• Эхлэл
  • ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР

ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР

2021/09/21

Улсаасаа баян улстөрчид, аймгаасаа баян Засаг дарга нар олон. Тэгвэл төрөөсөө баян төрийн албан хаагчид цөөнгүй. Нэн ялангуяа яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар яаж цалингаараа "баяждаг" вэ гэсэн эргэлзээ, хардлага, асуулт иргэдийн дунд бий.  Иймээс агентлагийн зарим дарга нарын ХОМ-ийг хүргэж байна.


АГЕНТЛАГ,  ГАЗРЫН ДАРГА НАРААС ХӨРӨНГӨӨРӨӨ ТЭРГҮҮЛСЭН Х.ХЭРЛЭН

Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмалын газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижиж байх жишээтэй.

2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлоггүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land  rover, Range rover зэрэг хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Түүний хувьд бусад агентлаг газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байна. 

Х.Хэрлэн   1993-2000 онд юу хийж байсан нь тодорхойгүй ч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилогдсон нь олны анхаарлыг татаж байв.  Намтрыг цааш үргэлжлүүлвэл  “Монгол шуудан” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ТУЗ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн түүхтэй. Түүнийг Ерөнхийлөгчийн ойрын найз гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. 

Х.ХЭРЛЭНГИЙН ХОМ

Б.АСРАЛТ ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 188 САЯ ТӨГРӨГИЙН АДУУТАЙ

Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт жилийн 26.6 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого  6.5 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Гэхдээ түүний  ХОМ жил дарааллан буурсан байгаа нь анхаарал татаж байна. 2016 онд жилийн 127 сая төгрөгийн орлоготой байсан бол 2017 онд 89 сая, 2018 онд 18 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн түүний гэр бүлийнхэн нь 2017-2019  онд  бараг орлого олдоггүй байсан бол  2020 онд жилийн 6.5 сая төгрөгийн орлоготой болжээ. Тэрбээр тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой.  Land Rover, Range Rover автомашинтай. Эдгээр машинаа 135 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн 188 сая төгрөгөөр үнэлсэн 55 адуутай.Тэр дунд хурдан удмынх нь 15 гэжээ. Мөн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 50.5 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. 

Жилийн 127 сая төгрөгийн орлоготой  атал нэг тэрбумын үнэлгээтэй орон сууцанд амьдарч, Range Rover унаж байгаа нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, тэр орлогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй дарга болохыг ХОМ-ээс нь харчихаж болно. 

"Төгсмонгол трейд"-д 1000 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. Б.Асралт төрийн албанд 18 жил ажиллаж байна.Түүний намтарт бичсэнээр Цэргийн улс төрийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй.  

  • 1982-1986 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид улс төрийн орлогч, ангийн зааварлагч, штабын офицер,
  • 1987 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд зааварлагч,
  • 1987-1990 онд Октябрийн районы  ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,
  • 1990-1991 онд Улаанбаатарын ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч,
  • 1991-2005 онд “НЦБ” компанийн захирал,
  • 2005-2006 онд “Шинэ эргэлт” төрийн бус байгууллагын тэргүүн,
  • 2007-2009 онд Монгол Ардын намын Ёс зүйн хороонд Нарийн бичгийн дарга,
  • 2009-2013 онд Монгол Ардын намын Ёс зүйн хорооны дарга, Хяналтын ерөнхий хорооны дэд даргаар,
  • 2013 оноос Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан юм.  

Б.АСРАЛТЫН ХОМ

ТАТВАРЫН ДАРГЫН ОРЛОГО 18 САЯ ТӨГРӨГӨӨР БАГАСЧЭЭ

2019 онд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын жилийн нийт орлого 64 сая төгрөг байсан бол 2020 онд 18 сая төгрөгөөр багасч 46.4 сая төгрөгт хүрчээ.  Харин  гэр бүлийнхээ  гишүүдийг орлоггүй гэж  мэдүүлсэн байна.  Тэрбээр 395 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Тээврийн хэрэгслийн хувьд 160 сая төгрөгөөр үнэлэгдэх  Land Rover, Land Rover V1 автомашинтай. Дөрвөн сая төгрөгийн үнэд хүрэх 40 хоньтой. 30 сая төгрөгийн хоёр газарта. Үнэт эдлэлгүй гэнэ. Гэхдээ 22.9 сая төгрөгийн хадгаламжтайгаас гадна 600 сая төгрөгийн авлага, 23 саяын зээлтэй юм байна. “Ай Си Трэйд” компанид 1000, “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг.

Мөн л жилийн орлого нь "жижиг" ч хэрэглээ нь том хүн юм. 46.4 сая төгрөгийг жилд олдог, гэр бүл нь орлогогүй  тэрбээр Land Rover, Land Rover V1 машиныг ямар эх үүсвэрээс авсаныг нь АТГ асууж, лавлах ёстой байлтай. Өөрөөр хэлбэл, тансаг зэрэглэлийн авто машин авсан мөнгийг тэр хаанаас олсон бэ гэдгийг.

Түүний ажилласан байдал:

  • 1999-2000 УИХ-ын гишүүний туслах
  • 2002-2005 Өрхийн Амьжиргааг Дэжих Хөтөлбөрийн Газрын мэргэжилтэн, төслийн ажилтан
  • 2008-2009 Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга
  • 2009-2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга
  • 2010-2012 Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга
  • 2012-2015 Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2015-2019 Татварын Ерөнхий Газрын дэд дарга,
  • Татварын Ерөнхий Газрын дарга

Б.ЗАЯАБАЛЫН ХОМ

ЦАГ УУРЫН ДАРГА ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ, АЛЬ НЭГ КОМПАНИД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин 130.4 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд нь   8.4 сая төгрөг. Тэрбээр 210 сая төгрөгийн хоёр орон сууцтай бол  Toyota, Land Cruiser 200 автомашинтай юм байна. Машинаа 70 саяар үнэлжээ. Мөн 1.8 сая төгрөгийн үнэлгээтэй гурван адуутай.Таван сая төгрөгийн 700м2 газар эзэмшдэг. Үнэт эдлэлгүй, 29 сая төгрөгийн хадгаламжтай. Аль нэг компанид хувьцаа эзэмшдэггүй гэж ХОМ-тээ бичсэн байна.

Мөн л авсан цалин эдэлдэг машин хоёрынх нь үнэ асар зөрүүтэй бай жишээний.  Төрийн албаны цалин бага ч орлого өндөр байдгийг цаад нууцыг энэ мэтээс харчихаж болохоор. 

ХАЛАМЖИЙН ДАРГА 10 АДУУ, 11 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАРТАЙ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлийн нийт орлого 12 сая төгрөг. Өмнө нь хоёр жил  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд даргаар ажилласан. 2018 онд жилийн орлого нь 23 сая төгрөг байсан бол 2020 онд 11 сая төгрөгөөр буурсан байна.  Л.Дашдэмбэрэл 180 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 90 саяар үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 автомашинтай. Адуу 10, 11 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. 33.4 сая төгрөгийн хадгаламж, “Хаан Шонхор”,” МАТ трейд” компанид  хувьцаатай. Мөн үнэт эдлэл, урлаг түүхий үнэт зүйл нь 10 сая төгрөг болно.

Жилийн орлого нь 12 сая төгрөг атал, 90 саяар үнэлэгдэх машин унаж, 180 сая төгрөгийн орон сууцанд амьдрах жишээтэй. Энэ мөнгийг  хаанаас гаргасныг эрхэм даргаас тодруулах нь зөв биз ээ. 

Л.ДАШДЭМБЭРЭЛИЙН ХОМ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА МАШИНГҮЙ

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан 37.8 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх  7.2 сая төгрөг. 313.2 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Харин тээврийн хэрэгсэл, мал, үнэт эдлэл байхгүй. Мөн 10 сая төгрөгийн хоёр газар,  267.7 сая төгрөгийн хадгаламжтай.  Эй Ти Инженеринг  компанид 10000 ширхэг , "Эрдэнэс Тавантолгой" компанид  3752ширхэг, Улсын их дэлгүүрийн 149 ширхэг хувьцааг эзэмшдэг.

Бас л орлого нь бага, хэрэглээ нь тансаг дарга. Жилдээ 37.8 сая  төгрөгийн орлоготой атал түүнээсээ арав дахин үнэтэй орон сууцанд амьдарч байх жишээний. 

ТҮҮНИЙ ХОМ

Д.ЗАГДЖАВ 4.2 ТЭРБУМЫН 2 ОРОН СУУЦ, 6 МАШИНТАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Д.Загджавын жилийн орлого 34.2  сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого  24 сая төгрөг. Тэрбээр 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.Түүний хувьд бусад яамдын дарга нараас хавь илүү олон автомашинтай.

Өөрөөр хэлбэл, 460 сая төгрөгөөр үнэлэгдэх  Lexus LX 460- 1, Lexus 570- 1, Infiniti FX35- 1, Lexus LX 450- 1, Lexus 470- 1, Hummer H2 зэрэг зургаан авто машинтай.

130 сая төгрөгийн үнэт эдлэл, 406 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн тэрбээр  "Эрдэнэс ТТ" компанид  4288 ширхэг, Улсын их дэлгүүрийн  299 ширхэг хувьцаа эзэмшдэг.

34.2 сая төгрөгийн жилийн орлоготой дарга 4.2 тэрбумын байранд амьдарч чадаж байгаа "гайхамшгийг" зөвхөн Монголын төрийнхөн л чадна. Хувийн хэвшилд ажилладаг жилийн 34 саяын орлоготой хүн 4.2 тэрбумын байранд амьдрахын тулд бараг 100 жил хоол унд идэхгүй, сохор зоос ч зарцуулахгүй байж ийм мөнгөтэй болж чадах биз.

Түүний товч намтрыг дурдвал:

  • 2000-2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар,
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр, дараагаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2016-2020 онд  Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин