• Эхлэл
  • Халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй

Халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй

2021/08/23

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгуулж, Хотын дарга дөрвөн чиглэлээр 14 үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Тухайлбал,  “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан

  • хурдан морь уралдуулах,
  • бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг  зохион байгуулахгүй байхыг бүх шатны байгууллагуудад анхааруулсан юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн  ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Нийслэлийн Боловсролын газар болоод дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэхийг харьяа байгууллагуудад даалгалаа.

Сургуулийн автобуснуудын үзлэг оношилгоо 91 хувьтай үргэлжилж байна

Хотын дарга хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхнаас авлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл 41.7 хувьтай үргэлжилж байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 55.9 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулаад байгаа юм. Мөн нийт багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Сургуулийн автобуснуудыг өнгөрсөн долоо хоногоос үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд 91.02 хувьтай үргэлжилж байна.

Эх сурвалж: НЗДТГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин