Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 12-13-нд болох тус чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж буй. Чуулга уулзалтад 23 орны парламентын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ үеэр парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцах юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт чуулга уулзалтыг нээж хэлэхдээ, “Өнөөдөр дэлхийн парламентын суудлын 27 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч парламентын дарга нарын ердөө 20 хувь орчим нь эмэгтэйчүүд байна. Энэ нь эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах бодит эрх мэдэл, нөлөөлөл тэр хэмжээнд хараахан хүрээгүй байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зорилгодоо хүрэхэд бүрэн хангалттай биш. Харин тэдний мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал юм. Өнөөдөр Монголын эмэгтэй парламентчид хүүхдийн эрх, гэр бүлийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин зэрэг нийгмийн амин чухал асуудлаар манлайлж байна. Тухайлбал, бид Гэр бүлийн тухай хуулиа 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг баталгаажуулан бэхжүүллээ.
Энэ бол төлөөлөл бодит нөлөөлөл болж буйн нэг жишээ. Учир нь парламентын баталсан хууль бүрийн цаана хүн бүрийн амьдрал бий. Хууль сайн байх эсэхийг баталсан хуулийн тоогоор бус хамгаалж чадсан хүний эрх, өөрчилж чадсан өөдрөг сайхан амьдралаар хэмжих ёстой” хэмээн тодотгов.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж сонсгов. Илгээлтэд, “Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад тэгш эрхтэй оролцох үед институцүүд илүү хүртээмжтэй бодлого хэрэгжүүлж, илүү хариуцлагатай болж, нийгэм илүү уян хатан болдог.
Монгол Улс одоогоос 100 гаруй жилийн тэртээ баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй эмэгтэй хүн бүр эрх тэгш хэмээн үзэж эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхны улс болсон билээ. Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд, салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж бүс нутагтаа манлайлал үзүүлэхийг зорьж байна.
Монгол Улсын 1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан УИХ-ын 76 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол 2024 оны сонгуулиар парламентын 126 гишүүн дотор 32 эмэгтэй сонгогдож нийт гишүүдийн 25 хувийг эзэлдэг болсон нь манай улсын түүхэн дээд үзүүлэлт юм” хэмээн онцлов.

Хорват Улсын парламентын дэд дарга С.Гласовак нээлтийн үеэр хэлэхдээ, "Өнөөдөр дэлхийн улс орнуудын үндэсний парламентуудын гишүүний 27,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Зөвхөн 28 улсад эмэгтэйчүүд төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Африкийн эртний нэгэн зүйр үг байдаг. “Эрэгтэй хүнийг сургавал нэг хүнийг боловсролтой болгоно. Харин эмэгтэй хүнийг сургавал нэг үндэстнийг боловсролтой болгоно” гэсэн үг бий. Боловсрол маш чухал. Гэвч олон охид боловсрол эзэмших боломжгүй хэвээр байна.
Охид нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцсоноор нэгэн өдөр нийгмийн удирдах боломжтой болох юм. Бидний туршлага, үзэл бодол боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засаг, аюулгүй байдал, энх тайван, нийгмийн шударга ёсны асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр туршлага шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг болсон үед ардчилал илүү төгөлдөр болдог. Бидний бие биедээ өгч чадах хамгийн том давуу талуудын нэг бол эв санааны нэгдэл юм. Нэг эмэгтэйн амжилтыг онцгой тохиолдол гэж үзэх ёсгүй. Харин дараагийн эмэгтэйд амжилтад хүрэх замыг илүү хялбар болгох ёстой" хэмээлээ.
Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй цуврал ажлын үргэлжлэл юм. Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болсон юм.



Сэтгэгдэл байхгүй байна