• Эхлэл
  • Беларусийн тамирчин бүсгүйг Токиогоос хүчээр онгоцонд суулгах гэж оролджээ

Беларусийн тамирчин бүсгүйг Токиогоос хүчээр онгоцонд суулгах гэж оролджээ

2021/08/02

Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановскаяг өчигдөр нутаг буцаахаар албадан нисэх онгоц руу авч явахыг завдсан байна. 

Болсон хэрэг явдлыг тодруулбал Кристина Тимановская өнөөдөр Токиогийн олимпын наадмын 200 метрийн зайд уралдахаар бэлтгэж байсан ч түүнийг үндэсний шигшээ багаас хассан юм. Беларусийн үндэсний олимпын хорооноос гаргасан мэдэгдэлд хассан шалтгааныг тамирчин бүсгүйн сэтгэл зүйн байдалтай холбон тайлбарласан юм. Эмч нарын зүгээс түүнийг тэмцээнд оруулахгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан шигшээ багийн бүрэлдэхүүнээс хассан гэж байгаа боловч тамирчин бүсгүй дээрх мэдээллийг үгүйсгэлээ. 

Кристина Тимановскаягийн өгч буй мэдээллээр Беларусийн хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч түүнийг 4х400м-ийн гүйлтийн төрөлд өрсөлдөхийг үүрэгджээ. Харин түүнийг хувьд 100 болон 200 метрийн гүйлтэд мэргэшсэн бөгөөд энэ төрөлд оролцож чадахгүй гэдгээ илэрхийлж эрх баригчдыг хатуу шүүмжилсэн юм.  

 

Тэрбээр өөрийн Инстаграм хуудаснаа оруулсан бичлэгт “Манай удирдлагууд бидний өмнөөс бүх шийдвэрийг гаргачихсан байна. Та нарын гаргасан алдааны төлөө яагаад бид хариуцлага хүлээх ёстой гэж. 4х400м-ийн гүйлтийн төрөлд өрсөлдөх шийдвэрийн тухай яагаад би гуравдагч этгээдээс сонсох ёстой юм бэ” гэж хэлжээ.  

Түүнчлэн тамирчин бүсгүй эрх баригчид тамирчдын мөрөөдлийг хулгайлсан гэж мэдэгдэв. Төд удалгүй Кристина тухайн бичлэгийг устгасан бөгөөд Токиогийн олимп түүний спортын карьер дахь сүүлийн олимп байсан ч өөрийнхөө эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцэх болно хэмээн мэдэгдлээ.  

Үүний дараа тамирчин бүсгүйг Токиогоос нутаг буцаахаар онгоцонд хүчээр суулгахаар оролдов. Түүний байрлаж байсан зочид буудалд Беларусийн албаны хүмүүс ирж тамирчин бүсгүйг нисэх буудал руу авч явсан байна. Түүнийг Токио-Стамбул-Беларусь чиглэлийн онгоцонд суулгах гэж оролджээ.  

Нисэх буудалд тэрбээр Японы цагдаа нарт мэдэгдсэнээр нислэгт суулгүй үлдсэн байна. Энэ хэрэгт Беларусийн Үндэсний олимпын хорооны төлөөлөгч Василий Юрчик, улс төрч Павел Латушка нарыг холбож буй юм.  

Кристина Тимановская эрх баригчдын зүгээс түүнд дарамт үзүүлсэн гэдгийг хэллээ. Хэрэв нутаг буцвал шоронд орно гэхээс айж байгаа бөгөөд иймээс Австри улсаас улс төрийн орогнол хүссэн байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин