• Эхлэл
  • ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв

2026/10/18

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, Хуситууд Саудын Арабын нутагт дахин цохилт өгсөн бол Д.Трамп, В.Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөж, Украины зэвсэгт хүчний ашигладаг "Starlink" сүлжээний ажиллагаа хязгаарлагдсан талаар мэдээлжээ. Мөн ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө өсгөв. Ингээд энэ оны 42 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад үйл явдлыг тоймлон хүргэе.

 

"Saudi Aramco" компанийн төв байр хуситуудын цохилтод өртжээ

Иранаас дэмжлэгтэй Йемений хусит босогчид Саудын Арабын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгчээ. Саудын Арабын нисэх онгоцны буудлуудад өгсөн цохилтын улмаас наад зах нь 17 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархдаж бэртжээ. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн дунд Эр-Риядаас Исламын шашны хамгийн ариун газруудад хүрэх гол гарц болох Жидда хот руу нисэх гэж байсан мөргөлчид байжээ. Хуситууд мөн Саудын Арабын төрийн өмчит "Saudi Aramco" газрын тосны компанийн төв байранд цохилт өгсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хуситуудыг Конгрессын завсрын сонгуулийн өмнө газрын тосны үнийг "зориудаар" өсгөхийг оролдож байна хэмээн буруутгажээ.

 

Ормузын хоолойд чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан Сингапурын төрийн далбаатай чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц пуужингийн цохилтод өртөж, живжээ. Сүүлийн үед уг бүс нутагт хөлөг онгоцнууд руу халдах тохиолдол улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, аравдугаар сарын 1-нээс хойш наад зах нь 23 удаагийн халдлага бүртгэгдсэн нь дайн эхэлсэн эхний хоёр долоо хоногийнхтой харьцуулахад зургаагаар олон байна.

 

Д.Трамп, В.Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв

ОХУ-аас АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн Дональд Трампын тохиролцоо ихээхэн шүүмжлэл дагуулж, Бүгд найрамдах намын зарим гишүүн эсэргүүцээд байна. Д.Трамп Конгрессын завсрын сонгуулийн өмнө дизель түлшний үнийг бууруулахыг ихэд хүсэж байгаа боловч уг тохиролцоо үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дээрх тохиролцоог “сул дорой шийдвэр” гэж шүүмжилсний дараа Д.Трамп украинчууд “шинэ удирдагчтай болох хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн АНУ-ын Сенатын танхим дахь хоёр намын хэсэг бүлэг гишүүд эл тохиролцоо нь хуульд нийцэж буй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, Конгресс Оросоос эрчим хүчний эх үүсвэрүүд импортлохыг 2022 онд хориглосон болохыг Д.Трампад сануулжээ. 

 

Украинд Starlink-ийн сүлжээ хязгаарлагджээ

Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд дахин агаараас цохилт өгч, Киев хотын ойролцоох эрчим хүчний байгууламжийг бөмбөгджээ. Уг цохилтын үеэр мөн орон сууцны барилга өртсөн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хийсэн зарим цохилтын талаар урьдчилан сэрэмжлүүлэг аваагүй гэдгээ мэдэгдээд, АНУ тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсоосон байж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Харин Дональд Трамп үүнийг үгүйсгэсэн байна. Үүнээс гадна, Украины тал цэргийн ажиллагаанд нь чухал үүрэг гүйцэтгэж буй "Starlink" хиймэл дагуулын сүлжээний ашиглалтад хязгаарлалт үүссэн талаар мэдээлжээ.

 

Хар тэнгист хоёр хөлөг онгоц сүйрсэнд Оросыг буруутгав

Болгарын Ерөнхий сайд Румен Радев Хар тэнгист ачаа тээврийн хоёр хөлөг онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Оросын тал холбоотой байх магадлалтай гэж мэдэгджээ. Хөлөг онгоцнуудын нэг нь живсний улмаас 11 далайчин сураггүй алга болсон байна. Оросын тал Украины үр тарианы экспортыг зогсоохыг оролдож байгаа бол үүний хариуд Украин Оросын хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор ашигладаг “сүүдрийн флотын” хөлөг онгоцнууд руу дроноор довтолж байгаа аж.

 

Туркийн эрх баригчид сөрөг хүчний телевизийг удирдах төлөөлөгч томилов

Туркийн эрх баригчид сөрөг хүчнийг дэмжигч “Halk TV” телевизийн байранд нэгжлэг хийснийхээ дараа үйл ажиллагааг нь удирдуулахаар төрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилжээ.

Прокурорууд тус телевизийн ТУЗ-ийн даргыг санхүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна. Харин Засгийн газрыг эсэргүүцэгчид уг мөрдөн шалгах ажиллагаа нь эрх баригчдыг шүүмжилсэн дуу хоолойг дарах гэсэн ээлжит оролдлого хэмээн үзэж байна.

 

Сомали гаралтай, зүүний үзэл баримтлалтай Конгрессын гишүүн гэрт нэгжлэг хийв

АНУ-ын Миннесота муж улсаас сонгогдсон, Сомали гаралтай, зүүний үзэл баримтлалтай Конгрессын гишүүн эмэгтэй Илхан Омарын гэрт холбооны хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэгжлэг хийжээ.

АНУ-ын Хууль зүйн яам уг нэгжлэгийг үргэлжилж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд явуулсан гэж мэдэгдсэн байна. Харин хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ нь Илхан Омарын цагаачлалын статустай холбоотой шалгалт аж.

Дахин сонгогдохын төлөөх кампанит ажлынх нь үеэр ийм явдал болсныг И.Омар “улс төрийн зорилготой айлган сүрдүүлэлт” хэмээн мэдэгдсэн байна.

 

Их Британи, Израилын газрын тосны төслийг Аргентин шүүхэд өгөв

Аргентин улс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Их Британийн эзэмшлийн Фолклендийн арлууд орчимд хэрэгжүүлж буй Британи, Израилын хамтарсан газрын тосны төслийн эсрэг гомдол гаргажээ.

Аргентины тал нэхэмжлэлээ Далайн эрх зүйн олон улсын шүүхэд гаргасан байна. Харин төсөлд оролцож буй компаниуд Их Британийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл авсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгджээ.

 

Хятад, Умард Солонгосыг холбосон гүүрийг нээлээ

Ялу мөрний дээгүүрх шинэ гүүрийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Уг гүүр нь Хятадын Дандун хотыг Умард Солонгосын Синуйжү хоттой холбож байгаа юм. Авто замын энэхүү гарцыг арав гаруй жилийн өмнө нээхээр төлөвлөж байсан боловч хоёр орны харилцаа хөндийрсөн болон КОВИД-19 цар тахлын улмаас Умардын Солонгосын талд барилгын ажил зогсож, ийнхүү хойшлоод байжээ.

 

 

Орос, Японы харилцаа дахин муудлаа

Орост Японы сэтгүүлч Юки Имайг тагнуул хийсэн гэж буруутган баривчилсны дараа хоёр улсын харилцаа дахин муудлаа. Юки Имайг Японоос хойш орших Оросын Алс Дорнодын Сахалин мужид саатуулсан байна. Улмаар Москва руу хүргэж, 12 дугаар сард шүүх хурал нь эхлэх хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг Оросын хяналтад байдаг ч Япон улс өөрийн нутаг дэвсгэр хэмээн үздэг Курилийн арлууд дахь Оросын цэргийн чадавхтай холбоотой нууц мэдээлэл цуглуулсан гэж буруутгасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сард тус арлуудад айлчилсан нь Японы дургүйцлийг ихээхэн төрүүлээд байсан юм.

 

Z үеийнхэн Энэтхэгийн Сонгуулийн комиссын даргыг огцруулахыг шаардаж байна

Энэтхэгийн "Cockroach Janta" намын хоёр удирдагчийг Дели хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр зөвшөөрөлгүй бүсэд нэвтэрсэн хэргээр тав хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргажээ. Залуусын Z үеийнхний үүсгэсэн уг хөдөлгөөн нь Сонгуулийн ерөнхий комиссын даргыг огцруулахыг шаардаж байгаа бөгөөд тус комиссыг эрх баригч "Bharatiya Janatа" (BJP) намд давуу байдал олгох зорилгоор сонгогчдын жагсаалтад хууль бус өөрчлөлт оруулсан гэж буруутгаж байна. Тус улсын сөрөг хүчний улстөрчид баривчилгааг эрс буруушаажээ.

 

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өсгөв

Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх Олон улсын валютын сангийн (ОУВС) хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засаг хэд хэдэн удаагийн цочролыг тэсвэрлэж чаджээ. Тус сан дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) энэ онд 3.1 хувиар өснө гэж таамагласан нь өнгөрсөн долоодугаар сарын төсөөллөөс үл ялиг өсгөсөн байна. Мөн эдийн засгийн цочролыг даван туулахын тулд төсвийн нөөц боломжийг ашиглаж байгаагаас шалтгаалан хөгжилтэй орнуудад зээлийн өртөг эрс нэмэгдсэнийг онцолжээ. “Төсвийн бодлогыг хязгаартай, хянамгай хэрэгжүүлэх шаардлагатай” гэж тайланд дурдсан байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газруудын зээлийн хэмжээ нэмэгдсэн нь бондын зах зээл дээр борлуулалтыг эрчимжүүлж, бондын үнэ буурахад нөлөөлжээ. Харин тус сан Саудын Арабын ДНБ-ий өсөлтийн төсөөллийг 5 нэгж хувиар бууруулжээ. Тус улсын эдийн засгийг энэ онд 3.3 хувиар агшина гэж тооцоолсон нь ажиглагчдын анхаарлыг татлаа.

 

АНУ-ын инфляц есдүгээр сард 3.7 хувьд хүрч өслөө

Шатахууны үнэ эргэн өссөний улмаас АНУ-ын жилийн инфляцын түвшин есдүгээр сард 3.7 хувьд хүрч, өнгөрсөн наймдугаар сарын 3.4 хувиас дээшилжээ. Түүнчлэн Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш байгалийн хийн фьючерс үнэ огцом өсөж, мегаватт/цаг нь 87 еврогоос (97 ам.доллар) даван арилжаалагдаж байгаа тул Европын орнуудад мөн эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

 

Хятадын экспортын өсөлт шинжээчдийн таамгаас давав

Хятадын экспортын өсөлт есдүгээр сард эрчимтэй үргэлжилж, гадаад зах зээлд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүн өмнөх оны мөн үеийнхээс 36 хувиар өссөн нь ихэнх шинжээчийн таамгаас давсан үзүүлэлт болов. Тус улсын АНУ руу хийсэн экспорт 40 шахам хувиар нэмэгдсэн байна. 2026 оны эхний есөн сарын байдлаар Хятадын гадаад худалдааны тэнцэл 938 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онд тогтоосон 1.2 их наяд ам.долларын дээд амжилтыг давах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Хятад улс Европын Холбооноос хос хөдөлгүүртэй автомашинд ногдуулах тарифын арга хэмжээнээс сэргийлэх зорилгоор тус зах зээлд нийлүүлэх ийм төрлийн автомашины экспортоо хязгаарлана.

 

KOSPI индекс унаж, арилжааг түр зогсоов

Технологийн компаниудын хувьцааг олноор нь арилжсанаас үүдэн Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох “KOSPI” огцом унаж, энэ онд 10 дахь удаагаа арилжааг түр зогсоов. Ийнхүү зах зээл савалгаатай байгаа хэдий ч дэлхийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчдыг үйлдвэрлэдэг “TSMC” компани улирлынх нь ашиг жилийн өмнөхөөс 69 хувиар өсөж, 23.6 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн бөгөөд энэ улиралд ч мөн ашигтай ажиллана гэж таамаглалаа. Харин “ASML” компани хиймэл оюуны системд зориулсан хүчин чадал ихтэй чип үйлдвэрлэхэд ашигладаг хэт ягаан туяаны литографийн төхөөрөмжийн захиалга нь хэдийн 2029, 2030 он хүртэл дүүрсэн тул үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

 

Хиймэл оюуны агентууд дахин хяналтаас гарчээ 

Хиймэл оюуны жижиг хэмжээний загварууд интернэтэд холбогдсон зурагт, шарах шүүгээ зэрэг ухаалаг гэр ахуйн хэрэгслүүдэд нэвтрэх чадвартай болоход “хэдхэн сарын хугацаа үлдсэн байж магадгүй” гэж “Anthropic” компани анхаарууллаа. Ийм төрлийн халдлагыг “зогсооход маш хүндрэлтэй” байх болно гэж тус компани мэдэгдсэн байна. Түүнчлэн хиймэл оюуны загварууд төхөөрөмжүүдийн ажиллах зарчмыг өөрсдөө “бие даан олж мэддэг” болно гэж мэдэгдсэн байна. Гэхдээ зарим шинжээч “Anthropic”-ийн энэхүү дүгнэлтийг хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм. Тус компани мөн хиймэл оюуны агентууд нь төрийн байгууллагуудын цахим хуудсанд нэвтэрсэн талаар мэдээлжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, тэдгээр агентууд АНУ-ын Төрийн департаментын визийн маягтыг бөглөж, Филадельфийн цагдаагийн газарт хүн амины хэргийн талаар худал мэдээлэл өгсөн байна.

 

Хакерууд Францын супермаркетуудын системд нэвтэрчээ

Францын супермаркетууд цахим халдлагад өртлөө. Хакерууд Хакерууд хөргөгчийн температурын тохиргоонд нэвтэрч нэмэгдүүлсний улмаас хүнсний бүтээгдэхүүн гэсэж, тоног төхөөрөмж эвдэрсэн байна. “Carrefour”, “Coopérative U” зэрэг супермаркетууд уг халдлагад өртжээ.

Супермаркетууд халаалт, хөргөлтийн системийг инженерүүд интернэтээр дамжуулан алсаас удирдах боломжтой байхаар зохион байгуулдаг байна. Хакерууд хуучирсан программ хангамжийн алдааг ашиглан системд нэвтэрсэн гэж үзэж байна. 

 

“SpaceX”-ийн шийдвэр АНУ-ын үүрэн холбооны компаниудын хувьцааны ханшид нөлөөлжээ

“SpaceX” компани үүрэн холбооны хамрах хүрээг хангахад ашигладаг нам давтамжийн спектрийн радио долгионы зурваст ажиллах хэд хэдэн тусгай зөвшөөрөл худалдан авснаа зарласны дараа АНУ-ын “Verizon”, “T-Mobile” зэрэг томоохон үүрэн холбооны оператор компаниудын хувьцааны ханш огцом унажээ. “SpaceX” компани хэрэглэгчдэд үүрэн холбооны үйлчилгээг шууд санал болгох зах зээлд өрсөлдөх сонирхолтой байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.

 

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд:

 

Аравдугаар сарын 19-нд

  • Канадын Альберта мужид тус мужийг Канадын бүрэлдэхүүнээс гаргах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах эрх зүйн үйл явцыг эхлүүлэх тухай санал асуулга болно.
  • Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын Конвенцод оролцогч талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17) Арменийн нийслэл Ереван хотод эхэлнэ.
  • Дэлхийн хүүхдийн яс, үе мөчний эрүүл мэндийн өдөр тохионо. Энэхүү өдрийг хүүхэд багачуудын дундах тулгуур эрхтний эмгэг, яс, үе мөчний өвчлөлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах зорилгоор тэмдэглэдэг.
  • Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэнэ. 
  • Азийн пара наадам Японы Айчи мужид үргэлжилнэ.
 
 
Аравдугаар сарын 19-25-нд
  • Үг хэлэх эрх чөлөөний долоо хоног 
  • Эрүүл мэндийн боловсролын дэлхийн долоо хоног
 
Аравдугаар сарын 22-24-нд
  • Бельгийн Брюссель хотод физикийн салбарын 30 дахь удаагийн Сольвейн их хурал “Таталцлын долгион: Сансар судлалаас хар нүх хүртэл” сэдвийн дор болно.
  • Нидерландын Роттердам хотод Спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.
 
Аравдугаар сарын 24-нд
  • Хүүхдийн “Eurovision” дууны тэмцээн 24 дэх удаагаа Мальта улсын Та-Кали хотод болно.
 
Аравдугаар сарын 25-нд
  • Болгарын Ерөнхийлөгчийн сонгууль болно.
  • Сербид парламентын сонгууль болно.
  • Бразилд бүх нийтийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болно.

Сэтгэгдэл байхгүй байна