• Эхлэл
  • Европын эцсийн шаардлага

Европын эцсийн шаардлага

2025/05/12

Украин болон Европын дөрвөн орны удирдагч Ням гаригт (2025.05.11) хамтарсан мэдэгдэл гаргаж, Даваа гаригаас эхлэн 30 хоногийн хугацаатай нөхцөлгүй гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрөх шаардлагыг Орос улсад хүргүүлсэн байна. Хэрэв Москва уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол Европын холбоо болон АНУ-ын хамтарсан өргөн хүрээний хориг арга хэмжээг хэрэгжүүлэх болно гэж анхааруулжээ.

Тодруулбал, Их Британи, Франц, Герман болон Польшийн удирдагч нар Киев хотноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцсэний эцэст тулган шаардах бичиг боловсруулсан байна.

АНУ уг бичгийг дэмжих болно гэж удирдагч нар мэдэгдсэн юм. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч "CNN" агентлагт хэлэхдээ, Москва тухайн саналыг хэлэлцэж үзэх болно гэж мэдэгдсэн бөгөөд Орос улс ямар ч дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж онцолсон байна. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй болно.

Европын холбооны дөрвөн удирдагч өмнө нь хэзээ ч хамтдаа Украинд айлчилж байгаагүй юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Бид яг одоо ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр Даваа гаригт эхлэх гал зогсоох хэлэлцээрийг дэмжихээр шийдлээ" гэжээ. Мөн Укрианыг дэмжиж буй сайн дурынхны эвсэл гэх 20 орны удирдагч нар Киевт болсон уулзалтад цахим хэлбэрээр оролцсон байна.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Макрон хэлэхдээ, "Энэхүү гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд бид европ болон Америкийн хамтарсан томоохон хориг арга хэмжээг бэлтгэж, хэрэгжүүлэхээр тохиролцсон" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна АНУ болон Украин өнгөрөгч хоёр долоо хоногийн турш ижил төстэй саналыг дэвшүүлж байсан ч Орос авч хэлэлцээгүй юм.

ҮНЭМЛЭХҮЙ ЭВ НЭГДЭЛ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп "Цагаан ордонд эзэн суусан эхний өдрөө Орос, Украины дайныг дуусгана" гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч түүний төсөөлсөн шиг амархан байсангүй. Гал зогсоох хэлэлцээр сунжирснаас болж дайныг зогсооход гар бие оролцохгүй гэж хүртэл Трамп сүрдүүлсэн удаатай. Түүнчлэн өнгөрсөн сард АНУ болон Украины төрийн тэргүүн нар ам мурийснаас болж Трамп Путины талд орж магадгүй гэж олон нийт эмээж байсан юм. Гэвч Путины олон улсын шаардлагыг үл тоож буйг Трамп сүүлийн үед буруутгах болсон юм.

Их Британийн ерөнхий сайд Стармер хэлэхдээ, "Өнөөгийн бидний байр суурь нь АНУ төдийгүй дэлхийн олон орон нэгдэж буйн илрэл юм. Тэд бүгд 30 хоногийн ямар ч нөхцөлгүй гал зогсоохыг хүсч, санал нэгдэж байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн Киевт уулзсан таван орны удирдагчид Трамптай цахимаар холбогдож, уулзалтын талаар мэдээлэл цаг тухайд нь өгч байсан гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сыбиха мэдэгдэв. Польшийн ерөнхий сайд Дональд Туск уулзалтын талаар хэлэхдээ, "Урт хугацааны дараа анх удаа дэлхий нийтээрээ санал нэгдэж байгаа мэт санагдсан" гэж онцолжээ. Мөн тэрбээр "Жинхэнэ сорилт бидний өмнө, Путины өмнө байгааг мэдэж байна. Бид одоо Оросын хариуг хүлээж байх болно" гэж мэдэгдсэн байна.

ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООХЫН ТУЛД

Макроны мэдэгдсэнээр гал зогсоох хэлэлцээрийг гол төлөв АНУ хянах боловч европчууд туслалцаа үзүүлэх аж. Мөн энх тайвныг цогцлоож, эвлэрлийг дэмжихийн тулд Орос, Украины эрх баригчдыг аль болох түргэн хугацаанд хэлэлцээ хийлгэх арга замыг эрэлхийлнэ гэжээ. Францын ерөнхийлөгч Макрон 2022 оны зургадугаар сараас хойш Киевт айлчлаагүй бөгөөд тухайн үед Итали болон Германы өндөр албан тушаалтнуудын хамт айлчилж байжээ. Украины орон нутгийн хэвлэлийн нийтэлсэн зурагт, Европын удирдагч нар Зеленскийтэй хамт дайнд амиа алдсан цэрэг эрсийг хүндэтгэж, гэрэлт дэнлүү асаасан байна. Германы Канцер Мерцийн хувьд өнгөрөгч долоо хоногт албан ёсоор үүргээ хүлээж авсан төдийгүй Украинд канцлерын хувиар анх удаа айлчилж байна.

Москва хотноо болсон Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гурав хоногийн хугацаатай түр гал зогсоох шийдвэрийг Путин гаргасны дараа Европын удирдагчид Киевт айлчилж буй нь томоохон утга илэрхийлж байна гэж ажиглагчид үзэж буй.

Гэвч нөхцөл байдлыг үл харгалзан талууд гал нээсэн хэвээр байсныг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Зүүн Донецк муж дахь бригадын нүүлгэн шилжүүлэх хэлтсийн дарга Серхий хэлэхдээ, шархадсан хүмүүсийн тоо гал зогсоохоос өмнөх үеийнхтэй адил хэвээр байна гэсэн юм. Тус мужийн нүүлгэн шилжүүлэх түргэний машины жолооч Виктор хэлэхдээ тулалдаан үргэлжилсээр байгаа ч их буу, пуужингийн нөөц багассан болохыг сэтгүүлчдэд онцолжээ. Тэрбээр мөн Орос улс 30 хоног гал зогсоох саналыг хүлээн авч, баримтална гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Тэдэнд итгэж болохгүй, тэд итгэж болох улс биш" гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES, AFP


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна