• Эхлэл
  • “Богдын хатан” бурхны оронд мориллоо

“Богдын хатан” бурхны оронд мориллоо

2021/11/02

“Ийм наадам үзэхгүй ээ” хэмээн  тас намжирддаг Богдын хатны дүрээр монголчууд Чойжоо эгчийг маань мэддэг. Амьдрал дээрээ тэр бол намжирдах нь бүү хэл, хол ойрын хүн бүрийг тэр минь энэ минь гэж эвийлсэн, хүний хайлан, олонтой буянтан. Жилийн дөрвөн улирлын эргэлтэнд Чойжоо эгчийнхээр олны хөл тасрахгүй, Монголдоо л нэртэй жүжигчид бүхэн бараг бүгд түүнийг “Чойжоо эгч, Чойжоо ээж” гэж авгайлна. Хамт олон төрөл төрөгсөд гэлтгүй хавийн хүүхдүүдийг ч хэдийнэ тойруулчихсан суудаг сан. Үр хүүхэд, ач гучийнх нь ч найз нар эднийхээр тасрахгүй. Оюутан цагаасаа ижилдэн дассан бидний хэдэн “хүүхдүүд” хичээл тараад л эднийхийг эзэгнэн, Чойжоо ээжийн гарын цайг хүртэж суудаг сан. Гэтэл өнөөдөр...

Тийм л гэрэл гэгээ энэ өдөр нөгөө ертөнцийн дуудлагаар буцах ёстой байсан юм болов уу?  Үр хүүхэд, ач гуч, хайртай хамт олноороо хүрээлүүлэн нар шиг мишээж асан эжий бурхан тэнгэрийн орон руу мордчихлоо. Яалтай ч билээ дээ, хорвоогийн жамыг.

Гэвч та минь гэхбуянтай насыг насалж, ач буянаа түгээж, арилшгүй тод дүрээ үлдээгээд буцсан шүү. Тэнгэрийн оронд тавтай морилоорой. Тээр дээд тэнгэрээс та минь нар шиг мишээж буй биз ээ.

Ум ма, ни бад ми хум.

Монгол Улсын гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн.

Бага, дунд сургууль төгсөөд угаас урлагт дуртай, сэргэлэн охин 1950 оноос аймгийнхаа клубт  дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцдог болсон гэдэг. Ингэсээр 1953 онд Ховд аймагт шилжин ирж аймгийн ХДТ-т жүжигчнээр ажиллаж ажиллах болж,  гавьяат жүжигчин Д.Найдан, С.Мэндээ, найруулагч Ч.Дашзэвэг нартай хамт ажиллаж, Ховдын театрынхан гэсэн нэрэн дор нэгджээ.

Түүний дараагийн хамт олон Хүүхэд Залуучуудын театр.   Соёлын яамны шийдвэрээр 1960 онд Хүүхэд Залуучуудын Театрт томилогдсон тэрээр өндөр насны тэтгэвэрт гартлаа эндээ ажилласан юм. Авьяас тэтгэвэрт гардаггүй ёсоор тэрээр насан туршдаа урлагтаа үнэнч, жүжигчин хэвээрээ, дүр бүтээж, залуучуудаа сурган ажилласаар ирсэн юм .

Уран бүтээлүүд

   

1970 он "Улаан дарцаг" ард

    1979 он "Үүрийн цолмон" Должин

    1981 он "Говь Хянганд тулалдсан нь" Цэвэлмаа

    1983 он "Гарьд магнай" Дондогдулам хатан

    1984 он "Зарлаагүй дайны оршил" Балжир

    1993 он "Бор чоно" Паажий эмгэн

    1993 он "Манай цүндгэр" олны хэсэг

    1994 он "Еэ еэ шар Буд" Будын эмээ

    2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" Ерөөлийн ээж

    2005 он "Зугтаарай" эмээ

    2017 он "Хоёр ертөнц" эмээ

    2017 он "Чингисийн хүүхдүүд" Ханд зэрэг болон "Ус дээшээ урсдаг" ОАК Цэнд эмээ, "Мөрдөгч" ОАК Сүрэн эмээ зэрэг олон кинонд эмээ, ээжийн дүрүүдийг бүтээжээ.

Буянт ээж та, бурхны оронд тайван морилох болтугай.

Ум ма ни бад ми хум


Сэтгэгдэл байхгүй байна