байсныг бүгд анзаарснаа өөр өөрсдийн хэлээрээ ам булаалдан ярина. Гэхдээ бүгд ойлголцсон. Яагаад гэвэл бүгд өгүүлбэрээ “Mongolian blue sky” гэж  дуусгаж байсан юм. Үнэхээр Ц.Зоригтбаатар даргын хэлснээр, залуу хүмүүс ойлголцоход хил, хэлийн зааг үгүй аж. Монгол гэрт амьдрах байтугай орж ч үзээгүй гадаад залуус ор дэрээ хараад бие биеэсээ тусгаарлах хана байхгүйг хараад хэсэгтээ жуумалзав. “Цонх нь яагаад дээрээ байгаа юм”, “Хана тусгаарлагч хийж өгөх үү”, “Энэ дунд байгаа бөөрөнхий юм юу вэ” “Энийг тэгээд газаар халаах уу” гэх мэт элдэв сонин асуулт ар араасаа ирсэн бөгөөд асуулт бүрт нэгбүрчлэн хариулт өгсөн МЗХ-ны гадаад харилцааны хэлтсийн гайхалтай мэдлэгтэй, мэдрэмжтэй залуусаараа ихэд бахархаж байсан нь саяхан. 

Орой бүгдээрээ одот тэнгэрийн дор Монголын тэнгэр ямар олон одтой болохыг, монгол залуус ямар гоё сэтгэлтэй болохыг дуу алдан гайхацгааж билээ. Тусгаарлах ханагүй бөөрөнхий гэрт яаж унтана даа гэж бодож, бие биеэсээ цэрвэж, ичиж байсан залуус өглөөний хоолноосоо хүртэл хоцорч нам унтан сэрэхдээ ямар сайхан унтсанаа ярьж хөхрөлдөнө. Хийн газаар халаах тухай асууж зогссон солонгос охин хэзээ язааны монгол хүн шиг  зууханд гал өрдөж суух нь залуу хүнээс гарах сониуч зан гэлтэй. Хаанаас ингэж галлахыг нь харсныг сонирхоход “Тогооч эгч өчигдөр хоолоо ч хийгээд, галаа ч түлээд байсан, тэгээд түүнд туслахын тулд гал асааж сурсан” хэмээн даруухнаар өгүүлэв. Өчигдөрхөн “Цонх нь яагаад дээрээ байдаг юм” хэмээн асууж байсан япон охин тэр “цонхоор” ямар олон од харагддагийг, яагаад өмнө нь ингэж тэнгэр рүү харж байгаагүйгээ гайхаж суув. Япондоо томоохонд орох эмнэлэгт ээлжийн сувилагч хийдэг бүсгүй өдгөө 30 гарч яваа ч нэг ч удаа задгай тэнгэр дор хонож байгаагүй гэнэ. Хараад байхад үйрээд уначихмаар, хазаад авахад бутраад уначихмаар хачин хөөрхөн франц охин археологийн ангийн оюутан гэсэндээ  төмс, хүнсний ногооны талбайд ажиллахдаа нямбай гэгч нь нэг нэгээр нь зэрлэгээ зулгаана. Америкийн томоохон дэлгүүрт зохион байгуулагч хийдэг бүсгүй  аливаа ажлыг удирдахдаа тун гарамгай. Ногооны талбайд ажиллахад нэг нэг алхмын зайтай газрыг бусдадаа хуваарилж өгөөд, самнаад  зэрлэгээ зулгаахад нэлээд их талбайг өдрийн хоол болтол цэвэрлэчихнэ. Солонгос охид залуус дуу хуураараа бусдыгаа дагуулахгүй бөгөөд нэг нь ямар нэгэн дуу эхлэхэд нөгөөдүүл нь түрж дуулан, гартаа зулгаасан зэрлэгтэйгээ хамт ганган хөөрхөн бүжнэ. Харин хэзээний няхуур зантай, илүү үйлдэл байтугай үг унагаадаггүй хүмүүжлээрээ дэлхийд зартай япон охид, залуус яг өмнөх ажлаа дуу шуугүйхэн хийнэ. Тайрмал үсээрээ ижилссэн тайвань охид өт хорхойноосоо үнхэлцгээ хагартал айж, ганц нэг өт хорхой гарч ирвэл гүйлтийн тамирчнаас хурдан гүйж талбайн нөгөө талдаа гараад зогсчихно. “Саяын хорхой гэртээ орчихсон уу” гэж асуун бусдыгаа хөгжөөнө. Халуун наранд биеэ шарж, халгайн навчинд хөлөө  түлж, хөлсөө  дуслуулж зэрлэг зулгаасан орон орны залуусын онцгой их хайраар ургаж буй хүнсний ногоо ч суга суга ургах нь соньхон бөгөөд гоёхон. Дэлгүүрээс худалдаж авч иддэг ногоог өөрийн гараар тариалж, усалж, зэрлэгийг нь зулгааж, цэвэрлэж идэх тэдэнд тун таатай байгаа бололтой. Хоолоо идэхдээ хоолныхоо ногоог нэг бүрчлэн халбаган дээрээ тавиад “миний усалсан манжин, миний угаасан лууван” гэх зэргээр булаалдаж ярих нь  хөгжилтэй. 

Арван дөрвөн хоног асар хурдан өнгөрч, монгол гэрт ээнэгшин дассан, монгол ахуйг элдвээр нь таньсан орон орны залуусын буцах цаг ойртоход “Монгол руу явахгүй ээ” гэж цамаархаж байсан залуус “Монголоос явмааргүй байна аа” хэмээн Ц.Зоригтбаатар даргыг хормойдно. Гэвч хуультай, хугацаатай юм болохоороо хөдөлмөр зуслангаасаа буусан залуус нутаг нутгийн зүг нисэх нь ойлгомжтой. Цав цагаахан ирсэн япон залуу ямар бор болсноо бусдадаа гайхуулж, гүн цэнхэрхэн нүдтэй франц охин Монголд ирж археологийн багтай хамтран ажиллахаар шийдсэнээ ярьж, америк охин аав ээжийгээ заавал Монгол үзүүлнэ гэж амлалт өгч, солонгос охид ямар гоё солонго, бороо, нар, од үзсэнээ үеийн нөхдөдөө ярихаар яарч, сингапур охид монгол залуустай танилцаж дотносмоор байгаагаа илчилж, тайвань охид талын Монголыг үеийн үед дурсч явахаа амлаж, далан настай ч “цэл залуухан” Такаши гуай дахиад Монголд буцан ирэхээ тангараглаж, дор бүрнээ сэтгэгдлээ хуваалцаад дотогшоо нулимсаа залгисан билээ. 

Анх танилцахдаа биеэ биеэсээ бишүүрхэж, цэрвэж байсан зүг зүгийн залуус арван дөрвөн хоногийн дараа зүрх нь нэг, зүг нь нэг, сэтгэл нь нэг болсон учир сүүлчийн шөнөө ор орондоо бус одот тэнгэрийн дор очит галын дэргэд бие биеэ налж, бие биеэ тэвэрч, дараа дахин Монголын цэлмэг тэнгэр дор, тэдний хэлснээр “Mongolian blue sky” дор уулзахын ерөөлийг усан нүдлэн тангаргаа тавьсан юм. 

Залуу насных нь нэгэн дурсамжийг зүрх сэтгэлд нь нэгэн насных нь турш сийлбэрлэж үлдээсэн Монголын залуучуудын холбоонд тэд дахин дахин талархлаа илэрхийлж, Ц.Зоригтбаатар даргыг бурхан мэт хүндэлж, баярлалаа гэх үг багадаад байна хэмээн уйлсаар салцгаасан билээ. Гэхдээ энэ нулимс хагацлын бус хайрын нулимс байсан юм. 

Сүүлд сонсох нь ээ, эмнэлэгт ажилладаг япон бүсгүй маань Монголд эргэн ирж, олон улсын “Энэрэл” эмнэлэгт өнчин, ядуу хүмүүст  цалин хөлсгүйгээр ажиллаж тусалж байсан. Америк охин аав ээжийгээ амласан ёсооороо Монголыг үзүүлж, бэлэг барьсан дуулдсан. Такаши гуай түүнээс хойш жил бүр ирж, ганц морио олон болгож, гурван азарга адуутай болсон. Цэнхэрхэн нүдтэй, цэмцгэрхэн франц охин олон улсын археологийн холбооны гишүүн болж, Монголтой холбоотой археологийн ажилд идэвхтэй оролцдог болсон. Нар салхинд биеэ ил гаргаж үзээгүй намхан цагаан япон залуу монгол бүсгүйтэй гэрлэсэн, ном унших дуртай сингапур охин Монгол руу жуулчин авчирдаг компанитай болсон гээд тэд бүгд Монголтой, монгол залуустай ойртож дотноссон онцгой сайхан мэдээг дуулаад самсаа минь нэгэнтээ шархирч билээ. Тэд залуу насныхаа  14-хөн хоногийг Монголын тэнгэр дор зориулсан ч нэгэн насаа Монголтой холбосон нь хамгийн гоёхон дурсамж.

 Т.БАЯРМАА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин