• Эхлэл
  • Долоон сартай хүүхдээ Афганистанаас авч чадахгүй байгаа хос тусламж хүслээ

Долоон сартай хүүхдээ Афганистанаас авч чадахгүй байгаа хос тусламж хүслээ

2021/09/03

Афганистаны нийслэл Кабул хотноо гацсан долоон сартай хүүхдээ авч чадахгүй байгаа хос Их Британийн эрх баригчдаас тусламж хүсчээ. Тэд Их Британид байгаа бөгөөд хүүхдээ авах боломжгүй байгаагаас болж итгэл найдвараа алдаж буйгаа хэлсэн байна.

Охин нь Афганистанд эмээ өвөөтэйгөө үлджээ. Хүүхдийн ээж нь афган, аав нь британи хүн бөгөөд тэд ээжийнх нь визийг сунгуулахаар өнгөрсөн тавдугаар сард Их Британи явсан байна. Тэд хүүхдийнхээ паспортыг авах гэж таван сар хүлээжээ.
Засгийн газраас британи иргэддээ туслахын тулд чадах бүхнээ хийж байна гэв.

Охины ээж өнгөрсөн есдүгээр сард гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Афганистан руу явсан байна. Тэрээр Афганистанд байхдаа Их Британийн паспортоо гээгдүүлсэн тул хүүхдээ төрөхөөс өмнө буцах боломжгүй болсон байна. Харин нөхөр нь түүний араас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард очжээ. Удалгүй хүүхэд нь Кабулд мэндэлсэн байна. 

 

"Бид охиноо маш их санаж байна. Гэвч юу ч хийж чадахгүй байна. Охиноо тэврээд үнсмээр байна" гэж охины аав ярив. 

Хүүхдийн ээжид /аюулгүй байдлын үүднээс нэрийг нь нууцалжээ/ 30 хоногийн виз олгож, Их Британи руу очиж бичиг баримтаа авахыг зөвшөөрсөн байна. Хүүхэд нь паспортгүй тул хос хоёрт охиноо үлдээхээс өөр сонголт байгаагүй ажээ. Ээж нь англиар тааруухан ярьдаг учраас бичиг баримтаа бүрдүүлэхэд нөхөртэйгөө хамт явах хэрэгтэй байсан гэнэ. Тэд хүүхдийнхээ паспортыг аваад Афганистан руу буцах найдлага тавьж байсан ч ийнхүү таагүй үйл явдал болжээ. 

Лхагва гарагт хүүхдийнхээ паспортыг авч чадсан ч Кабул руу хийдэг хуваарьт нислэгүүд зогссон байна. "Би хүүхдээсээ олон сар хол байна. Дэргэд нь байхгүй болохоор итгэл найдвараа алдаж байна. Засгийн газраас бидэнд хүүхэд, гэр бүлийнхнээ авчрахад минь туслахыг хүсэж байна" хэмээн охины ээж ярьжээ. 

Тэд хүүхдийнхээ паспортыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хөөцөлджээ. "Бид охиноо маш их санаж байна. Гэвч юу ч хийж чадахгүй байна. Охиноо тэврээд үнсмээр байна" гэж охины аав ярив. Одоо Их Британийн ЭСЯ-ны ажилчид Кабулд байхгүй явжээ. Охины аав “ЭСЯ-ны ажилчид хүүхдийн паспорт гартал хүлээгээрэй гэж хэлсэн. Одоо нэгэнт оройтчихлоо. Тэд “Одоохондоо охин Их Британийн иргэн болоогүй байна. Та бүхэн паспорт нь гартал хүлээх хэрэгтэй. Тэгсний дараа Их Британийн иргэншилтэй болж, бид туслах боломжтой болно гэж хэлсэн" гэв.

Охины өвөө эмээгийн аюулгүй байдлыг ч хангах шаардлагатай болж байгаа аж. Учир нь тэд 2001 оны АНУ болон Их Британийн цэргийн хүчин Афганистанд очих үед тусалж байжээ. Өнгөрсөн долоо хоногт тэд “Талибан” хөдөлгөөнийхний заналхийллээс айгаад Кабул руу явж чадаагүй байна. Бид британичуудад эх оронд маань ирэхэд тусалж байсан. Одоо тэдний туслалцаа бидэнд хэрэгтэй байна хэмээн гэр бүлийн нэгэн гишүүн ярьжээ. Их Британийн албаны хүмүүс афган иргэдэд тусламж үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэв. 

Ташрамд дурдахад, “Талибан” хөдөлгөөн Афганистаныг эзэлснээс хойш Их Британи тус улсаас нийт 16 мянган хүн нүүлгэн шилжүүлжээ. 2001 оноос хойш Их Британи Афганистан руу аялахгүй байхыг зөвлөх болжээ. 2021 оны дөрөвдүгээр сард Их Британийн эрх баригчид британи иргэдийг тус улсыг орхих хэрэгтэй гэж зөвлөж байсан бол наймдугаар сарын 6-ны өдөр бүгдийг нь нэн яаралтай тус улсаас гарахыг уриалжээ.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин